2022-2023 оны хичээлийн жилд Баруун-Урт сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль 42 бүлэгт 94 багш, 1277 суралцагчтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа эхлүүллээ. Тус сургууль энэ хичээлийн жилд хүүхэд нэг бүрийг секц дугуйланд хамруулж, давхардсан тоогоор 4000 сурагчийг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамруулахыг зорилго болгожээ. Мөн тус сургууль энэ жил шинэ залуу 10 боловсон хүчнээр эгнээгээ тэлжээ. Хичээлийн шинэ жилийн нээлтэд шинэ багш нараараа гоёсон хоёрдугаар сургуулийн багш сурагчид, мөн аймаг сумын удирдлагууд оролцож өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ хэлэлцэв.
Сургуулийн захирал С.Батчулуун нээлтийн үгэндээ, өнгөрсөн түүхийг ахмад багш нар бүтээж, үргэлжлэлийг өнөөдрийн залуу үе үүрч, ирээдүйг сурагчид бүтээж гэрэлтүүлэх болно. Энэ утгаараа багш нар маань ирээдүйг бүтээх эрхэм үүрэгтэй хүмүүс юм. Тиймээс нийт багш нартаа амжилт хүсье. Өнгөрсөн хичээлийн жилд бид сургуулийн менежментийг сайжруулахад анхаарч, сурагч нэг бүрийн хөгжлийн төлөө онцгойлон анхаарч ажиллан өндөр үр дүнг гаргасан. Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд олон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, үүнд давхарсан тоогоор 3500 орчим сурагч хамрагдсан байна.
2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад математик, физик, англи хэлний хичээлээр хамгийн өндөр дүнтэй шалгуулж, нийлбэр дүнгээрээ эхний гуравт шалгарчээ. ЭЕШ-ын чанараа тогтмол ахиулж, аймагтаа сүүлийн 5 жил эхний гуравт шалгарч байгаа энэ түүхэн амжилтаа бататгах, ахиулах зорилгыг хичээлийн шинэ жилдээ тавин ажиллана. Монгол Улсын шилдэг хувийн сургуулиудын нэг Шинэ монгол ахлах сургуультай хамтран ажиллаж, олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сургуулийн дотоод зохион байгуулалт, удирдлагын аргазүй , сургуулийн соёл, сурагчдын хандлага төлөвшил, багш нарын хамтын ажиллагаа хичээлээс гадуурх үйл ажиллагаанд эрс өөрчлөлт шинэлэл хийгдэж сургуулийн шинэ өнгө төрхийг бүрдүүлж байгаа нь олны талархлыг хүлээж байгаа. Цаашид энэхүү туршлагаа Мөнххаан, Эрдэнэцагаан сумдын сургуультай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэв. Мөн тэрээр хичээлээс гадуурх үйл ажиллагааны идэвхийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулж, үр дүнд хүрэхийн тул эцэг эхчүүдтэйгээ нягт хамтран дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.