
Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газрын 79.8 хувь буюу 468,965.7 га талбайг хамарсан түймрийг аравдугаар сарын 8-наас 16-ныг хүртэл найман хоног тэмцсэний эцэст унтраажээ. Бараг 470 мянган га газар шатсан нь зөвхөн өвс ургамлын хохирол бус, хөрс, ан амьтдын амьдрах орчин, байгалийн унаган төрхөд учирсан томоохон гарз юм. Харин экосистемийг нөхөн сэргээхэд хэдий хугацаа, ямар хэмжээний хөрөнгө шаардлагатай нь одоогоор тодорхойгүй байна.
Түймэр “Мобиком” корпорацийн удирдлагуудын зорчиж явсан “Ниссан Патрол” автомашинд гал гарснаас эхэлсэн гэх мэдээлэл бий. Тухайн үед гүйцэтгэх захирал Ясүхиро Очи, бизнес хариуцсан дэд захирал Б.Мөнхзориг болон бусад албан тушаалтан тус бүсэд зорчиж явжээ. Компани хилийн заставуудын харилцаа холбооны сүлжээний ажилтай холбоотойгоор зорчиж байсан бөгөөд хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авсан гэж тайлбарласан. Гэвч хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл нь дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг бүрэн хангасны баталгаа биш. Тэд ямар маршрутаар зорчсон, тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх зөвшөөрөлтэй байсан эсэх, галын аюулгүй байдлын шаардлагыг мөрдсөн эсэхийг тодруулах шаардлагатай.
Түймрийг унтраахад Монголын онцгой байдлын алба хаагчид, хилийн цэргийн бие бүрэлдэхүүн, орон нутгийн иргэд оролцож, БНХАУ-ын талаас 58 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр дэмжлэг үзүүлжээ. Мөн УИХ-ын гишүүн У.Отгонбаяр аравдугаар сарын 6-нд “Мобиком”-ын удирдлагуудтай хамт Сүмбэрийн боомтын шилэн кабелийн нээлтэд оролцсон ч түймэр гарсан өдөр Улаанбаатарт байсан гэж тайлбарласан байна. Хил хамгаалах ерөнхий газар ч түүнийг түймэр гарах үед тухайн газарт байгаагүй гэж мэдээлжээ.
Аравдугаар сарын 15-нд “Мобиком”-ын гүйцэтгэх захирал Ясүхиро Очи уучлал хүсэж, шалгалтад хамтран ажиллан, хуульд заасан журмын дагуу хохирлыг барагдуулах арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Засгийн газар аравдугаар сарын 21-нд түймрийн шалтгаан, хохирлыг тогтоох, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулах, гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх чиглэл өгсөн талаар мэдээлжээ.
Холбогдох хууль тогтоомжийн дагуу буруутай этгээд тогтоогдвол байгаль орчинд учирсан хохирол болон хуульд заасан бусад зардлыг нөхөн төлүүлэх, зөрчилд хариуцлага тооцох асуудал яригдана. Гэвч мөнгөн нөхөн төлбөр нь шатсан экосистемийг шууд сэргээхгүй. Хөрс, ургамал, амьтдын амьдрах орчны хохирлыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлж, нөхөн сэргээлтийн хугацаа, төсөв, хэрэгжүүлэх ажлыг тодорхой болгох шаардлагатай.
470 мянган га газар шатсан байхад уучлал хүссэн мэдэгдлээр асуудал дуусах ёсгүй. Автомашин юунаас болж шатсан, хэн ямар зөвшөөрөл олгосон, хамгаалалтын хяналт хэрхэн хэрэгжсэн, байгальд учирсан хохирлыг хэн хариуцахыг олон нийтэд ил тод мэдээлэх учиртай. Нөмрөгийн дархан цаазат газрын байгалийн унаган төрхийг сэргээх нь урт хугацааны ажил. Тиймээс энэ хэргийн гол асуудал нь зөвхөн буруутныг тогтоох бус, сүйдсэн байгалийг бодитоор нөхөн сэргээх нь гол ажил юм.
П.Самдан
www.BOLOD.mn
www.BOLOD.mn





