Энэ хичээлийн жилд Баянхонгор аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 33 сургуульд 18882 сурагч, Сургуулийн өмнөх боловсролын 43 цэцэрлэгт 529 хүүхэд сурч хүмүүжнэ. Түүнээс гадна Политеxникийн коллеж, Өлзийт МСҮТ, ХҮДС зэрэг сургуулиуд үйл ажиллагаа явуулна.
Өнөөдөр аймгийн хэмжээний бүх сургууль цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, суралцагчдаа хүлээн авч байна.
Баянхонгор аймгийн ууган сургууль буюу 98 жилийн түүхтэй "Номун далай" цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан оролцож, багш сурагчдад өндөр амжилт хүслээ. Тэрээр, "Буурал түүхт сургууль орчин үеийн стандартад нийцсэн хичээлийн шинэ байртай болж, хүүхэд багачууд эрүүл таатай орчинд сурч хүмүүжиж байна. Тун удахгүй хуучин сургуулийн буурин дээр олон улсын жишиг бүхий спорт талбайг байгуулна" гэдгийг нээлийн үеэр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.
Мөн энэ өдөр, "Бид хүүхэд залуучууддаа өндөр боловсрол эзэмшүүлэх, багш нарынхаа сургалтын технологийг сайжруулах, тэднийг ажлын байранд нь хөгжүүлэх, боловсролын байгууллагуудын менежментийг сайжруулах, захирал, эрхлэгч удирдах ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх, эцэг эхчүүд, хувь хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлийн болон олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх замаар боловсролын чанарыг ахиулахын төлөө хичээн ажиллах болно" гэдгээ аймгийн БШУГ-ын дарга Ж.Алтанцэцэг хэлж байна.