Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хонгор нутгийн хосгүй шидэт рашаанууд

Амралт зугаалгын улирал эхэлж, хот хөдөөгүй дотоодын аялал жуулчлалын маршрутаа гаргаж байгаа энэ цаг үед Хонгор нутгийн эмчилгээний шидээр гайхагдсан рашаануудыг танилцуулж байна. 95 хэм хүрдэг халуунтай Шаргалжуутын рашаан болон Өхэг, Хүрэмт, Халиут, Өргөөтийн рашааны талаарх мэдээллийг хүргэе.

Хүний биеийн эрхтнүүдийг зориуд урлан тавьсан мэт хэлбэр дүрстэй хад чулуун
дундаас оргилон гарах Шаргалжуутын рашаан

Шаргалжуут рашаан сувилал нь байгалийн эмчилгээний хүчин зүйлийн хамгийн том орд болох Шаргалжуутын бүлэг рашааныг түшиглэн байгуулсан аялал жуулчлал, сувиллын цогцолбор газар юм. Халуун рашаан нь байгалийн өвөрмөц сонин тогтоц, анагааж эмчлэх чадвараараа дэлхийд хосгүй рашааны нэгд тооцогддог бөгөөд Шаргалжуутын рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн түвшнөөс дээш 1500 метрт Улаанбаатар хотоос 650 орчим километр, Баянхонгор аймгийн төвөөс 60 км зайтай оршдог.
Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах халууны хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай 100 гаруй булаг рашаан ундаргаас бүрддэг. Энэхүү рашаан нь геотехникийн идэвхжлийн дулааны үйлдэлтэй холбоотойгоор, гүний усны хөдөлгөөн, хүчтэй даралт, халуун хүйтний орчинд тогтож боржин чулууны ан цаваар ундарч буй байгалийн нэгэн унаган төрхийг бодит байдлаар харуулсан өвөрмөц тогтоцтой юм.
Шаргалжуутын рашаан бүр нь хүний биеийн эрхтнүүдийг зориуд урлан тавьсан мэт хэлбэр дүрстэй хад чулуун дундаас оргилон гардаг нь үнэхээрийн гайхамшигтай. Тухайлбал, хоолойн өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг юм.
Шаргалжуут рашаан сувилалд рашаан эмнэлэг, нөхөн сэргээх эмнэлэг зэрэг эмчилгээ сувилгааны иж бүрэн үйлчилгээтэй эмнэлэг, амрагч сувилуулагчдыг хүлээн авах өвөл, зуны байр, эко буудал, зоогийн газар, ресторан, амралт чөлөөт цагийн үйл ажиллагаа зохион байгуулах спортын талбай, диско клуб, караоке баар, рашаан амралтын талбай, жуулчны бааз зэрэг байдаг. Шаргалжуут рашаан сувилал нь жилийн дөрвөн улирал тасралтгүй ажилладаг.
Шаргалжуутын рашаан арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлэх тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд тохиромжтой. Халууны хэмжээ их, сул эрдэсжилттэй рашааны онцлог нь биеийн дулааныг дээшлүүлж, үрэвслийг түргэн илааршуулах, үе, булчин, ясны зэрэг архаг өвчнийг засахад илүү тохиромжтой байдаг байна. Харин тархи судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндрэлтэй явцтай, шок болон зүрхний хүнд шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэх өвчний II Б, түүнээс дээд шат, зүрхний байнгын хүнд хэлбэрийн илрэлийн үед тус рашааныг хэрэглэх нь зохимжгүй ажээ. 
“Шаргалжуут” хэмээх нэрийн учир: Манжийн дарлалын үед элч нар Ховд, Улиастай ороод буцах замдаа “Их гол” хэмээх голыг гаталдаг байж. Нэг удаа Манжийн яаралтай чухал мэдээ авч явсан буухиа элчийг ирэхэд “Их гол”-ын ус улаанаар эргэлдэн хөөсөрч байжээ. Үүнээс болж Манжууд уг голыг “Шар галзуу гол” хэмээн нэрлэх болсон аж. Тэгээд элч нар аар саархан юманд саатсан ч “Шар галзуутын гол” үерлээд хэмээн шалтаг тоочдог болж, алба саатуулсан хэмээх ял шийтгэлгүй өнгөрдөг байсан байна. Нутгийхан голынхоо нэрийг муухайгаар дуудахгүйн тулд “Шаргалжуут” хэмээн зөөллөн нэрлэх болсон байна. 

Өвөл нь бүлээн, зун нь хүйтэн байх Нарийны рашаан
Баянхонгорын рашаануудаас хамгийн сонирхолтой нь Гурванбулаг сумын нутагт оршдог Нарийны рашаан юм. Энд жилийн дөрвөн улиралд усанд нь амьдардаг болжмор, оготно байдаг. Тэр байтугай зарим өвөл ялаа хүртэл амьд өвөлждөг байна. Яг тэр үедээ энэхүү рашаан ямар ч өвчнийг анагаах увидастай болдог хэмээн нутгийн хүмүүс ярьдаг аж.
Нарийны рашаан гурван хошуунаас салаалан урсах бөгөөд толгой, чих, хамар, ходоод, нүд, шүд, бөөрний гэх мэтээр ангилан хэрэглэсээр иржээ. Энэхүү рашааны бас нэг гайхалтай чанар нь зун хүйтэн байдаг атлаа өвөл нь бүлээсдэг аж.
Рашаантай холбоотой домог мэт яригддаг сониноос дурдахад, 1964 онд Хөвсгөл аймгийн харъяат нэгэн хэлгүй хүн рашаанаас ууж овоонд нь мөргөж байтал тушаатай морь нь дэгдээд явахад мориныхоо араас уулга алдан хашгиртал хэл орчихсон байсан гэнэ.
Дотор эрхтний өвчнийг анагаагч Өхэгийн рашаан

Ходоод, чих, хамар, хоолой, бөөр, ядаргаа, үе мөчний өвчнийг анагаадаг Өхэгийн халуун рашаан тус аймгийн Галуут сумын нутагт байдаг. Өхэгийн рашаан сувиллын газар нь Улаанбаатар хотоос 740 км, Баянхонгор аймгаас 110 км, Галуут сумын төвөөс 27 км зайд байрладаг байна.
Амралтын газрыг Өхэгийн рашааныг түшиглэн байгуулж, 22 өрөө, 55 ортой нэг ээлжиндээ 50-60 хүн хүлээн авах хүчин чадалтай. Амралтын газар нь эргэн тойрондоо уул ус, бүхий л төрлийн ховор эмийн ургамал, байгалийн өвөрмөц тогтоц бүхий дурсгалт газруудтай. Уг рашаан нь галт уулын тагтийг хөрч царцах явцад бий болж газрын гүнээс хөрсний гадаргуу дээр гарч ирэх хүртэл төрөл бүрийн чулуулгын ан цав жижиг нүх сүвээр дээшлэн олон төрлийн эрдэслэг бодис агуулсан анагаах хосгүй чанартай 20 гаруй төрлийн халуун, хүйтэн рашаантай. Рашааны халуун нь 38с-78с хэм.
Рашааны найрлагад кали, натри, сульфат, гидрокарбинат, хүхэр, устөрөгч, кальци, магни зэрэг 10 гаруй химийн элементүүдтэй. Рашааныг ходоод, элэг, цөс, уушиг, зүрхний өвчинд хүртдэг. Мөн нүд, бүх төрлийн харшил, үе мөчний өвчин, арьсны харшилд бигнэж тавьдаг улаан, шар, ногоон замагтай.
Домог: Эрт дээр үед нэг анчин ан хийж яваад нэгэн гөрөөсийг цээжээр нь буудаж шархдуулжээ. Шархадсан гөрөөс цусаа савируулж явсаар Тунсаг хайрханы ар хормойгоос урсан гарсан олон булгийн нэгнээс уугаад шархаа эдгээчихээд яваад өгчээ. Үүнийг харсан анчин тэр халуун булгууд анагаах чадалтай рашаан юм байна гэдгийг мэдсэн ажээ.
Хоолой , нүд, үе мөчний өвчнийг илааршуулдаг Өргөөтийн рашаан
Баянхонгор аймагт Бүрэн хайрхан, Доной, Өлтийн нуураар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт тогтоцтой Өргөөтийн рашаан гэж бий. 
Өргөөтийн рашаан нь Баянхонгор аймгаас 75 км, Галуут сумаас 35 км зайд Мандал бригадын нутагт Өргөөтийн голын зүүн эрэг дээр эргэн тойрон уулсаар хүрээлэгдэн оршино. Уг рашаан нь Хангайн гол их нурууны өврөөс ундран гарсан бөгөөд Бүрэн хайрхан, Донойн, Өлтийн гэх мэт нуруудаар хүрээлэгддэг.
Энэхүү хүйтэн рашаан нь хоолой, нүд, үе мөчний өвчинд сайн бөгөөд зуны дэлгэр цагт ойролцоох сум болон говийн сумдаас хүмүүс ирж уг рашааныг хэрэглэдэг. 
Өвөрмөц тогтоцын өвөр байрлах Халиутын рашаан
Баянхонгор аймгийн Заг сумын нутагт Хөх хайрхан ууланд 70 орчим метр урт, шохойн чулуун тогтоцтой, Хөндийлжийн гаралтай агуй бий. Агуйд салаалсан хонгил зэрэг зүйл байхгүй бөгөөд хойд хэсэгт нь сэндэр шороо байх агаад нутгийн хүмүүс уг үрүүг авч ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэдэг байна. Түлэнхий болон яр шарханд түрхэж хэрэглэхээс гадна цусны даралт ихэссэн үед ууж хэрэглэдэг аж.
Тус агуйгаас холгүй Халиут хэмээх рашаан бий. Гидро карбонатын найрлагатай хүйтэн рашаан байдаг. Энэ рашааны ойрхон Ламын агуй, Чихний рашаантын агуй, Далан тэмээ ачаа багтаадаг агуй гэх мэт хэд хэдэн томоохон агуй бий. Чихний рашаантын агуйн адраас ус дуслан жижиг тогтоол ус бий болгожээ. Энэ усыг чихэнд дусааж чихний өвчин эмгэгт ашигладаг. Гэвч монгол оронд агуйн усыг судлах ажил хийгээгүй байгаа бөгөөд иймэрхүү тогтоол устай хэд хэдэн агуй байдаг байна. Даяндээрхийн агуй, Эхийн агуй, Хүнхэрийн агуй, Цагаан дэлийн агуй зэрэг нь өөртөө эмчилгээний чанартай усыг агуулж байдаг юм байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ