Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шаргалжуутын рашаанаа хараад шар хөдөлж галзуурмаар боллоо



Өндөр гэгээн Занабазар, Ламын гэгээн Лувсанданзанжанцан нарын ихэс дээдсүүд 1690 ээд оны үеэс анх байгалийн өвөрмөц сонин тогтоцтой, Хангайн өндөр уул нуруудын дунд, газрын магнайнаас хөлөрч боржин чулуунууд дундаас оргилон урсах халууны хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай 100 гаруй халуун, хүйтэн булаг рашаан ундаргыг анхлан харж судлан, дорны анагаах ухааны хүн ардыг эмчлэн сувилах аргад ашиглаж эхэлжээ.
 
Мөн Энэтхэг орноос Рихе Азала хэмээх эрдмийн хүнийг урин залж судлуулсан бөгөөд тэр хүн тус рашаан дээр 3-н жил даян хийж 64-н үндсэн өвчнийг анагаах 108-н төрлийн рашаан байна хэмээн тодорхойлсон байдаг. Энэхүү рашаан нь геотехникийн идэвхжлийн дулааны үйлдэлтэй холбоотойгоор, гүний усны хөдөлгөөн, хүчтэй даралт, халуун хүйтний орчинд тогтож боржин чулууны ан цаваар ундарч буй байгалийн нэгэн унаган төрхийг бодит байдлаар харуулсан өвөрмөц тогтоцтой юм.
 
Шаргалжуутын рашаан бүр нь хүний биеийн эрхтнүүдийг зориуд урлан тавьсан мэт хэлбэр дүрстэй хад чулуун дундаас оргилон гардаг нь үнэхээрийн гайхамшигтай.
Тухайлбал, хоолойн өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас, эр бэлгийн рашаан яг хүүхэд шээж буй мэт оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг бөгөөд манай нутгийн асар том баялаг юм.
Шаргалжуутын рашаан нь найрлагаараа Румын улсын Геркуланы рашаан, Болгар улсын Горна Баня, Кюстендил, ОХУ-ын Кульдур, Дорнод Сибирийн Талая зэрэг рашаантай төсөөтэй мөн дэлхийд хосгүй Чехийн Карло-Варын рашаантай анагаан эмнэх чадвар төстэй гэх боловч Анагаах ухааны ноён оргил, бурхан эмч, дэлхийд данстай эрдэмтэн, дотрын эмч академич Рагчаа багшийн хэлсэнчилэн хүний архаг өвчин эмчлэх, анагаах дэлхийд өөр хаана ч байхгүй хамгийн сайн рашаан сувилал билээ.
Нутгийнхаа энэхүү рашаанд 5 жилийн дараа амрахаар бас рашааны ариун шимээс хүртэхээр ирлээ.
Шаргалжуут рашаан сувилал нь хувийн эзэмшилд шилжээд даруй 14-15 жил болж байгаа бөгөөд олон шинэ байр байшин баригдсан мөн үнэ ханшийн хувьд 5 одтой буудлын хэмжээнд хүрчээ.
Амрагчдын байрны хувьд шинээр тохижуулж барьсан байрууд олон байгаа боловч рашааны эх ундарга түүний хадгалалт, хамгаалалт, нөхөн сэргээлт үнэхээр сэтгэл шаналж элэг эмтрэм түвшинд очжээ.
Орос, Монголын эрдэмтэд судлагаа хийж 1960 оноос улсын үйлчилгээтэй сувиллын газар байгуулж нэгдэлчдийн амралт болж өндөр заяатай хонгор нутгийн түмэн болон монгол улсын иргэдэд маш сайхан үр буянаа өгч байсан энэхүү амралт сувилал хувьд шилжсэнээс хойш, ямарч арчлалт хамгаалалтгүй зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийн хязгааргүй их шуналын золиос болжээ.
Энэхүү рашаан сувилалыг авсан хүмүүс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зөвхөн ашиг, олох маш олон хүн амруулах, цаашид аялал жуулчлал, зугаа цэнгээний газар болгохоор л улайран тэмүүлж байгаа болохоос монголын хүн зоныг эмчлэн сувилах ариун үүргээ бүрэн умартсан байна.
Сувилалын утгаар амруулахгүй 8 хагас, 5 хагас, 3 хагас, өдрийн амралт болгон бариа засал, рашаанд орох эмчилгээ нэг ээлжинд амрахад 3-4 удаа олон амрагчдаас шалтгаалж эмч сувилагчид маш өндөр ачаалалтай ажиллаж байна.
Рашаан эмчилгээ сувилгаа 10-14 -21 хоногт рашаан бариа засалын монгол эмчилгээ 7, 9, 11 сондгой давтамжтай, хануур самнуур засал эмчилгээ явагддаг гэдгийг хүн бүр мэднэ.
Шаргалжуутыг рашаан сувилалын утгаас нь огт гажуудуулж болохгүй хамгийн шимтэй сувилал юм.
Энэ бол бусад аймгуудын Цэнхэр, Сант, Галт, Могойт, Ерөөгийн халуун рашаантай зүйрлэх аргагүй рашаан юм. Энэхүү газрууд аялал жуулчлал, амралтын журмаар ажиллаж болно Шаргалжуутын хувьд бол эмнэлэг сувилал шинжлэх ухааны цогц эрдэм шинжилгээ судалгааны төв байх ёстой гэж боддог.
Маш олон архаг хууч эмгэгтэй, тархи мэдрэл, дотор ходоод, элэг цөс, харшилын өвчтэй хүмүүс энэ рашаанаас эрүүлжин эдгэрсэн дээ.
Энэхүү рашаан бол сувилалын утгаас огт гажихгүйгээс гадна Баянхонгорын иргэдэд онцгой нөхцөлтэй зөвхөн сувилуулагчдад зориулагдсан сувилалын нэг ээлж 300-350 хүнээс хэтэрч болохгүй хамгийн зүй зохистой ашиглах, бас архаг хууч өвчин харшил, элэг цөс ходоодны архаг үрэвсэл, тархи мэдрэлийн эмгэгтэй хүмүүс хөнгөлөлттэй нөхцөл эдлэх мөн шаардлагатай улсууд сувилуулах хамгийн онцгой нөхцөлтэй рашаан сувилал байх ёстой гэж боддог.
 
Түүний менежментийн баг, удирдлагын багт эмч мэргэшсэн ажилтнууд байх ёстой бөгөөд ЭМЯ, ШУ-ны академи, АУ-ны судалгаа шинжилгээний хүрээлэн болон орон нутгийн өмчид тодорхой хувь заавал байх ёстой дахин давтагдашгүй онцгой баялаг юм.
 
Шаргалжуутын маш олон ундарга татарчээ. Зарим рашаан огт ундраггүй болсон байна. Нарийн гэдэсний рашаан, Хүрэн цоргот, Хар хадны рашаан, Ариун цэвэр гоо сайхны рашаан огт алга болсноос гадна, энгэрийн овооны бүх ундарга татарчээ.
Мөн урсгал дундуур халиуран байдаг шар ногоон замгууд арилан түүний эхүүн хурц хүхрийн үнэр огт үнэртэхгүй болж, шинэ барьсан байр бүр лүү рашааны эхээс татаснаас болж, түүний асар олон энгэр дагасан урсгал үгүй болж хуурай боржин чулуунууд үлдэж, уугин гардаг уур манан эрс багасчээ.
 
 
 
 
 
1960 аад онд баригдсан цэвэрлэх баййгууламжийн ажиллагаа, түүний лаг, боловсруулалт цэвэрлэгээ энэ том ачааллын дааж байгаа нь бүү мэд, Хүхрийн хурц үнэр алга болж төв хаалганы урд хэсэг болон доор орших дугуй цэвэрлэх байгууламжаас битүү өмхий ханхалдаг болж, хүртэж байгаа рашааны өөрийн үнэр, түүний чанар эрс өөрчлөгдсөн байна. Ийм их мөнгө олж байж, 500 м замыг л засчихаагүй байна даа! Арай л харамсмаар!
Шинэ байр бариад, амрагчийн тоогоо замбараагүй нэмээд байхаас биш рашаандаа ямарч арчилгаа хийгээгүй, рашаан хоорондын чулуун зам устсан, голын урсгал эрс багасаж маш их бохирджээ.
Хүрэн цоргот, Лхамын рашаан хооронд нэг гүүрч тавьчихаагүй, арчлал хамгаалалт огт байхгүй дурын улс рашааны толгойн дээгүүр туучиж байна.
Цэвэрлэх байгууламж нь яг голынхоо дэргэд байх бөгөөд жил тойрон Рашаанаас халуун усаа авдаг түүгээр халаалт болон бүх халуун усны хэрэгцээгээ хангадаг өөр ямарч хувийн аж ахуй лав Монгол улсад байхгүй.
Тэгээд ачаалал, байр байшингаа жил бүр нэмж нүдэнд нь зөвхөн мөнгө харагдсан цэвдэг сэтгэлтний гар дор дэлхийн хосгүй том баялаг устахад яг бэлэн болжээ.
Энэхүү амралтын орны тоог огт нэмэгдүүлэхгүйгээс гадна 350 болтол цөөрүүлэх шаардлагатай байна. Яг шаардлагатай сувилуулагчийг 14-21 хоногоор авч аялал жуулчлал, амралтын зориулалтын бүх байрыг хаахаас гадна, монгол хүн хариуцлагатай аялж суртал, монгол хүний байглын зүй зохистой байдлыг хадгалан хамгаалан ёс зүйн төлөвшил сайжиртал ХАР ЗАМ ойрын 5-10 жилдээ тавихгүй байхыг туйлаас их хүсч байна.
Мөн хувь амрагчдыг байрлуулах, майхан барих зориулалтын бүс нээж заавал боловсон жорлон нийтийн угаалгын газар цэвэр бохирын системд холбомоор санагдлаа.
Мөн зуны цагт голын бэлээр битүү хувь амрагчид ямар ч ариун цэвэр, угаалгын газаргүй бүсэд дураараа байрладаг болсон байна.
Ганц ирдэг амралт нь тэнгэрт хадсан үнэтэй байрших оргүй байнгын ачаалалтай байдаг болохоор нутгийн иргэд хувиараа гэр майхнаа бариад ариун шимт рашаандаа ирэхээс гадна амралт зугаалгаар дэлхийд хосгүй байглын өвөрмөц тогтоцоо зорин ирэх нь дамжиггүй.
Хар зам тавих хөрөнгөө, рашаан усаа хамгаалан нөхөн сэргээх амралт зугаалгын зориулалтын бүс нээхэд зориуламаар санагдана.
Энэхүү рашаан бол хэн нэгнийг түргэн баяжуулах, зугаа цэнгэл, аялал жуулчлалын бүс биш үе дамжин өвлөгдөх анагаан тэтгэх ариун рашаан цаашид улам бүр судлагдаж, өөрийн нандин бүхнээ дэлгэх, ЮНЕСКО-д, дэлхийн өвд бүртгэгдэх Төв азийн байглын өвөрмөц тогтоц юм.
Хонгор нутгийн удирдлагууд, үе үеийн дарга нар минь та нар ШАРГАЛЗУУТДАА арай л сэтгэлгүй хандлаа даа. Ёстой та нар минь юу хийчихвээ! Удаа дараа худалдагдсан шийдвэр гаргагч, цаг хугацаа бүрт үнэлгээ буруу хийлгэж, хуурамч шалгаж, мөнгө олох гэсэн цэвдэг сэтгэлтэнтэй нийлж дэлхийд хосгүй нандин рашааныг сувдаг сэтгэлээр устгах муу үйлд тань дараа дараачийн үе тань харамсан гашуудахаас гадна тэнгэр лус ч өшөөгөө авах байх даа!
Байгаль өөрийн хуультай бас өөрийн увдистай, бас та түүнтэй яаж харьцана таньтай бас яг тэгж харьцана. Ганцхан жишээ: Халуун рашааны эх ундарга дээр өндөг чанаад түүнийгээ сурталчилаад байх юм. Карбонат, Бикарбонат, Хүхэр, Устөрөгч, микроэлемент агуулсан рашаан уураг чанаад тэр нь канцероген болж хорт хавдар үүсгэвэл хэн хариуцах вэ? Рашаан усаа шувууны сангас баас өндөг зэргээр бохиролдог билүү? Хэнээс эрүүл мэндээ нэхэх вэ? Хоногтоо шахагдаж Дутуу эмчилгээ хийлгээд эмчилгээний рашаанд хагас дутуу ороод архаг өвчин сэдрээд шинэ эмгэг авбал хэнээс эрүүл мэндээ нэхэх вэ?
Мөн цаашид рашааны байдал, хамгаалалт, нөхөн сэргээлт, хөрсний үнэлгээ, голын усны цэвэршилт, цэвэрлэх байгууламжийн талаар үнэлгээ заавал хийлгэмээр байна. Шаардлагатай бол Шаргалзуутыг тодорхой хугацаагаар хаалгамаар санагдлаа.
Өнөөдөр шинээр эмхлэн байгуулагдсан ЗГ-н өнөөдрийн хуралдаанаар (2020.08.12) “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байна.
Хөтөлбөр үндэс нь КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, Хүний хөгжлийн, Эдийн засгийн, Ногоон хөгжлийн, Засаглалын, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогоос бүрдэж байна.
Ногоон хөгжлийн бодлого. Байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулан, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Байгаль, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчинд ээлтэй аж ахуй эрхлэх, байгалийн нөөц баялгийг хамгаалах, хомсдолоос сэргийлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх боломжийг бүрдүүлнэ" гэсэн нэг том бодлого 2020-2024 онд тавьлаа.
Аймгийн шинэ удирдлагууд, шинэ иргэдийн хурал, засаг дарга нар мэдээж Засгийн газрынхаа үйл ажилгааны хөтөлбөрийн дагуу ажиллах байхаа гэж бодож байна.
2020.08.15 нд амралтын өдрүүдээр хийх гэж буй мэргэжлийн хяналтын газрын шалгалтаа зохих журмын дагуу Рашаан сувилалын ашиглалтын 2019 оны 12 сард батлагдсан шинэ журам, Усны тухай хууль түүний шинэчилсэн найруулга болон бусад хууль тогтоомжийн дагуу хийнэ гэдэгт гүнээ итгэж байна.
 
Хэрэв шийдвэр гаргагч та, төрийн ажилтан та, шинэ удирдлага та шалгалтаа үнэн зөв дүгнэлт хийхгүй бол цаашид зохих ёсны удирдлагууд шинэ Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин Аялал жуулчлалын яамны сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхан, МХЕГ-н дарга Т.Гантулга, Аймгийн шинэ удирдлагуудад шат дараатай хандсаар л байх болно.
Энэ бол ДЭЛХИЙН ТОМ ӨВ юм.
Эх орноо, төрсөн нутгаа, дэлхийд хосгүй баялагаа, анагаан тэтгэх рашаанаа хайрлан хамгаалах нь энэ нутагт эрдэнэт хүмүүн болж төрсөн иргэн миний үүрэг билээ.
 
Хавсралтаар:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/301, А/265 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт
РАШААНЫГ ЗОХИСТОЙ АШИГЛАХ, ХАМГААЛАХ ЖУРАМ-н зарим хэсгээс
Зургаа. Рашааны ашиглалт, хамгаалалтын мэдээ,
тайлан гаргах
6.1.Рашаан ашиглагч нь рашаан ашиглахтай холбоотой мэдээ, тайланг аймаг, нийслэлийн Байгаль орчны албанд хүргүүлж, бүртгүүлнэ.
6.2.Байгаль орчны алба нь рашаан ашиглах гэрээг дүгнэж, жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний дотор тухайн сав газрын захиргаанд хүргүүлнэ.
6.3.Сав газрын захиргаа нь рашааны ашиглалт, хамгаалалт, төлөв байдлын мэдээ тайланг нэгтгэн боловсруулж, жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудад хүргүүлнэ.
Усны тухай хууль
22.10.Рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно:
22.10.1.рашааны орд, эх булгийн эргэн тойронд 100 метрийн зайд эрүүл ахуйн бүсийг;
22.10.2.хамгаалалтын бүс нь хориглолтын болон хязгаарлалтын бүсээс бүрдэх бөгөөд эрүүл ахуйн бүсийн эргэн тойронд 200 метрээс доошгүй зайд хориглолтын бүсийг;
22.10.3.хязгаарлалтын бүсийг усны мэргэжлийн байгууллага тогтоох.
22.11.Рашааны эрүүл ахуйн бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
22.11.1.рашаан шууд авч ашиглахаас өөр зориулалтаар барилга байгууламж барих, тоног төхөөрөмж суурилуулах;
22.12.1.рашааныг ашиглах зориулалттай барилга байгууламжийг хаягдал ус цэвэрлэх, зайлуулах байгууламжгүй барих;
зэрэг хуулийн хэрэгжилтийг хянана гэдэгт найдаж байна.
Баянхонгорчууд минь төрсөн нутгийн зон олон минь дарга нар минь хорвоод хосгүй нандин эрдэнээ дэлхийн газрын зурган дээрээс бүү арилгачихаарай!
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Tserensambuu Sharav
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ