Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тархины саажилттай хүүхдүүдийн итгэл найдвар болсон “Шаргалжуут”

 
“Хангайн нурууны өмнөд хэсгийн цэрмүүн цармаас эх авсан болор тунгалаг Шаргалжуутын гол хэмээх эх дэлхийн хээлнээс ундарсан цэнхэр судас хором ч  тасалдалгүй аахилан хурдалсаар, Их Богдын хормойд очиж тогтоно. Энэхүү хэтэрхий тунгалаг Шаргалжуутын голыг эмжээрлэн байрших 10 мянган ам дөрвөлжин метр уужимхан газрыг эзэгнэсэн асга толгойн энгэрээс урссан халуун рашаан бий. Энэ бол Монгол хүмүүн бидэнд бурханаас заяасан хишиг буян. Бурхан авъя гэсэн бүхэнд өгдөггүй хэрнээ өгье гэсэндээ харамгүй хайрлах юм даа. Шаргалжуутад юу дутуу гэх билээ. Шаргалжуутын рашаан бол байгалийн хаана ч давтагдахгүй ховор нандин бүтээл” хэмээн тэртээ 2011 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч агсан Жа.Пүрэв бичиж байжээ. Гэтэл хэсэг хүмүүсийн хувийн ашиг хонжооноос болж эх дэлхийн хээлнээс ундарсан энэхүү цэнхэр судас тасарч, ард иргэд  энэ рашааны бурханаас заяасан хишиг буянг хүртэж чадахгүйд хүрээд байна. Тодруулбал “Шаргалжуут” халуун рашааны орд газрыг төрийн хамгаалалтад авъя” гэсэн нийтлэлдээ дурьдсанчлан тус рашаан сувилал энэ сарын 24-нд хаагдахаар болоод байгаа юм.
 
“Шаргалжуут” халуун рашааны орд газар жилдээ 10 мянга орчим хүн хүлээн авдаг бөгөөд сувилуулагчдын 60-70 хувь нь холоос зорьж очдог. Түүнчлэн тархины саажилттай хүүхдүүдийн цорын ганц итгэл найдвар нь “Шаргалжуут” рашаан сувилал билээ.  
Тус сувилал тархины төрөлхийн саажилттай буюу ДЦП-тэй хүүхдүүдийг оюун ухаан болон мэдрэл сэргээх рашаанаар эмчилж, халуун шавар тавьж, бариа засал, саажилттай хүүхдүүдийн онцлогт тохирсон хөдөлгөөнт дасгал, физик эмчилгээгээр иж бүрэн эмчилдэг нь өндөр үр дүнтэй байдаг талаар олон хүн сонсож байсан бизээ. Учир нь тус рашаан сувилалд ирж үйлчлүүлсэн энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүдийн суугаа нь алхаж чаддаг, алхдаг нь ярьж чаддаг болоод буцдаг юм. Энэ талаар сувилуулагч Т.Чимэд “Манай дүүгийн охин төрөлхийн саажилттай биеэ даадаггүй, суугаа байсан юм. Охиноо эмчлүүлж, эрүүл болгохын тулд дүү маань дотоод төдийгүй гадаадад хүртэл очсон ч үр дүнгээ өгөөгүй. Гэтэл энэ рашаанд нэг жил сувилуулаад суга таягтай явдаг болчихсон. Үүнд урам орсон дүү маань жилдээ хоёр удаа  ирдэг болж одоо охин нь алхдаг төдийгүй ойр зуурын үг хүртэл хэлдэг болсон. Жил ирэх тусам улам сайжирч байгааг нь харахад их сайхан байдаг. Үнэхээр гайхамшигтай рашаан гэхээс өөр хэлэх зүйл олдохгүй юм. Шидтэй гэсэн болгоноор эмчлүүлээд сайжраагүй дүүгийн маань охин тийм хурдан эдгэрч байгааг хараад би энд ирж сувилуулахаар болсон. Миний үе мөч өвдөж хааяа хөдөлж чадахаа больчихдог юм. Гэтэл “Шаргалжуут”-д ирээд буцахаар бүх өвчин алга болоод сэтгэл дүүрэн, өег байдаг. Энэ сувилал хаагдчихвал хөгшин би яахав ээ дүүгийн маань охин л хэцүүдэх нь дээ. Үүнээс өөр эмчилдэг газар Монголд байдаггүй” хэмээн ихэд харуусангүй ярьсан юм. Тус сувилалд эмчлүүлдэг тархины саажилттай хүүхдүүдийн өөрийн зардлыг 100 хувь, асран хамгаалагчийн зардлыг 50 хувь төрөөс даадаг. “Шаргалжуут” рашаан сувилал 2017 онд 89, 2018 онд 92, 2019 онд 75 тархины саажилттай хүүхдийг эмчилжээ. Гэтэл сувилал хаалгаа баривал энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүдээ эмчлэх өөр төрөлжсөн эмнэлэг Монгол Улсад байдаг билүү.
 
АХМАД НАСТНУУДЫН АВРАЛЫН ГАРЦ
 
 
“Шаргалжуут” халуун рашааны орд газарт сувилуулагчдын 50 хувь нь ахмад настан байдаг. ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллага учраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хийсэн гэрээний үндсэн дээр эмчилгээ сувилгаа үзүүлдэг. Нийт сувилуулагчдын 50-60 хувь нь амьсгалын замын дутагдалтай, гуурсан  хоолойн багтраа өвчин болон хамар залгиурын харшилт эмгэгтэй байдаг аж. Энэ талаар тус сувиллын ерөнхий эмч, клиникийн профессор Д.Дуламхүү “Би “Шаргалжуут” рашаан сувилалд 13 жил ерөнхий эмчээр ажиллаж байна. Энэ хугацаанд манай сувилал 75252 хүнийг эмчилсэн. Жилдээ 10 гаруй мянга хүн,  сардаа 1100-1200 хүнд үйлчилдэг. Энэ жил ачаалал ихтэй байна. Зөвхөн долдугаар сард гэхэд 2446, наймдугаар сард 2116 хүнд үйлчилсэн. Шаргалжуутын бүх рашаан хүний биеийн эрхтэнийн системтэй адилхан тогтоцтой байдаг нь дэлхийд ховор. Нүдний өвчинг анагаадаг рашаан нүдтэй адилхан, уушгины рашаан гэхэд уушгитай адилхан хоёр улаан чулуу, хоолой, бүдүүн, нарийн гэдэсний рашаан гэхэд яг л ийм хэлбэртэй байдаг нь их содон. Нийт сувилуулагчдын 35 хувийг үе мөчний өвчин, 34 хувийг бөөрний өвчин, 19 хувийг амьсгалын замын өвчин, 11 хувийг харшил эзэлж байна.  Гэхдээ сүүлийн жилүүдэд амьсгалын замын өвчин, харшил ихэссэн. Рашаан эмчилгээнд сувилуулж байгаа амьсгалын замын өвчин болон харшилтай хүмүүсийн ихэнх нь Улаанбаатар хотоос ирдэг. Энэ жилийн судалгаанаас үзэхэд амьсгалын замын болон харшлын гаралтай  өвчин хоёрдугаарт орж ирэх гэж байна. Шаргалжуут бол таван цулын бүх эрхтэнг эмчилдэг ид шидтэй рашаан. Тэр дундаа амьсгалын замын өвчин, хамар, залгиурын харшилд маш их үр дүнтэй байдаг. Бадарч гээд элэгний цирозтой нисгэгч манай сувилалд гурван   жил ирээд  зөвхөн хар хадны рашааныг уусан. Гэтэл  дараа нь “Миний бүх шинжилгээ зүгээр болчихсон байна” гээд ирсэн.  Энэ мэтчлэн архаг хууч өвчтэй хүмүүс хурдан сайжирдаг тул жилийн жилд үйлчлүүлэгчид нэмэгддэг. Мөн цөс нь өтгөрсөн, ходоодны шархтай хүмүүс их ирдэг.
 
 
 
Элэгний архаг өвчтэй, ходоодны шархтай хүмүүст хар хадны рашаан дангаар нь уулгадаг. Харин Лхам бол  элэг, цөс, ходоодны архаг үрэвслийн үед уудаг олон найрлагатай, цацраг идэвхи сайтай рашаан юм. Хүнд өвчтэй хүмүүс зургаан сар тутамд ирэх ёстой байдаг. Тэр дундаа тархины саажилттай хүүхдүүд зургаан сард нэг удаа ирэх нь үр дүн өндөртэй байдаг” гэж ярилаа.  
 
Жил бүр арваас арваннэгдүгээр сарын хооронд нийгмийн хариуцлагын  хүрээнд Баянхонгор аймгийн 1000 ахмадад үнэ  төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл нэгдүгээрт, Монгол бол ахмад настан нь хүссэн үедээ очоод эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүйгээр хурдан, шуурхай авчихдаг эрүүл мэндийн тогтолцоо сайн хөгжсөн газар биш. Хоёрдугаарт, эмнэлэгт бус зөвхөн байгалийн рашаан, шавраар анагаагддаг, эмчилгээгээ тасалдуулж, өөр сувиллын үйлчилгээгээр орлуулж болдоггүй иргэдийн эрүүл мэндийг байдлыг хэн хариуцах вэ. Энэ талаар  сувилуулагч Б.Ганболд “Гурав дахь жилдээ гэр бүлийнхээ хүнтэй хамт ирж сувилуулж байна. Үе мөчиндөө шавар тавиулж, рашаан ууж байгаа. Үр дүн бол маш сайн. Гэтэл удахгүй хаагдах гэж байгаа гэж сонсоод сэтгэл их өвдөж, хаагдчихвал яанаа гэж бараг нойргүй шахуу хонож байна. Олон ахмад хүн энэ рашааны хүчээр өдөр хоногийг үр хүүхэдтэйгээ өвчин зовиургүй аз жаргалтай сайхан өнгөрүүлж байгаа. Бид жил бүр ирж эмчлүүлэх ёстой байдаг. Гэтэл хаагчдихвал хаана хандахаа сайн мэдэхгүй байна. Ямартай ч төр ч засаг нь энэ асуудалдаа анхаарлаа хандуулах байх гэж найдаж байна” хэмээн ярьсан юм.  Үүнээс гадна “Шаргалжуут” халуун рашааны орд газарт 160 гаруй хүн ажиллаж, амьдралаа залгуулдаг. Нэг гэр бүл хамгийн багадаа гурван гишүүнтэй гэж үзвэл сувилал хаагдахаар 500 орчим хүний өрхийн орлого тасрах нь ээ.
Цаг уурын нөхцлөөс шалтгаалан рашааны ундарга зарим жил их, зарим жил бага байдаг. Энэ жилийн хувьд Баянхонгор аймаг бүхэлдээ гантай, малчдын хувьд хүндхэн зуныг өнгөрөөв.  
 
 
 
“Шаргалжуут” байгалиас ундардаг рашаан учраас энэ зун ундарга багатай байлаа. Гэхдээ бороо хур орвол дахиад л сэргэнэ. Тиймээс ундарга багассан гэдэг бол рашааныг хаах шалтгаан огт биш. Шаргалжуут бол дэлхийд ховор, олон төрлийн өвчнийг анагаах ид шидтэй халуун рашааны орд газар гэдгийг хэд хэдэн жишээгээр баталъя.
 
 
 
МАЦУДА ТОДАНАРИ: ШАРГАЛЖУУТЫН РАШААНЫ НАЙРЛАГАД УСТӨРӨГЧИЙН ИОН АГУУЛАГДДДАГ
 
Шаргалжуут рашаан нь өвчин эмгэгтэй хүмүүсийг анагаах газраар тогтохгүй урьдчилан сэргийлэх чадвартай. Мөн өвчнийг эдгээх чадвар 95 хувьтай гэдгийг Япон улсын рашаан судлаач,эрдэмтэн, профессор Мацуда Тоданари судалж, тогтоожээ. Түүний судалгаагаар Шаргалжуутын рашааны найрлагад анагаах онцгой чанартай ус төрөгчийн ион хамгийн ихээр агуулагдаж байгаа нь тогтоогдсон юм. Тэрээр “Ус төрөгчийн ион нь газрын гүнээс ундран гарч  ирээд шууд агаарт дэгддэг. Ундарч гарч ирдэг рашаанд агуулагдаж байгаа учраас рашаан усыг уух, түүний уураар утаж, амьсгалж, халсан хад чулуун дээр хэвтэх, хамгийн гол нь халуун рашаанд орсноор бидний биед шингэж байдаг. Шаргалжуутын рашаан нь эдгэршгүй олон төрлийн өвчин эмгэгийг анагаан эдгээж ирсэн увидас нь энэхүү устөрөгчийн ионы үйлчлэл байсан гэж хэлж болно. Шаргалжуутын рашаанд устөрөгчийн ион оршин буйг нээнэ гэдэг үнэхээр гайхамшигтай” хэмээн судалгааны тайландаа дурьджээ.  Мөн Шаргалжуутын халуун рашаанд өвчин үүсгэгч нянг эсэргүүцдэг 90 градусаас дээш халуунд тэсвэртэй антоганист шинж чанартай термофиль бактери агуулагдаж байдгийг МУИС-ын Микробиологийн хүрээлэнгийн эрдэмтэд, Герман улсын эрдэмтэн судлаач нарын 2007-2008 онд хамтарч хийсэн судалгаа баталжээ.  Халуун рашаанд тархсан термофиль бактериас ялгаж авсан уураг, ферментүүдийг үйлдвэрлэлд өргөн ашиглахаас гадна молекул биологи болон анагаах ухааны салбарт оношилгоо, судалгаа хийхэд өргөнөөр ашигладаг.
 
 
Аливаа улс орон нэн тэргүүнд иргэдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж, анхаарч ажиллах ёстой байдаг. Гэвч эрүүл мэндийн тогтолцоогоо сайн хөгжүүлж чадаагүй, иргэд нь хүссэн үедээ улсын эмнэлэгтээ ямар нэгэн хүндрэлгүйгээр түргэн шуурхай үйлчлүүлэх боломж хомс манай улсын хувьд байгалиас заяагдсан халуун рашаанаа хайрлан хамгаалж,  байгалийн аргаар иргэдээ эмчлэх цор ганц гарц байна.
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ