Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Газрын наймааны гол цэг Цагаан хад болж, 0,5 га 25-45 сая төгрөгөөр зарагдаж байна


Улсын газар нутгаас харийн хүнд дамлан зарсан байж болзошгүй маш ноцтой хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа, түүний хүү Б.Наранболд, эхнэр Б.Сайханжаргал, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт болон тус сумын холбогдох албан тушаалтнууд Цагаан хад суурьшлын бүсэд хууль бусаар газар авч, БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр худалдсан гэнэ. Тэднийг зүгээр ч нэг шалгаад зогсохгүй, прокурын зөвшөөрөлтэй гэрт нь нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө, үнэт эдлэл, галт зэвсэг зэргийг хураан авч, эх үүсвэрийг нь тогтоохоор хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байна.

           Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нь 2020 онд тус сумын Засаг даргаар томилогджээ. Томилогдсоныхоо дараа тэбээх өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан Цагаан хад суурьшлын бүсэд амралтын газар, нүүрс тээврийн компанийн ажилтнуудын байр барих зориулалтаар их хэмжээний газар авсан байж болзошгүй гэнэ. Тодруулбал, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийн хамаарал бүхий “Хан богд тээвэр ложистик” ХХК, “Говьгурван чулуу” ХХК, ИТХ-ын дарга Б.Бадраагийн хүү Б.Наранболд “Түвшиннаран” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдэд давуу байдал үүсгэж, нэг аж ахуй нэгжид 10-50 га талбай газар олгосон байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэнэ.

      Бид энэ хэрэгтэй холбоотойгоор дээр нэр дурдагдсан болон тус сумын газрын албаныхантай холбогдож мэдээлэл авах гэсэн боловч татгалзсан. Ханбогд сумын Газрын даамал М.Оюун-Эрдэнэ “Б.Бадраатай холбоотой хэрэг шалгагдаж байгаа учраас мэдээлэл өгөхгүй. Сайтуудад мэдээлэл өгөхгүй байгаа. Би яаж газар авсныг сайн мэдэхгүй байна” гэх утга бүхий тайлбарыг утасны цаанаас хийлээ. Харин Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт бухимдаж, “Та нартай ярих зав алга. Намайг хууль бусаар газар авсныг та нар мэдэхгүй, хуулийн байгууллага мэддэг юм” зэргээр таахалзаж  “Гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж, хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа нь үнэн. Гэр, дэлгүүрээс 13 сая төгрөгийг эх үүсвэр тодорхойлохоор аваад явсан. Дэлгүүртээ зарахаар авчирсан найман ширхэг мөнгөн аяга, үйлдвэрийн мөнгө аяга, гар хийцийн гурван ширхэг аягыг эх сурвалжийг батлахаар хураан авсан нь үнэн. Мөн албан ширээний нүдэнд байсан 860 мянган төгрөгийг авч явсан” гэсэн юм.
          Хэргийн гол зангидагч, “толгойлогч”, захиалагч гэх Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраатай холбогдож, тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Харин тэрбээр өөрийн хамаарал бүхий хүмүүс, ИТХ-ын төлөөлөгч нартайгаа хамт зургаа даруулж, тэднээрээ “Б.Бадраа дарга маань хурлаа удирдаад сууж байна. Цахим сүлжээний ээлжит гүтгэлэг эхэллээ” зэргийг “захиалга”-аар бичүүлж, албан өрөөндөө сууж байна. Түүнийг хууль хяналтын байгууллагаас гадуур шалгаж, хүү Б.Наранболдыг нь 461 дүгээр ангид цагдан хориод байна.
         Эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Өмнөговь аймаг бужигнаантай байна. Б.Бадраа даргын гэрт нэгжлэг хийж, их хэмжээний мөнгө хураасан. Хүүгийнх нь Улаанбаатар хотын гэрийг мөн л нэгжсэн гэнэ лээ. Б.Бадраа өөрийнхөө нэр дээр компанигүй, хүүгийнх нь нэр дээр бүртгэлтэй ХХК-аар дамжиж, ажиллагаа явагддаг. Тийм учраас хүүг нь баривчилсан байх. Өмнөговь аймгийн ИТХ хоёр хоногийн өмнө эхэлсэн. Өчигдөр (уржигдар) Б.Бадраа хурлыг даргалж явуулсан. Харин өнөөдөр (өчигдөр) хурал болоогүй. Маргааш (өнөөдөр) ИТХ-ын төсөв батлагдах хурал үргэлжилж, төсвөө батална” гэлээ.
           Албаны хүмүүсийн уралдаж, булаацалдаж, хууль бусаар газар авсан гэх Цагаан хад суурьшлын бүсэд газрын наймаа цэцэглэж, тэнгэрт хаджээ.  Газрын наймааны гол цэг Цагаан хад болж, нэг айлын газар 45 сая төгрөгөөр үнэлэгдэх болжээ. Нэгэн үе монголчууд Улаанбаатар хотын төв цэг, нийслэлийн булан тухай бүрт газар авахыг мөрөөдөж, үхэн хатан тэмцдэг байсан бол өдгөө газрын байршлаа өөрчилжээ. Газрын наймааны  бизнес Улаанбаатар, зуслангийн бүсээс гараад тансаг байгальтай, тал хээр нутгийг, хилийн зааг, ачаа тээврийн суурьшлын бүс, боомтыг онилох болсон гэнэ. Бид Цагаан хад суурьшлын бүсэд газрын үнэ ханш ямар байгааг сурвалжиллаа.

НЭГ АЙЛЫН ГАЗАР БУЮУ 0.5 ГА 25 САЯ ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА

              Угтаа бол иргэдэд амьдрах зориулалтын газрыг үнэгүй олгодог. Гэтэл Цагаан хаданд газрын үнэ ханш тэнгэрт хаджээ. . Улаанбаатар хотод цахилгаан, усгүй, хашаа хатгаагүй, хадтай уулын энгэр, эсвэл намган дунд орших 0.7 га газрын таван сая төгрөгөөс эхэлдэг. Цагаан хаданд энэ үнийг тав дахин нэмэгдүүлсэн өртөгтэйгээр иргэд газраа зарж, газрын бизнес эрхэлж байна.
Бид “Цагаан хаданд газар зарна” гэсэн иргэдтэй холбогдож, газрын үнэ ханш асуув.
          Иргэн Г “Манайх энэ газартаа 10 гаруй жил амьдарч байгаа. Энэ газартаа олон жил амьдарсан учраас  өнгөрсөн жил өмчлөх эрхээ авсан. Газрын татвар гэж ойролцоогоор 500 мянган төгрөг тушаагаад авлаа. Бид эндээсээ нүүж, аймгийн төв орох гэж байгаа учраас хашаатай 0.5 га газраа 25 сая төгрөгөөр зарах гэж байна. Уг нь бол энд нэг айлын газар 40, 45 сая төгрөгөөс буудаггүй юм. Манай хажуу айлынх өнгөрсөн жил газраа 45 сая төгрөгөөр зарсан. Энэ газрын үнэ жил ирэх тусам үнэд орох учраас авсан хүнд алдахгүй. Манай газар Цагаан хадны төвд учраас үйлчилгээ явуулахад тохиромжтой. Цагаан хаданд өнгөрсөн жилээс газар дээрээ олон жил амьдарсан айлуудад газрыг нь өмчлөх эрх олгосон. Өмчлөх эрхтэй газар учраас санаа зоволтгүй. Олон жилийн дараа үйл ажиллагаа явуулсан ч болно” гэлээ.

ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ НЬ ГАРААГҮЙ 0.7 ГА ГАЗАР 45 САЯ ТӨГРӨГ

        Иргэн Н “Цагаан хадны айлуудад олгосон 0.5 га талбайгаас манай газар арай том. Бараг 0.7 га газар байх аа. Би үйлчилгээ эрхлэх гэж авсан юм. Одоогийн байдлаар өмчлөх эрхээ аваагүй бөгөөд эзэмших эрх хөөцөлдөж байгаа. Кадастарын зурагт багтчихсан учраас эзэмших эрх авахад асуудал үүсэхгүй. Би хэдхэн хоногийн өмнө газрын татвар гэж 700 мянган төгрөг төлсөн. Гурван тал модон хашаатай. Хэрэв үйлчилгээ явуулах болбол хашааг нь буулгаад, зам руу харуулаад барихад болно. Манай газар эзэмших эрх нь гараагүй байгаа учраас хямдхан байгаа юм. Тэрнээс Цагаан хаданд үйлчилгээ явуулах боломжтой манайх шиг том газрууд 80-100 сая төгрөг гэдэг. Төв зам дагуу, байршилтай сайтай, машин хамгийн зогсдог газар шүү. Тэрнээс гэр хороолол дунд биш, цахилгаан, төв замаас зайтай биш” гэлээ.

ГУРВАН АЙЛЫН ГАЗАР БУЮУ НЭГ ГА 100 САЯ ТӨГРӨГ

         Иргэн Б “Манайх гурван айлын газар 100 сая төгрөгөөр зарна. Мөн гэр хороолол буюу дээд дэлгүүрийн ойролцоо нэг айлын газар  0.7 га 45 сая төгрөөр зарна. Манай гэр бүлийнхэн цөмөөрөө энд суурьшиж, олон жил амьдарсан. Өмчлөх эрхийн бичигтэй газар учраас үнэ цэнээ алдахгүй. Үйлчилгээ явуулахад хамгийн тохиромжтой бөгөөд том саруулхан гэдгээрээ давуу талтай. Хашаан дотор байгаа чингэлэг, эсгий гэр, барьж байсан байшин зэргийг үнэлэхгүй, үнэгүй дагалдуулж өгч байгаа. Цагаан хаданд газар олдохгүй хэцүү болсон. Шинээр газар өгөхгүй байгаа. Сүүлчийн жилүүдэд иргэд манай энд газар авах гээд булаацалдаж байна шүү дээ. Гэхдээ хямдхан газар бий бий. Тэр бол кадастарын зурагт ч багтаагүй, ганц шон хатгасан, ус, цахилгаанаас хол зээлүүд газарт бий” гэсэн юм.
    Цагаан хаданд газрын үнэ хэрхэн өссөнийг, ямархуу эрэлт хэрэгцээтэй байгааг уншигч та уншлаа. Иргэдийн гараас газрын наймаачны гар дамжаагүй газар гэхэд л ийм байна. Тэгвэл дээрх албан тушаалтнууд БНХАУ-ын иргэдэд их хэмжээний газрыг хэчнээн төгрөгөөр зарсан бол. Зах зээлийн үнэнээс хэд дахин өндөр үнээр зарсан гэдэг нь тодорхой биз ээ. Тэд хэрэв газар зарсан нь тогтоогдвол Үндсэн хууль зөрчсөн, улс эх орныхоо үнэт баялагийг хууль бусааар зарж, мөнгө угаасан гэх хэд хэдэн үндсэлэлээр буруутах юм.  
Эх сурвалж: https://ergelt.mn/news/21/single/15881

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ