Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өмнөговийн ИТХ-ын дарга Б.Бадраагийн явдалд олон хүн чирэгдэнэ дээ


Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Бадрааг Ханбогд сумын Засаг дарга болон Тамгын газрын албан тушаалтнуудтай хуйвалдан газрын наймаа хийсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж Цагдаагийн байгууллагаас албан өрөө, гэрт нь нэгжлэг хийсэн тухай мэдээлэл өчигдөр цацагдлаа. Хуулийн байгууллагынхны шалгалтаар “Н”, “О”, “Г”, “Б” нарын гэр, ажлын өрөөнөөс бэлэн 300 гаруй сая төгрөг, их хэмжээний гадаад валют, алт мөнгө, зөвшөөрөлгүй галт зэвсэг хураагдсан байна.
Тодруулбал, Ханбогд сум 2020-2021 онд Цагаан хадны орчим гаалийн хяналтын талбай, нүүрс тээврийн компаниудын кэмп байгуулах зориулалтаар их хэмжээний газрыг олгосон ба эдгээр газрыг олгохдоо эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн хамааралтай хүмүүсийн компаниудад давуу байдал үүсгэн газар олгож цааш нь Хятад улсын иргэдэд зарж байсан байх магадлал өндөр аж.
Ингэхдээ нэг га газрыг 100 сая, 10 га газрыг 800 сая төгрөгийн ханш хүртэл тогтоосон байсан гэдэг асуудал ч яригдаж байгаа юм билээ. Түүнчлэн Б.Бадраа нь Өмнөговь аймгийн нутагт хууль бусаар газар эзэмших үйлдэлдээ эхнэр, төрсөн хүү нараа татан оролцуулсан тухай мэдээллийн хэрэгслүүд бичиж байна.
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа бол сургуулийн багш, захирлаас ажлын гараагаа эхэлж өнгөрсөн хугацаанд тус аймгийн Засаг даргаар хоёр ч удаа ажилласан, 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөөд ялагдсан боловч дараа нь болсон орон нутгийн сонгуулиар ИТХ-д сонгогдож улмаар ИТХ-ын дарга болоод байгаа хүн юм. Өнгөрсөн хугацаанд Өмнөговь аймагт МАН гэхээсээ АН олон жил засагласан. Энэ ч утгаараа аймгийнхаа бүх байгууллага, сумдад нэлээд бэхэжсэн гэдэг.
Одоогийн УИХ-ын гишүүн “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэтэй тун ойр явдаг хүн болох нь УИХ-ын сонгуулиар харагдаж байлаа. Д.Бат-Эрдэнэ, өнөөгийн аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ИТХ-ын дарга Б.Бадраа нарын тухай таагүй мэдээлэл ч багагүй гардаг талтай.
Б.Бадраагийн хувьд 2008-2016 оныг хүртэл Өмнөговь аймгийн Засаг даргаар ажилласан. 2010-2011 оноос нүүрсний экспорт илт эрчимжиж улсын эдийн засгийг чирэх болтлоо тэлсэн гэдгийг надаар хэлүүлэлтгүй хүн бүр мэдэх байх.
Тэр циклтэй холбоотой хэн, хэн хөрөнгөжсөнийг бол нутаг орныхон нь андахгүй юм билээ.
Ер нь тэгээд Ханбогд сумын Цагаан хад орчимд газрыг үнэ хүргэж худалддаг тухай асуудал нэлээд эртнийх. Харин одоо зарим нь ил болж байх шиг байна. Засаг даргын захирамжаар аж ахуйн нэгжүүдэд нүүрсний зам дагуу асар их хэмжээний газар ашиглуулсан асуудал ганц энэ онд биш арван жилийн түүхээр яригдах зүйл шүү дээ. Энэ бүхнээс юу харагдаж байна вэ гэвэл Б.Бадраа цаашдаа олон хань хамсаатнаа чирэх юм байна.
Дээр нь Засаг даргаар ажиллах хугацаанд нь болсон нүүрс олборлолт, тээврийн асуудлууд, түүнийг тойрсон булхай, бусдад давуу тал олгосон баримт сэлтийг ухаад байвал өчнөөн юм бий. Орон нутгийн Таван толгой хувьцаат компанитай холбоотой баримтуудын зах зух нь цухуйхад л мэл гайхахаар юм гарна даа. Өөрсдийгөө мөнгө төгрөгөөр шагнасан тушаал гаргадаг гээд инээдтэй баримтууд ч байж л байдаг. Монгол Улсын эдийн засгийн гол бүс болсон аймгийг удирдаж явсан хүмүүс нэг ийм л байна шүү дээ.
Энэ удаад хуулийнхан Б.Бадрааг хууль бусаар олсон мөнгөөрөө Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт өндөр зэрэглэлийн олон тооны орон сууц, үл хөдлөх хөрөнгө, өндөр үнэтэй автомашинууд худалдан авч мөнгө угаах хэрэг үйлдсэн гэж мөн буруутгаж байгаа бололтой.
Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх учиртай. Түүнийг хувийн ашиг сонирхлын нүдээр харж, бүлэглэн хуйвалдсан сүлжээний эхний хэсэг ил гарсан нь энэ. Улаанбаатар хотод ч гэлтгүй Өмнөговь аймагт бариулсан барилга, зочид буудлуудынх нь асуудлыг ч үргэлжлүүлээд сөхөх байх.
Дан ганц Өмнөговь аймагт ч байдал ийм байдаг юм биш л дээ. Монгол орон уудам дэлгэр нутагтай. Аймгийн дарга нар дээрээ удирдлагатай гэдгээ амьдралдаа ер нь тун цөөхөн удаа мэдэрдэг. Харин энэ “ван”-гуудын зарим нь нутаг орноо хөгжүүлэх биш тонон дээрэмдэх шунал хүсэлтэй байх нь бий.
Тухайлбал, 2015 онд Засгийн газраас Дорнод аймагт “Халх гол чөлөөт бүс” байгуулах гэтэл орон нутгийн удирдлагууд нь иргэдийг турхирч жигтэйхэн эсэргүүцэж байв. Улс төрийн “поп”-ууд ч очоод “Цусаа гартал үзэлцэх хэрэгтэй. Энэ нутаг орныг чөлөөт бүс нэрээр харийнханд өгөх гэж байна” гээд ухуулга хийчихэж билээ. Сүүлд нь хамаг юм тодорхой болсон л доо. “Петрочайна дачин тамсаг” компанийн эзэмшилд байдаг, ашиглаж амжаагүй хэсэг талбай тэр бүсэд багтчихсан байж.
Тиймээс Хятадын компаниас олон жил цалин авсан төрийн захиргааны ажилтнууд, бөхчүүд эсэргүүцлийг удирдаж эхэлжээ. Дээр нь Дорнод аймагт бараг ганцаараа оршдог нэг гурилын үйлдвэрийн эзэн нь УИХ-ын “поп” гишүүдийн найз болохоор аж ахуй, худалдааны чөлөөт бүс байгуулагдвал бизнест нь сөргөөр нөлөөлнө гэж айсандаа “давс” нэмсэн болж таарсан. Хамгийн хэцүү нь Халх гол сумын үе үеийн удирдлагууд Монголын хамгийн том сумын газар нутгийг хэдэн арван мянган га-гаар нь хэрчээд хувийн компаниудад хадлангийн талбай болгоод эзэмшүүлчихсэн байж билээ.
Тэр дунд бүр “Хансолмо” хэмээх 100 хувь Солонгосын хөрөнгө оруулалттай компани ч байж таарсан. Уг нь бол Монгол Улсын газар нутгаас гадаадын хөрөнгө оруулалттай компанид газар эзэмшүүлэх ёсгүй. Үүнийг дур зоргоороо хийж газар тариалангийн нөөц газар хэмээх Мэнэнгийн их талыг нутгийн “ноёд” худалдаж амьдардаг болчихсон байлаа. Засгийн газрын сайд газар дээр нь очиход мэдээлэл муутай иргэдээ турхирч орхиод Засаг дарга нь Манжуур руу зугтаж байсан юм шүү дээ.
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраагийн явдал Дорнодын асуудлыг санагдуулсан болохоор үүнийг бичлээ. Түүнээс биш аймаг болгонд удирдлагуудынхаа хэн нь, юуг хулгайлж байгааг иргэд нь мэддэг. Тиймээс Засгийн газар “Авлигатай тэмцэнэ” хэмээн зарлаж байгаа л юм бол энэ мэт жишээг анхаарч хязгаар газрын дураараа дарга нарыг нэгмөр шалгаад авах хэрэгтэй. Монголчуудын төрдөө итгэх итгэл ийм хүмүүсийн гарт л сүйрч байгаа юм шүү дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ