Тус аймгийн Арцсуурь боомтоос Нөмрөг сум хүртэл 167 км автозамын 1,0 тэрбум төгрөгийн зураг төслийн ажлыг хийж байна гэж УИХ-ын гишүүний ажлын албанаас мэдээлэв.
-“УИХ-ын гишүүн Б.Баярсайхан тавдугаар сарын 25-ны өдрөөс тойрогтоо ажиллан, хагас жилийн ажлын тайлангаа танилцуулж, иргэд сонгогчидтойгоо уулзаж байна. Тэрээр аймгийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж санал солилцохоос гадна 24 суманд ажиллалаа. Мөн сумдад улсын төсвөөр барьж байгаа сургууль, цэцэрлэг болон соёлын төвийн барилгуудын ажлын явц, гүйцэтгэлтэй нь газар дээр нь танилцлаа. Түүнчлэн Загастайн давааны замын барилгын ажилтай танилцлаа.УИХ-ын гишүүний зүгээс 2022 оны улсын төсөвт тусгах хөрөнгө оруулалтын ажлуудаа ярилцаж, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулж, мэргэжлийн болон ёс зүйн хувьд чадавхжуулна гэдгээ уулзалтын үеэр дуулгасан. Харин Арцсуурь боомтод ажиллах үеэр нь боомтын алба хаагчдаас хэд хэдэн тулгамдсан асуудлуудыг тавилаа” гэв.
Хилийн боомт хүртэл хатуу хучилттай замтай болсноор олон давуу талтай
–“Арцсуурь боомт нь 1976 онд байгуулагдсан.
"Монгол-Орос улсын хилийн дэглэмийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ", "Хилийн боомт болон Монгол-Орос улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т заасны дагуу хоёр талын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай авто боомт юм. Завхан аймгийн хөгжлийн гол гарц нь Арцсуурь боомт гэж харж байна. Тус боомтод тулгамдаж байгаа чухал асуудал нь Нөмрөг сум хүртэлх хатуу хучилттай авто зам тавих. Боомтын хяналтын бүсийн нэгдсэн цогцолбор барих ажил юм.
Эдгээр асуудлыг шийдэж чадвал үр өгөөж нь Завхан аймагт төдийгүй баруун аймгуудад ОХУ-тай хамгийн дөт замаар худалдаа эрхлэх боломж бүрдэнэ. Мөн иргэдийн бизнес хөгжих, гадаад худалдааны эргэлт нэмэгдэх, аялал жуулчлал хөгжих, бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломжтой юм” гэж УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хэллээ.
Хилийн боомт хүртэл хатуу хучилттай замтай болсноор олон давуу талтай. Арцсуурь боомтоос Нөмрөг сум хүртэл 167 км автозамын 1,0 тэрбум төгрөгийн ТЭЗҮ, зураг төслийн ажлыг хийж байна гэж УИХ-ын гишүүний ажлын албанаас тус тус мэдээлэв.