Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хатавчийн давааны зам засварын ажил дуусаж байна



Завхан/МОНЦАМЭ/. Загастайн давааны 67 км зам засварын ажил 90 орчим хувьтай явж байна. Тус замын асфальт дэвсэх хучилтыг хийхээр энэ сарын 20-ны өдөр давааны замыг хаахтай холбоотойгоор Улиастайгаас Улаанбаатар чиглэлд явах маршрутыг өөрчилж Хатавчийн даваагаар зорчхоор болжээ. Тиймээс Хатавчийн давааны замыг засварлах, түр замын барилгын ажлыг хийж байна. 

Хатавчийн давааны замын засварын ажил 40 хувьтай хийж байна. Тус давааны замыг засварлах ажлыг улсын төсвийн 260 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Завхан АЗЗА” ТӨХК гүйцэтгэж байна.Хатавчийн давааны засварын ажил дууссанаар есдүгээр сарын 20-ны өдрөөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд Улиастайгаас Улаанбаатар хот руу зорчих тээврийн хэрэгслүүд үүгээр зорчиж эхэлнэ.

Хатавчийн даваа нь Завханы хойд бүсийн сумдын зорчдог гол замыг дайран өнгөрдөг. Өвлийн улиралд халтиргаа гулгаа ихтэй, их бага хэмжээний цасанд боогдох, хаагдах, зундаа шавар шалбааг гулгаа ихтэй болдог даваа юм. Тиймээс тус давааны замыг засварлах хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр өнгөрсөн наймдугаар сард аймгийн Засаг дарга Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаа нартай уулзаж санал солилцсоны үр дүнд давааны засварын ажлыг хийж байна. Хатавчийн давааны замыг засах хугацаанд жолооч нар замын хөдөлгөөнд болгоомжтой оролцож, аль болох зам засварын ажлын гүйцэтгэлд саад учруулахгүй байхыг АЗЗА ТӨХК-аас анхааруулж байна.


Загастайн давааны зам засварын ажилд дүйцүүлэх

албаны 35 цэрэг ажиллаж байна

Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаагаар ахлуулсан ажлын баг Завхан аймагт ажиллаж Загастайн давааны авто зам барилгын ажилтай газар дээр нь танилцсан.

Өнгөрсөн наймдугаар сард тус замын барилгын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “СССС” ХХК-ийн удирдлагууд, Зам тээврийн хөгжлийн сайд, аймгийн Засаг дарга нарын хамтарсан уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулсан билээ. Уулзалтын үр дүнд Загастайн давааны  67 километр хатуу хучилттай авто зам, барилгын ажлыг эрчимжүүлэх “Эрчимжүүлсэн ажлын төлөвлөгөө” боловсруулан есдүгээр сарын 9-ний өдрөөс хэрэгжүүлэн ажиллаж байна. Эрчимжүүлсэн төлөвлөгөөний дагуу ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж 07-21 цаг хүртэл авто замын ажлыг гүйцэтгэх, ажиллах хүч, техник хэрэгслээ нэмэгдүүлэх, урамшуулалт аян зарлах, гүйцэтгэгч компаниуд ажлын зохион байгуулалтаа сайжруулах, уялдаа холбоогоо хангаж ажиллахаар болжээ.

Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу есдүгээр сарын 12-ны өдөр дүйцүүлэх албаны 35 цэрэг авто замын бүтээн байгуулалтад оролцохоор явлаа. Энэхүү авто замын ажилд гар бие оролцож өндөр цалинтай ажиллахыг нутгийн иргэдэд уриалж байна. Мөн ирэх сарын эхээр нээхээр төлөвлөж буй тус замын ажил өнөөдрийн байдлаар хуваарийн дагуу явж байна. Энэ хугацаанд Загастайн давааны ус шүүрч, нэвчилт явагдаж байгаа оройн хэсгийн дөрвөн км, хясааны хэсгийн зургаа орчим км замаас бусад замыг хучиж дуусгахаар төлөвлөж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан дээр дурдсан хугацаанд бага зэрэг өөрчлөлт орж болзошгүй байгаа ч замын гүйцэтгэгч компаниудаас шалтгаалах бүхий л арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж ажиллах юм гэж аймгийн ЗДТГ-аас нэмж мэдээлэв.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ