Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат- Эрдэнэ, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаа нартай уулзаж Загастайн давааны замын ажлыг эрчимжүүлэх, Хатавчийн давааны замыг засах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцож хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн талаар аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Энэ үеэр Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто замын барилгын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “СССС” ХХК-ийн удирдлагуудтай хамтарсан уулзалт зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар Загастайн давааны 25 км замын хатуу хучилтыг хийсэн бөгөөд газар шорооны болон хучилтын ажил үргэлжилж буй юм.
Тус давааны замын хучилтыг хийх явцад ус шүүрч, нэвчилт явагдаж байгаа. Давааны оройн дөрөв орчим км, хясааны хэсгийн дөрвөн км замуудыг энэ жилдээ хучилгүй орхих саналтай байгаагаа гүйцэтгэгч компаниудын зүгээс энэ үеэр илэрхийлжээ. Уулзалтын үр дүнд ирэх 10 дугаар сарын нэгэн гэхэд Загастайн давааны 32 км замын хучилтыг нэмж хийж дуусгах. Ингэснээр Загастайн давааны замыг нээх. Ус нэвчиж буй давааны орой, хясааны хэсгийн найман км замыг энэ жилдээ хучилгүй орхиж, ус шүүрэлтийг зогсоох арга хэмжээ авах. Завхан аймгийн хойд бүсийн чиглэлийн гол зам болох Хатавчийн давааны замыг засах хөрөнгийн асуудлыг Зам, тээврийн хөгжлийн яам шийдвэрлэж, зам засварын ажлыг эхлүүлэх.
Загастайн давааны авто замын хайс хамгаалалтыг хийх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах. Авто замын ажилтай холбоотой үүссэн байгаль орчны нөхөн сэргээлт хийхтэй холбоотой нэмэлт зардал 6.2 тэрбум төгрөгийг 2021 оны улсын төсөвт тусгахаар тус тус шийдвэрлэлээ. Ийнхүү Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 10 дугаар сарын 2-ны өдөр Завхан аймагт ажиллаж, Загастайн давааны хатуу хучилттай авто зам барилгын ажилтай биечлэн танилцаж, тус уулзалтаар шийдсэн асуудлуудынхаа гүйцэтгэлийг дүгнэж, давааны замыг нээхээр боллоо гэж аймгийн ЗДТГ-аас нэмж дуулгалаа.