Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Ням-Очир: Хорьдол Сарьдагт маань ан амьтдын тоо толгой өсөж, утгаараа “Дархан цаазат газар” болтлоо хөгжсөнд сэтгэл бахдаж явдаг


“Дархадын цэнхэр хотгорт тэнгэр ойрхон харагддаг
Хорьдол Сарьдагийн уулс хурмаст тулан ханхайж
Хязгаар нутгийн наран дальтай шувууд буцахаа мартдаг...” хэмээн шүлэглэсэн нь Хөвсгөлийн Улаан-Уул сумын тэнгэр баганадан сүндэрлэх өндөр уулсыг эрхгүй санагдуулам ажээ. Энэ л сайхан нутагт өсөн бойжиж, малынхаа захад дөрөө жийж байгаль хамгаалах үйлсэд үнэнхүү сэтгэлээр зүтгэсэн нэгэн эрхмийг Дүүжийгийн Ням-Очир хэмээнэ. Цас бороо, халуун, хүйтнийг үл ажран нутаг усныхаа ариун догшин байдлыг хайрлан, хамгаалж яваа түүний бахархам түүхээс уншигч та бүхэнд хүргэж байна.
 
-Сайхан зусаж байна уу, та. Энэхүү яриагаа таны байгаль хамгаалагч болсон түүхээс эхэлье?

-Хорьдол Сарьдагийн нурууны урд биед нь өвөлжиж, ард хормойд нь хаваржиж, зусдаг малчин иргэн байлаа.

Улс орон зах зээлийн эдийн засагт шилжсэн хүнд цагт Хорьдол Сардаг хавьд өдөрт 40-50 буун дуу сонстож, зэрлэг амьтдыг хоморголон агнах нь элбэг болсон.

Энэ нүд хальтрам явдал сэтгэл шимшрүүлж байсан учраас байгаль хамгаалагч болохоор шийдсэн. 2013 онд Улаан тайгын дархан цаазат газар Улаан-Уул суманд маань байгуулагдсан цагаас байгаль хамгаалагчаар ажилласаар өнөөг хүрлээ.

-Моринд эрэмгий, хөдөө өссөн хүний хувьд байгалийг илүү гярхай ажиглаж, мэдэрдэг болов уу?

-Өвөг дээдсийнхээ төрсөн нутагт мал маллаж, байгалиа хайрлаж, хамгаалах сайхан. Бүхий л зам харгуй, амьтдын нутагладаг газрыг мэддэг болохоор хүнд, хэцүү зүйл байдаггүй. Амьтдын хааш зүглэх, анчид хаана ав хийх зэргийг малчин хүний гярхай ажиглалт, ухаанаар ухаж, тунгаадаг болохоор байгаль хамгаалагчийн алба, үүрэг хялбар байдаг.

-2018 оны цастай өдөр зэрлэг гахай агнасан залуусыг илрүүлсэн түүхийг тань уншсан. Тэр үед худал хэлж, гэмшсэн шинжгүй байсан залуусыг хараад танд юу бодогдож байв?

-Тэр өдөр хамгаалалтын бүс нутагт мотоциклийн мөр гарсныг даган явсаар нэгэн айлд тулан очсон. Гэрт ороход залуус хээвнэгхэн өөрсдийн гэмийг үгүйсгэж, худал хэлсэн. Тэгээд хөргөгчинд хадгалсан зэрлэг гахайн махыг илрүүлж, хулгайн ан хийснийг нь баталгаажуулсан даа. Хууль бус ан хийх ямар хор хохиролтойг ухааруулж, зохих ёсоор торгосон. Хүний хүсэл, шунал буруугаар эргэвэл ямар үр дагаварт хүргэж болдгийг тэр үед ойлгосон.

-"Хүн гэдэг өөрийн хүсэл, сонирхлын төлөө амьтны амийг тасалж чадах араатан" гэж та хэлж байсан. Байгаль хамгаалагчаар ажилласан 13 жилийн хугацаанд хүмүүсийн хандлага хэрхэн өөрчлөгдөв?

-Байгаль хамгаалагчаар ажиллаж эхэлсэн дөрвөөс таван жил хүнд бэрхшээлүүд тулгарсан. 1990-ээд оны сүүл хүртэл хүмүүс амьтдыг хоморголон агнаж, зөвхөн амжиргаагаа залгуулах хэрэгсэл гэж ойлгодог байсан.

Одоо хүмүүсийн хандлага их өөр болжээ. Хорьдол Сарьдагийн дархан цаазат газарт маань хууль бус ан бараг л гарахаа больсон гэхэд хилсдэхгүй.

Хууль бус анчдыг шуурхай илрүүлж, тэдэнд Ойн тухай хууль, хулгайн ан хийсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээх тухай ойлгуулснаар хандлага нь өөрчлөгддөг юм билээ.

-Хорьдол Сарьдагийг тусгай хамгаалалтад авснаас хойш хууль бус ан бараг зогссон гэлээ. Одоо таны хамгаалж буй бүс нутагт ан амьтдын тоо толгой хэр зэрэг өсөж, байгаль эх хэрхэн сэргэж байгааг манай уншигчдад сонирхуулаач?

-Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд амьтдын тоо толгойг бүртгэж, судалгаа шинжилгээ хийлээ. Энэ хугацаанд аргаль хонь 30 гаруй байснаас 100, янгир 70 гаруй байснаас 300 болтлоо тус тус элбэгшин тархсан жишээ бий.

-Таны ажлын хамгийн бахархалтай, сайхан зүйл юу вэ?

-Байгаль хамгаалагч болсноос хойш Хорьдол Сарьдагт маань ан амьтдын тоо толгой өсөж, утгаараа “Дархан цаазат газар” болтлоо хөгжсөнд сэтгэл бахдаж явдаг. 2021 онд янгирын ямааны тоо толгойг бүртгэх ажлаар явахдаа нэг дор 70 гаруй тэх тоолсон минь бахархал төрүүлдэг. Хүн байгальтайгаа шүтэлцээтэй оршдог шүү дээ. Байгаль хамгаална гэдэг зүгээр нэг мэргэжил биш. Байгаль эхтэйгээ зүрх сэтгэлээрээ хэлхэгдсэн хүний л хийж чадах зүйл.


Б.Золбоо
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ