Нэн ховор ангилалд багтсан цэн тогоруу дэлхий даяар тоо толгой нь ердөө 7000 орчим үлдсэний 1000 орчим нь манай улсад байна . Энэхүү нүүдлийн шувууны хамгийн их нягтаршил нь Хэнтий аймаг дахь Хурхын хөндийд буй. Жил бүр 70-80 хос цэн тогоруу өндөглөхөөр, үр төлөө өсгөхөөр энэ нутгаа зорьж тэмцэж ирдэг. Тиймээс цэн тогоруугаа хамгаалахын тулд Хурхын хөндий хэмээх хүлэрт намаг, цэвдэг бүхий олон тооны нуур намагтай энэхүү чийглэг, үржил шимтэй эксосистемийг доройтохоос сэргийлэх нь дэлхийн өмнө хүлээсэн үүрэг болсон нь усны шувуудын амьдрахад таатай газар буюу Рамсарын конвенцэд 2004 онд бүртгэгдсэнээр баталгаажсан тухай өмнөх нийтлэлдээ дурьдсан билээ.
ЦЭВДЭГ ДУУСВАЛ ТОГОРУУГҮЙ БОЛНО
2015 онд дамжуулагч зүүсэн “Боржиа” нэртэй цэн тогорууны 5 жилийн нүүдэл.
Тогоруу шувуу бол хамгийн гэр бүлсэг шувуу бөгөөд үр удмаа үлдээх, хамгаалах хоол хүнс олж идэхийн тулд амьдралынхаа туршид хүнд хэцүү тэмцлийг хийж амьдардаг. Жилдээ хоёр удаа хүйтнээс дайжиж нүүдэллэж нисдэг.
Хурхын хөндийн цэн тогорууд ихэвчлэн намар аравдугаар сар гаргаад бөөнөөрөө цугларан хоргодон хоргодсоор өмнө зүгийг зорьж ниснэ. Бээжингээс урагшаа Хөх нуурын адаг хэсэг рүү очиж өвөлжих нь элбэг. Тал замдаа 3000-4000 км зам туулж хүрдэг. Монголын өвлийг тэнд өнгөрүүлээд хавар дөрвөөс тавдугаар сард төрсөн нутгаа зорьж дахиад энэ замыг туулж нисч ирдэг. Өөрөөр хэлбэл, өндгөө гаргаж, өсөж үржихийн тулд тэд нутагтаа ирдэг.
Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийнхний дамжуулагч зүүсэн шувуудаас хамгийн олон жил мэдээлэл өгч байгаа нь Боржиа нэртэй цэн тогоруу.
“Бид Оросын нутагт дөрвөн шувуу барьж бөгжилсөн юм. Тэдний нэг нь Боржиа. Дамжуулагч зүүснээс хойш тав дахь жилдээ бидэнд мэдээлэл өгч байгаа. Оросын Боржиа голоос барьсан дэгдээхэй эхний жилдээ Хятадын Поян нууранд өвөлжөөд дараа жил нь Өвөрмонголын зүүн урд талаар байж байгаад Солонгост очиж өвөлжсөн. Ингээд хоёр дахь зунаасаа энд нутагтаа ирж зусдаг болсон. Өнгөрсөн жил өндөглөсөн байх ёстой. Энэ таван жилийн хоёр нь Японд, хоёр нь Солонгост, нэг нь Хятадад өвөлжсөн байдаг” гэж шувуу судлаач Н.Цэвээнмядаг ярилаа.
Цэн тогорууны онцлог бол нуур, намгийнхаа дунд зэгстэй арал хэсэгт үүрлэж өндөглөдөг онцлогтой. Хавар нутагтаа ирээд л үүрээ засах, өндгөө гаргах, дарах, түүнийгээ хамгаалах их ажил нь эхэлнэ. Эр, эмгүй өндгөө ээлжилж дарах ба цаг гаруйхан орхиод явахад өндөг нь хөлдөж үрэгдэх аюултай. Хавар эрт ногоо ургаагүй байхад ойр орчмын мал намгийн ойролцоох ногоон хэсэгт очиж өвс иддэг нь цэн тогоруудын хувьд том асуудал. Шувуу судлаачид тогорууны үржлийн үе буюу хаврын улиралд малаа нуур намаг руу аль болох оруулахгүй байх, нохойгоо уяж байхыг малчдад анхааруулна. Нэг үеэ бодвол малчид тогоруугаа хайрладаг, хамгаалахыг хичээдэг болсон ч нуур намаг руу ороод сурчихсан мал амьтдыг тийм амархан зохицуулж чадахгүй. Өнгөрсөн жил нуурын эргийн дагуу таван камер тавихад гуравт нь өндөг, дэгдээхэйг түүж идэж байгаа нохойн дүрс бичигдэн үлджээ. Өглөө бүр нэгжиж хооллоод сурчихсан тэжээвэр нохой ч элбэг аж.
Үр удмаа үлдээхээр нутгаа зорьж ирсэн тогорууд өндөг нь бүтэлгүйтвэл цаг байвал дахиж өндөглөхийг хичээнэ, чадахгүй бол бүл нэмж чадалгүй буцаад нисдэг байна. Тиймээс тогорууны үржлийн хугацаанд орчныг нь хамгаалах асуудал чухлаар тавигдаж байгаа юм.
Манай оронд элбэг тааралддаг өвөгт тогоруу. Мөн л Хурхын хөндий орчимд олноороо зусдаг. Цэн тогоруунаас ялгаатай нь тал хээр, тариан талбайд үүрлэдэг. Цэн тогоруу дэгдээхэйдээ зориулж үүр засдаг бол өвөгт тогоруу хээр талд нүх маягийн юм ухаад өндгөө гаргачихна. Өндөг нь газрын өнгөтэй төстэй учраас махчин амьтдын анхаарлыг татахгүй байх нэг арга. Мөн айл бараадаж үүрлэнэ.
Өвөгт тогорууны нүүдлийн зам хамгийн хэцүү нь. Хархираа, цэн тогорууд хавар дөрөвдүгээр сарын эхээр ирдэг бол өвөгт тогоруу тавдугаар сарын 10-наас хойш нутагтаа ирдэг. Учир нь бусад тогоруунаас хамгийн хол нүүдэл хийдэг нь өвөгт. 2017 онд шувуу судлаачид нас бие гүйцсэн есөн өвөгт тогоруу болон 11 дэгдээхэйнд дамжуулагч зүүж нүүдлийн замыг нь судалсан байна. Ингэхэд наймдугаар сарын сүүлээр Хурхаас нисээд Өвөрмонголын нутаг Даланнуурын урд нэг сар орчим амраад, цаашаагаа маш том цөл туулаад Гималайн нурууг 5000 метрийн өндрөөр давж байжээ. Ингэж дулаан оронд очиж өвөлжихийн тулд талдаа 40 гаруй хоног, хоёр талдаа 10-11 мянган км замыг туулдаг байна. Харин хавар буцаж ирэхдээ Гималайн нурууг давахгүйгээр Төв Азийн орнуудыг дамжаад Ховд аймгийн хэсгээр орж ирдэг байна. Энэ зам нь явахаасаа арай тойруу урт боловч туулах хугацааны хувьд богино байжээ. Аав, ээжийгээ дагаад анхныхаа аялалд ниссэн дэгдээхэйнүүд өвлийн туршид бойжоод хавар нь тамир тэнхээ сайтай ирдэг нь хугацаа хэмнэдэг байх талтай. Мөн буцаж ирэхдээ Гималайн нурууг шууд давж чаддаггүй нь хойноос чигтэй салхины нөлөө байж мэднэ гэсэн таамаг байдаг гэнэ. ЕвроАзийн нутгаар өргөн тархсан энэ тогоруу Европын орнуудад 30 хувиар тоо толгой нь буурсан, харин Төв Азийн нутгаар олон тоогоор үрждэгийн нэг нь Монгол орон юм.
Үржиж, өсөхийн тулд нутагтаа тэмцэж ирдэг энэ шувуудыг хамгаалах хамгийн гол ажил бол амьдран буй орчинг нь хэвээр үлдээх юм. Зөвхөн тогоруу гэлтгүй Хурхын хөндий орчмын ус намгархаг газарт хошуу галуу, хонин тоодгоос эхлээд маш олон төрлийн ховор шувуу нутагладаг өвөрмөц экосистем юм.
ХҮНИЙ БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА 60-70 ХУВЬД НЬ НӨЛӨӨЛЖ БАЙНА
2007 онд ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газрын сүлжээнд, 1995 онд улсын дархан цаазат газрын ангилалд оруулж байсан Дорнод аймаг, Улз голын дагуух зурвас газар болон улсын хилийн дагуух хөх уулсаас Тарь нуур хүртэлх зурвас газрыг МонголДагуур гэж нэрлэдэг. Дэлхийд ховордсон усны шувуудын амьдрах боломжтой ус намгархаг газруудыг хамгаалах зорилготой Рамсарын конвенцид Монгол Улсаас хамгийн анх буюу 1997 онд 210 мянган га талбайг нь бүртгүүлж байсан түүхтэй.
Өндөр өндөр зэгстэй тэрчигтээ намаг, нуураар бүрхсэн байсан энэ газарт одоо цэн тогоруу очихоо больж, цэвдэг нь хайлж, нуурууд нь ширгэн доройтсон байна. Саяхан судлаачдын баг газар дээр нь ажиллаад ирсэн ба байдал ямар байгаа тайланг Рамсарт илгээхээр бэлтгэж байгаа аж.
Тэгвэл одоо Хурхын хөндийгөөс 40 км яваад очих Хүйтний хөндийд энэ түүх хэдийнэ давтагджээ. Маш их цэвдэгтэй тиймээс ч “Хүйтэн” гэж нэрлэсэн энэ голын хөндийн нуур, намгийн хэмжээ жилээс жилд нүдэн дээр багассаар усны шувууд нь үүрлэхээ больжээ. 1980-аад оны үед маш их бамбалзсан намагтай, туулж гатлахад хэцүү байсан бол өнөөдөр тэр замаар тоос татуулан давхиж, мал амьтад нь намаг гэхээс шавар гэж нэрлэмээр үлдсэн уснуудыг сахин үлджээ. Хурх-Хүйтний голын хөндийг 2004 онд Рамсарт бүртгүүлж байхад Хүйтний хөндий орчимд 30 гаруй нууртай байсан бол өнөөдөр тав зургаа нь л үлдсэн байна. Мал аж ахуй, газар тариалан эрчимтэй хөгжиж, ус намгархаг газрын тодорхойлолтоо хэдийнэ алдсаныг судлаачид хэлж байгаа юм.
Хурх-Хүйтэний голын хөндийн ус намгархаг газрын экосистемийг бүрдүүлж байдаг гол зүйлс бол цэвдэг болон хүлэрт намаг. Цэвдэг гэдэг нь цельсийн тэг буюу түүнээс доош хэмд хоёр буюу түүнээс дээш жил орших хөрс, чулуулгийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг.
“Цэвдэг нь өөртөө тодорхой хэмжээний мөс, чийгийг агуулдаг учраас хүрээлэн буй орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл ихтэй. Уур амьсгалын өөрчлөлт нь цэвдэгт дам болон шууд байдлаар үйлчилж гэсгээж алдруулах, шинж чанарыг өөрчлөх зэргээр нөлөөлж байна. Цэвдэг тогтвортой оршиход нөлөөлөх байгалийн хүчин зүйлсийг судлах нь шинжлэх ухааны болоод экосистемийн хувьд чухал ач холбогдолтой юм.
Хурхын хөндий нь Монгол орны цэвдгийн тархалтын зурагт тохиолдлын тархалттай бүслүүрт оршдог. Энэ бүслүүрт цэвдэг тархах магадлал 1-10 хувь байдаг. Гэтэл хүлэрт намгийн дулаан тусгаарлах нөлөөгөөр 50-60 м зузаан цэвдэг тархсан байна. Өөрөөр хэлбэл хүлэрт намаг болон цэвдэг бие биедээ харилцан нөлөөлж, экосистемийн тогтвортой орших нөхцөлийг бүрдүүлж байна” гэж ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс мэдээлэл ирүүлжээ.
Тэгвэл Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт орших Хүйтэний хөндийд сүүлийн жилүүдэд эрчимтэй доройтож, чийг намгархаг газар хатаж ширгэж байна. Хүйтэний хөндийд хийсэн геофизикийн хэмжилтээр зөвхөн бөөрөгт цэвдэг илэрсэн. Энэ нь тухайн газар өмнө нь цэвдэг тархаж байсныг илэрхийлдэг. Хүйтэний хөндийн намаг ихээхэн хатаж, хуурайшсан учраас экологийн доройтолд өртөж, намгийн доорх цэвдэг эрчимтэйгээр алдарсан байна гэсэн дүгнэлтийг тус газраас хийгээд байна.
Өөрөөр хэлбэл зэрэгцээ оршиж байсан хоёр хөндийн нэг нь ийнхүү цэвдэггүй болсноор ус намгархаг газрынхаа экосистемийг хэдийнэ алдаад байна. Тэнд байсан усны шувууд Хурхын хөндийгөө бараадан зусч байна.
Тэгвэл Хүйтэний хөндийн доройтол Хурхад давтагдахгүйн баталгаа бас л алга. 1969 онд Хурхын хөндийд 123 га-г хамрах 37 нуур байсан бол хамгийн сүүлд хийсэн судалгаагаар 2017 онд 24,4 га газрыг хамрах 13 нуур үлджээ. Хамгийн гол нь ус намгархаг газрын экосистемийн энэхүү доройтолд байгаль уур амьсгалын өөрчлөлтөөс илүү хүний буруутай үйл ажиллагаа 60-70 хувийн нөлөөллийг үзүүлж байгаа нь тун харамсалтай...
Үргэлжлэл бий.
Б.СолонгоЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин