Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хятад улс 1991 оноос хойших хамгийн доод эдийн засгийн өсөлтийн зорилт тогтоолоо


БНХАУ жилийн эдийн засгийн өсөлтийн зорилтоо 4.5–5 хувийн хооронд тогтоож, 1991 оноос хойших хамгийн бага түвшинд хүргэлээ. Дотоод болон гадаад олон сорилттой нүүр тулж буйтай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байна. Өмнө нь 2023 онд зорилтыг “ойролцоогоор 5 хувь” болгон бууруулж байсан бол үүнээс хойш анх удаа дахин доошлуулж байгаа нь энэ юм. Харин 2020 онд цар тахлын улмаас өсөлтийн зорилт огт тогтоогоогүй билээ.
Энэхүү мэдээллийг Хятадын улс төрийн хамгийн том арга хэмжээ болох “Хоёр чуулган”-ы үеэр танилцуулсан бөгөөд дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсын 15 дугаар таван жилийн төлөвлөгөөний зарим чиглэлийг мөн ил болгожээ.
Хятад улс суларсан дотоод хэрэглээ, хүн амын бууралт, үл хөдлөх хөрөнгийн салбарын үргэлжилсэн хямрал, дэлхийн худалдааны хурцадмал байдал, мөн Ирантай холбоотой дайны улмаас үүссэн эрчим хүчний дарамт зэрэг асуудалтай тулгарч байна. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн бүтцээ шинэчлэх зорилт тавьжээ.
Лхагва гарагт эхэлсэн “Хоёр чуулган” нь ихэвчлэн долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилдэг бөгөөд төрийн дээд удирдлагууд дараалсан хуралдаанууд хийдэг уламжлалтай. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны нийтэлсэн 46 хуудас тайланд ДНБ-ий өсөлтийн зорилт болон шинэ таван жилийн төлөвлөгөөний гол чиглэлүүдийг тусгажээ. Тэрбээр инноваци, өндөр технологийн үйлдвэрлэл, шинжлэх ухааны судалгаа, өрхийн хэрэглээг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэдгийг онцолсон байна. Энэ нь дотоодын хэрэглээ сул байгаагаас Хятад эдийн засгийн өсөлтөө экспортод хэт түшиглэж байгаад Бээжин санаа зовниж буйг илтгэж байна. Мөн үйлдвэрлэлийн салбарыг илүү өндөр түвшинд гаргах зорилт тавьжээ.
Тайланд ойрын таван жилд шинжлэх ухаан, технологи, тээвэр, эрчим хүчний салбарт төвлөрсөн 100 гаруй томоохон төсөл хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөснийг дурдсан байна. Мөн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, байгаль орчны хамгааллыг сайжруулах “ногоон шилжилт”-ийг үргэлжлүүлэхээр зорьж буйг тэмдэглэжээ.
undefined
Хүн амын хөгшрөлт, төрөлтийн бууралтаас үүдэлтэй сорилтыг даван туулахын тулд “хүүхэд төрүүлэхэд ээлтэй нийгэм” бүрдүүлэх, ажил эрхлэлт, боловсрол, эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарна гэжээ.
Албан ёсны тоо баримтаар Хятад 2025 оны нийт дүнгээр 5 хувийн өсөлтийн зорилтоо биелүүлсэн ч оны сүүлийн гурван сард өсөлт 4.5 хувь болж саарсан байна. Үүнд дотоод хэрэглээний сул байдал болон удаан үргэлжилж буй үл хөдлөх хөрөнгийн хямрал нөлөөлжээ.
БНХАУ-ын макро эдийн засгийн судалгааны байгууллагын бодлогын шинжээч Жөү Жэн шинэ зорилт нь дотоодын нарийн төвөгтэй сорилт, хүндрэлтэй дэлхийн худалдааны орчинд “бодитой хандаж” буйн илрэл гэж үзжээ. Харин Жоржтауны их сургуулийн судлаач Нин Лэн Хятадын өсөлтийн тоо баримтад “болгоомжтой хандах хэрэгтэй” гэж мэдэгдэж, бусад үзүүлэлт эдийн засаг илүү сул байгааг харуулж байна гэжээ.
Тэрбээр үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал дотоодын хэрэглээг сулруулах гол шалтгаан болж буйг онцолсон байна. Өмнө нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл Хятадын эдийн засгийн бараг гуравны нэгийг бүрдүүлж, орон нутгийн захиргаадын орлогын чухал эх үүсвэр байв. Харин одоо олон орон нутгийн засаг захиргаа их хэмжээний өрөнд оржээ.
Үйлдвэрлэл, экспорт эдийн засгийг дэмжиж байгаа бөгөөд өнгөрсөн онд Хятад 1.19 их наяд ам.долларын (890 тэрбум фунт стерлинг) худалдааны илүүдэлтэй гарсан нь дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэгт тооцогдож байна. Гэвч экспортод хэт найдах нь сул тал болж болзошгүйг шинжээчид анхааруулжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ногдуулсан нэмэлт тариф Хятадын экспортод түшиглэсэн эдийн засагт нэмэлт дарамт болж байна.
Хариуд нь Бээжин худалдааны чиглэлийг өөр орнууд руу шилжүүлэхэд их хэмжээний нөөц дайчилж, үйлдвэрлэлийн салбараа тогтвортой байлгахыг зорьж байна. Дональд Трамп дөрөвдүгээр сард Хятадад айлчилж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй энэ оны анхны нүүр тулсан уулзалтаа хийхээр төлөвлөж байгаа билээ.
Мөн АНУ–Израил, Ираны хоорондын дайны улмаас Хятад хямд өртөгтэй нефтийн хоёр чухал эх үүсвэрээ алдаад байна. Түүнчлэн АНУ нэгдүгээр сард Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараа Венесуэлийн нефтьд хандах боломжгүй болсон. Гэсэн ч Бээжин сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчинд шилжих бодлогоо эрчимжүүлсний үр дүнд чулуужсан түлшнээс хараат байдал нь харьцангуй буурсан гэж онцолжээ.
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ