Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дэлхийн бүргэдчид Монголын тал нутагт цугларлаа


Хаврын эхэн сарын салхи цастай энгэрийг шүргэн үлээж, жавар нь бүрэн буцаагүй ч дулаарах өнгө аяс мэдрэгдэх өглөө. Хөндий дүүрэн олон хүн үндэсний дээл хувцсаа өмсөн цугларч, өнгө өнгийн торго, хээ угалз салхинд намиран харагдана. Морьдын төвөргөөн, хүмүүсийн шуугиан дунд алсад бүргэдийн далавч дэвэх сүрлэг чимээ сонстоно. Уудам тал, цаст уулын бэлд Монголын эртний ан авын уламжлалыг тээсэн, жил бүр уламжлал болон зохиогддог “Бүргэдийн баяр-2026” ийнхүү эхэлж, хаврын сэрүүхэн өглөөг онцгой уур амьсгалаар дүүргэнэ.
 

Кошкаров Арман: Цугласан олны урам зориг сэтгэлийн хүч өглөө


сонин mn
Энэ жилийн баяр онцгой ач холбогдолтой. Учир нь “Бүргэдийн баяр”-ын хүрээнд бүргэдээр ан хийх дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байна. Нийт таван улсын 43 бүргэдчин оролцож буйгаас Казахстан, Испани, Унгараас, Киргизстан, ОХУ-аас нийт 15 бүргэдчин хүрэлцэн иржээ.

Харин Монгол Улсаас хамгийн олон буюу Баян-Өлгий аймгаас 20, Төв аймгаас нэг, Сэлэнгэ аймгаас нэг бүргэдчин оролцлоо. Энэ үеэр бүргэдийн баярт оролцож буй хүмүүсийн сэтгэгдлийг хуваалцсан юм. Кошкаров Арманы хувьд холоос буюу Казахстан улсаас бүргэдийн баярыг зорьсон ирсэн аж.

Тэрээр өмнө нь Баян-Өлгий аймагт болсон бүргэдээр ан хийх тэмцээнд оролцож, хоёрдугаар байрт шалгарч байжээ. Харин энэ удаа “Бүргэдийн баяр–2026”-д өрсөлдөхөөр ирсэн тэрээр тэмцээний зохион байгуулалт маш сайн, уур амьсгал нь онцгой сайхан байгааг хэллээ. Мөн хуран цугласан олон үзэгчдийн дэмжлэг, урам зориг түүнд ихээхэн сэтгэлийн хүч өгч байгааг хуваалцсан юм. Цаг агаар сэрүүхэн, салхи үе үе сэвэлзэж байсан ч баярт хүрэлцэн ирсэн хүмүүсийн сэтгэл догдлон хөөрсөн уур амьсгал тэр бүхнийг умартуулна.

Казах үндэстний уянгалаг дуу эгшиглэхэд зарим нь хэмнэлд нь тааруулан бүжиглэж, хүмүүсийн харцанд гэрэлтэх догдлол, хаа сайгүй цуурайтах инээд баярын уур амьсгалыг улам тодотгож байв.

Үндэсний дээл хувцсаараа гоёсон морьтон залуус, хуучны хэв маягтай зассан худалдааны асрууд, гараар урласан торгон цүнх, мөнгө, зэс гоёл чимэглэлүүд гээд нүд баясгам зүйлс энд тэндгүй. Түүнчлэн чонон дах нөмөрсөн залуус хүйтэн салхийг үл ажран тайван алхах нь үзэгчдийн анхаарлыг эрхгүй татна. Тэднийг харахад яг л тал нутгийн анчдын хуучин дүр төрх амилсан мэт санагдуулах аж.

“20 жилийн түүхтэй Бүргэдийн баяр жил ирэх тусам улам өргөжиж байна”

сонин mn
Бүргэдээр ан хийх уламжлал нь 6000 жилийн өмнөөс төв азийн нүүдэлчдээс эхлэлтэй гэж түүхийн эх сурвалжууд дурьдсан байдаг. Энэ дундаас үеийн үед, үрээс үрд дамжуулан энэхүү уламжлалаа хадгалж байгаа нь Монгол Улс. “Монголын бүргэдчид” холбооны тэргүүн С.Медеухан бүргэдийн баярын түүхийг тайлбарлалаа. Бүргэдийн баяр нь 20 жилийн түүхтэй бөгөөд жил ирэх тусам улам өргөжиж байгаа гэдгийг хэллээ.

Энэ жилийн хувьд анх удаа олон улсын тэмцээн хэлбэрээр зохион байгуулагдаж байгааг тэрээр мөн онцолж байсан юм. Сонирхуулахад, 2022 онд Казахстан улсад таван улс нийлж Дэлхийн бүргэдчидийн холбоог байгуулсан бөгөөд Монгол улсыг төлөөлж ‘Монголын бүргэдчид’ холбоо гишүүнээр элсжээ.

Бүргэдийн баяраас зөвхөн бүргэдүүдийн нисэлтээс гадна байгаль, хүн, соёл хоорондын нарийн уялдаа холбоог илүү гүн мэдрэх аж. Цаст уулын энгэрийг даван дүүлж буй бүргэд бүр эзнийхээ хөдөлгөөн, хүслийг ойлгож, тэнгэрийн салхи, талын хөндийн чимээг мэдэрч, дуу хойлойг нь таньдаг нь үнэхээр гайхамшигтай. Талын салхи, хүмүүсийн догдлол, бүргэдийн дэвэлт, үндэсний урлагийн уянгалаг аялгуунууд бүгд нэгэн эгшигт нийлэх мэт, хүн, амьтан, байгаль гурвыг нэгэн холбоотойг мэдрүүлж байлаа.

Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас ирсэн ахмад бүргэдчин Бүркитхан Хайзым нь Бүргэдийн баярт 20 жил тасралтгүй оролцож байгаа аж. Энд ирсэн бүргэдчдээс хамгийн ахмад тэрээр “Өнөөдрийн цаг агаар маш сайхан болж бүргэд маань ч сайхан нислээ.

Олон улсын тэмцээн болж буй учир Монгол улсынхаа нэрийг мандуулж, өндөрт өргөхийн тулд хичээнэ” хэмээн ярилаа. Салхи сэвэлзсэн талын дунд дэвэх бүргэдүүдийн сүрлэг далавч, тэднийг гаршуулсан эзэдтэйгээ хамт эртний уламжлалыг амилуулахуйд хүмүүсийн догдлол, хөөр баяслыг авчирч энэхүү баяр нь Монголын бахархал, түүх, соёлын нэгэн амьд гэрэл гэгээ болж буй нь илт мэдрэгдэнэ. Магадгүй энэ нь бидний уламжилж ирсэн өв соёл, ан авын урлаг, байгальд хүндэтгэлтэй хандах ухааны илрэл. Ийм л агшинд хүн өөрийгөө түүхийн нэгэн утга учиртай холбоотойг ойлгож, соёлын өвийг нандигнан хайрлах мэдрэмжээр дүүрэх биз.

сонин mn
сонин mn
сонин mn
 

Т.МИЧИДМАА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ