
МАН-ын Бага хурлын II хуралдааны эхэнд УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал илтгэл тавихдаа: "Монгол Ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх,Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна.
Намын үндсэн дүрэмд заасны дагуу эдгээр гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Хяналтын Ерөнхий хороонд албан ёсоор хандаж байна." гэсэн билээ. Үүнтэй зэрэгцэн Д.Амарбаясгалан бол МАН-д асар их гавьяатай хүн, Х.Булгантуяаг МАН-аас хөөснийг эсэргүүцэж байна гэсэн цөөн сэтгэгдлийг МАН, АН-ын зарим гишүүд нийгмийн сүлжээнд бичиж байв.
Мөн Д.Амарбаясгалан өөрөө өчигдөр нийгмийн сүлжээнд өөрийг нь МАН-аас түтгэлзүүлэх шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байлаа.
Ер нь Д.Амарбаясгалан л МАН-ыг дөрвөн сонгуульд дарааллан ялуулсан, Д.Амарбаясгалан л МАН-д хэрэгтэй болохоос Д.Амарбаясгалан МАН-аар дутахгүй гэсэн хэтийдсэн хийсвэр дүгнэлтүүдийг түүний тойрон хүрээлэгчид бичиж харагдана лээ. Ингэж хийсвэр төөрөгдөлд ортол нь тэд даргаа вакумжуулсан, өөрсдөө ч вакумжсан бололтой. Аливаа ялалт, ялагдал олон шалтгаантай, хамтынх байдаг шүү дээ.
Тэрэн дээрээ тулбал Ардын намын ялалтад Д.Амарбаясгалангаас илүү анхан шатны мянга мянган гишүүдийнх нь хүчин зүтгэл илүү ач холбогдолтой байсан нь гарцаагүй. Нөгөөтэйгүүр Д.Амарбаясгалан авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон, үндэслэлгүй хөрөнгөжсөн нь нотлогдож буй аж. Иймээс ч МАН-ын дарга Н.Учрал хэлсэн үгэндээ: "Урьдын гавьяа зүтгэл авлига, албан тушаалын хэрэг, ёс зүйн хариуцлагаас халхлах бамбай болох учиргүй" гэсэн нь учиртай байжээ.
Хамгийн гол нь авилгын гэмт хэрэгт холбогдсон, Үндсэн хууль зөрчсөн, нийгмийг өдөөн турхирсан этгээдүүдийг МАН-аас хөөх нь цөөн хэдэн улс төрч, түүний тойрон хүрээлэгчдэд халтай байж болох ч 3.5 сая Монголчуудын эрх ашигт нийцэж буй юм.
Учир нь бүхий л төрлийн судалгаагаар Монголчуудын хамгийн их хүсч буй зүйл бол нийгэмд шударга ёсыг тогтоож, авилгач-дарга нарт хариуцлага тооцох явдал болоод удаж буй билээ.





