Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүхбаатар аймагт өнгөрсөн 12 жилд олгосон газар, зарласан тендерүүдийг ухвал...


Б.ГАРЬД
Ер нь бол асуудалтай улстөрчид энэ УИХ-д ч хэд хэд байна. Байсгээд л албан тушаалын асуудалд холбогддог. Тэгээд хууль хяналтын байгууллагаар шалгуулдаг. Гэхдээ ямар нэг ял зэм хүртдэггүй. Тэгсхийгээд хэрэг түвэг нь хэрэгсэхгүй болдог.
Нэр дурдвал олон, голдуу хуучин гишүүд дурдагдана. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь юм. Ерөнхийдөө 2012 онд Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилогдоод, тус албан тушаалаас дэвшиж, УИХ-ын гишүүн болсон хойно нь ч хэл ам салахгүй л байна. Тэр нь голдуу Сүхбаатар аймагт явагддаг тендер шалгаруулалт, газар олголттой холбоотой байдаг.
Өнгөрсөн хавар, 2024 оны дөрөвдүгээр сарын 8-нд Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаярыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн, маргааш нь аймгийн Засаг дарга М.Идэрбатыг дуудаж байцаалт авсан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Энэ талаар АТГ-аас “...Сүхбаатар аймгийн Засаг дарга нь нэр бүхий УИХ-ын гишүүний үеэл дүүгийн эзэмшлийн, тус аймгийн гуравдугаар багийн нутагт байрлалтай 6700 мкв, 1359 мкв талбай бүхий газрын зориулалтыг өөрчлөн олгож, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх асуудлаар шалгаж байна. Мөн тэрээр хадам дүүгийнхээ Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нутагт дахь 2635 мкв талбайтай авто угаалга, гараашийн зориулалттай газрыг төлбөрөө төлөөгүй байхад бусдад шилжүүлж давуу байдал бий болгосон. Архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөлгүй барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй нэр бүхий компанийн захиралтай шинэ суурьшлын бүс байгуулах түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулж, 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцөлийг бүрдүүлсний хариуд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлалтай гурван өрөө үл хөдлөх хөрөнгийг хахуульд авсан байж болзошгүй.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Баруун-Урт сумаас зохион байгуулсан тендерт хамаарал бүхий этгээдийн компанийг шалгаруулж, тендерийн шаардлагад өөрийн компанийн эд зүйлийг нийлүүлсэн байж болзошгүй. Мөн орон нутагт нь үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниас өөртөө болон төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудад давуу байдал олгуулсан байж болзошгүй. Тухайн компаниас зардлыг нь гаргуулаад хууль хяналт, төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудыг Хятадад аялуулсан нь тогтоогдсон. Эдгээрээс гадна, хууль бусаар олсон мөнгөө хамаарал бүхий хүний нэр дээр нээсэн дансанд байршуулж ашигладаг. Сүхбаатар аймагт 1989 онд сургууль төгсөгчдийн клуб нэртэй ТББ-тай холбоотой хууль бус үйлдэл ч шалгагдаж байна” гэж мэдээлсэн.
Мөн АТГ-аас 2018 оны нэгдүгээр сарын 25-нд “…Он гарсаар эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн. Эдгээрийн нэг нь Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурь нарт холбогдох хэрэг байна” гэж байв.
Түүнээс өмнө УИХ-ын гишүүн Ж.Батсуурь 2012-2016 онд Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байх үедээ улсад 8.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлсэн. 2017 онд ЗГХЭГ-ын даргын тушаалаар зүүн гурван аймагт орон нутгийн өмч бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтын байдалд болон санхүүгийн шалгалт хийжээ. Тэр шалгалтаар Ж.Батсуурийг Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашигласан, төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан 8.9 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлсэн байгаа юм.
Тухайлбал, шалгалтын тайланд “…Ж.Батсуурь нь Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа газар чөлөөлөх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангаас олгосон 6.8 тэрбум төгрөгийг үргүй зарцуулж, 416 сая төгрөгийг иргэдэд төсвийн дэмжлэг нэрээр давхардуулан олгосон. Төлөвлөгөөнд тусгагдаагүй контор, үйлчилгээний барилгыг “Баруун-Урт ус" компаниас 800 сая төгрөгөөр, хоккейн талбай, барилга, байгууламжийг “Их мэйрэн" компаниас 180 сая төгрөгөөр, Хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн төвийн барилгыг “Өөдлөх ирээдүй” компаниас 845 сая төгрөгөөр шууд худалдан авсан”, “…Эхнэр Ж.Гантулгынхаа нэр дээрх “Эс Ви Жи Жи” ХХК-ийн 179 731 332 төгрөгийн ус дулааны өр төлбөрийг чөлөөлж “Дөрвөлж” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт хохирол учруулсан, А/20 дугаартай захирамжаар эхнэрийнхээ компанид сонгон шалгаруулалт зарлалгүйгээр хууль бусаар 3000 мкв газрыг олгосон”, “…Тээврийн хэрэгслийн гэрчилгээ шилжүүлж аваагүйгээр автомашин худалдан авсан” зэрэг нийтдээ 8.9 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлжээ.
Үүн дээр ЦЕГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгаад 2017 оны долдугаар сарын 28-ны өдөр прокурорын байгууллагад шилжүүлсэн. Гэхдээ энэ нь хагас жилийн дараа прокурор дээр хэрэгсэхгүй болсон. Хяналтын прокурор Н.Амарсанаа 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар тогтоол гаргаж “…Яллагдагч Ж.Батсуурийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхэд эргэлзээ төрж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэсэн байдаг.
Түүнээс өмнө Ж.Батсуурийг Сүхбаатар аймгийн Засаг дарга болоод ганцхан жил болсны дараа 2013 онд АТГ-аас хэд хэдэн зөрчилд дурдсан зөвлөмжийг хүргүүлж байжээ. Өөр олон ноцтой мэдээлэл дуулддаг. Гэхдээ энэ мэт хэдхэн баримтаас харахад л Сүхбаатар аймагт өнгөрсөн 12 жилд олгосон газар, зарласан тендерүүдийг ухвал араас нь бараг л “мафи” гарч ирж мэдэх юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 196 (7440)
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ