Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 320 тонн тэжээлийг 50 хувь хямдруулж, 124.5 тонн малын долооц, теопит тэжээлийг үнэгүй олгоод буй. Мөн өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын хувьд тус аймагт ажиллах үеэр Улсын нөөцөөс нэмэлтээр 700 тонн өвс, тэжээлийг малчдад үнэ төлбөргүй нийлүүлэхээр шийдвэрлэлээ.
Дундговь аймгийн хэмжээнд өдгөө 42.5 мянган толгой мал хорогдсон, малын хорогдол цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа тул 15 сумдад үхсэн малын сэг зэм устгахад шаардлагатай эдийн засаг, техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг энэ үеэр АОК-оос уламжилж байв. Мөн Цагаандэлгэр, Сайнцагаан, Гурвансайхан, Эрдэнэдалай, Адаацаг, Өндөршил, Сайхан-Овоо, Өлзийт сумдын Эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн автомашинууд эвдэрч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд хүндрэлтэй байгаа тул туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
Эхний ээлжинд Адаацаг сумын Эрүүл мэндийн төвд бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай автомашиныг нийлүүлэхээр газар дээр нь шийдвэрлэлээ. Цаашид бусад сумдын ЭМТ-үүдэд туулах чадвар сайтай автомашин нийлүүлэх асуудлыг шат дараатай шийдвэрлэх болно.