Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан шинэ, залуу төрийн албан хаагчид, дунд сургуулийн сурагчдад улс төрийн хэлмэгдүүлэлт болон цагаатгах тухай ойлголт өгч, дурсгалыг хүндэтгэх уулзалт, өдөрлөг зохион байгуулав. Үйл ажиллагааны хүрээнд аймгийн ИТХ, ЗДТГ, Музей, С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сан, Соёл урлагийн газар, Сайнцагаан сумын ИТХ хамтран оролцогчдод аймгийн Музейд байрлах Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан түүхэн баримт, үзмэрийг танилцуулж,ЗДТГ-ын ХЭЗХ-ийн ахлах мэргэжилтэн С.Цэнгэлмаа "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай" хуулийн талаар мэдээлэл өгчээ.

Мөн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын захирал А.Ууганбаяр өөрийнхөө өвөөгийн амьдралын талаар оролцогчдод сонирхуулан ярьсан байна. Тэрээр “Миний өвөө хувилгаан Юндэндорж гэж хүн байсан. Хүүхэд байхдаа “Нарангийн жас”-д шавилан суудаг байх тэр үед нь тус хийдийг шатааж, бүх лам нарыг нь барьж хорьж байсан гэдэг. Тэр үед өвөө маань хүүхэд байсан учраас хар болоод үлдсэн хэдий ч амьдралынхаа турш  цагдуулж, хүнд хүчир ажил үүрэг гүйцэтгэж явсан. Бид нар ч гэсэн хүүхэд байхдаа бусдад шоолуулж, шоглуулж л явсан даа” гэлээ.

Монгол Улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэн, 1937 оноос эхтэй, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм.
Одоогоор улс төрийн хилс хэрэгт шийтгэгдэж, хэрэг нь цагаатгагдсан, Дундговь аймгийн харъяат 1100 гаруй иргэн байдаг. 1998 онд УИХ “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийг баталснаар тус аймгийн хэмжээнд 34 иргэний ар гэрт нөхөн олговор олгосон байна. Тэдгээрийн 19 иргэнд 80,0 сая, бусад иргэнд тус бүр 40,0 сая төгрөг олгожээ. 





скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ