Дундговь аймгийн малчдад мэдээлэл өгөх, тэдний санал бодлыг сонсох, идэвхжүүлэх зорилго бүхий “Малчдын өдөрлөг”-ийг Дэрэн суманд зохион байгуулж, 316 малчин оролцов. Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, ХХААГ-ын хэлтсийн дарга Ж.Шинэ-Уянга нар болон албаны бусад хүмүүс малчдад мэдээлэл өгчээ.
Энэ үеэр аймаг, суманд хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, аймгийн Политехник коллеж үйл ажиллагаагаа болон, элсэлт авах мэдээллээ хүргэн хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Сумын ЭМТ-өөс малчдад Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт үзлэг, оношилгоо”-ны тухай танилцуулж, түүний зорилго, зохиион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайдын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/139 дүгээр тушаалаар тус үзлэг, оношилгоог зохион байгуулах журмыг баталж, бүх иргэнийг зургаан насны багц үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар 5 дугаар сарын 1-нд орон даяар нээлтээ хийсэн.
Мөн Улсын бүртгэлийн хэлтсээс тоон гарын үсгийн олгохтой холбоотой мэдээллийг хүргэсэн байна. Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, улсын бүртгэлийн байгууллагаас Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэдэд тоон гарын үсгийг нэг удаа үнэгүй олгох ажлыг тавдугаар сарын 2-ны өдрөөс эхлүүлжээ. Монгол Улсын хэмжээнд тоон гарын үсгийн хэрэглэгчдийн тоо 1 саяд хүрсэн тохиолдолд иргэд хур болон дан системд зөвхөн тоон гарын үсгээрээ нэвтэрдэг болох юм.
Түүнчлэн өдөрлөгийн үеэр Гамшгаас хамгаалах болон Дэлхийн зөн ОУ-ын байгууллагаас “Малын эрүүл мэндийн үйлчилгээ” сургалтыг хийж, малчдын дунд урлаг, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулж, эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийжээ.