Баян-Өлгий аймагт өнөөдөр 50 кг хивэгний бөөний үнэ 38500-39000, жижиглэнгийн үнэ 41000-42000 төгрөг байна. Тус аймгийн аж ахуйн нэгж, иргэд ОХУ-аас өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 25-ны хооронд 4000 тонн хивэг оруулж иржээ. Гэвч орон нутагт тухайн төрлийн бүтээгдэхүүний үнэ өндөр хэвээрээ байна.
ШӨХТГ-ын Баян-Өлгий аймаг дахь улсын байцаагч Х.Болатбекийн өгсөн мэдээллээр хивэгний үнэ өндөр байгаа нь тээврийн зардал, гаалийн татвартай холбоотой аж. Тухайлбал, Монгол Улс руу малын тэжээл тээвэрлэдэг Оросын тээврийн хэрэгслүүдийн хөлс 10 мянган рублиэр нэмэгджээ.
"Аж ахуйн нэгжүүд ОХУ-аас 1 шуудай хивэгийг 24750 төгрөгөөр худалдаж авдаг. Үүнд тээврийн зардал, гаалийн татвар, бүрдүүлэлт, ачих, буулгах зардал зэргийг нэмэхэд Баян-Өлгий аймагт 38 мянган төгрөгөөр ирж байна" хэмээн тэрээр тайлбарлав.
Иймд аймгийн Засаг даргын 2021 оны 817 дугаар захирамжаар байгуулсан үнийн өсөлт, зохиомол хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий ажлын хэсгээс малын тэжээл импортлох тээврийн хэрэгслүүдийг ОХУ руу оруулах зөвшөөрөл авч өгөх, малын тэжээлийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг Засгийн газарт уламжлах саналыг аймгийн Засаг даргад оруулжээ.
Тус саналын дагуу Монгол Улсын тээврийн хэрэгслүүдийг ОХУ руу нэвтэрч малын тэжээл ачих асуудлыг шийдвэрлэхийг аймгийн Засаг даргын орлогч Х.Арманд үүрэг болгосон байна.