Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Халдварын эрсдэл буураагүй ч “хонх” дуугарлаа


Б.БЯМБАЖАРГАЛ
Халдварын эрсдэл буураагүй ч шинэ хичээлийн жил танхимаар орж эхэллээ. Улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэг халдвар хамгааллын дэглэм баримталж бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс энэ жил дахин албан ёсны нээлтийн арга хэмжээ зохион байгуулсангүй.  Гэвч сургуулийн гадна талбайд цэцэг худалдаа эгнэж багш, сургуулиа санасан сурагчид цэцэг барьсан байв. Хичээлийн шинэ жилийн эхний өдрийн сурвалжлагаа Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ататуркийн нэрэмжит V сургууль болон Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулиас бэлтгэлээ.
 
СУРГУУЛЬ РУУ ЭЦЭГ ЭХ, ГАДНЫ ХҮНИЙГ ОРУУЛАХГҮЙ
 
Сурагч хоорондын зайг барих үүднээс нэг ширээнд нэг сурагч суулгахаар төлөвлөжээ. Тиймээс нэг бүлгийг хоёр ээлжинд хуваан хичээллэж байгаа аж. Бага ангийн тухайд эхний ээлж өглөө 08:00 цагаас хичээллэж 10:30 минутаас тарж байгаа бол дараагийн ээлж нэг цаг хагасын дараа хичээллэнэ. Хоёр ээлж солигдох хооронд анги танхимыг ариутгаж, цэвэрлэгээ хийх аж. Сургуулиуд гадна талбайдаа сурагчдыг хүлээн авч сургуулийн хаалгаар жагсаан оруулж байгаа юм. Ингэхдээ гарыг нь ариутгаж, халуун үзэж оруулж байв.
Мөн сургууль дотор халдвар тархахаас сэргийлэн эцэг эх, гадны хүн орохыг хоригложээ. Биднийг очиход сургуулийн эхний ээлж тарж гадна талбайд сурагчдыг анги ангиар нь жагсааж эцэг эхэд нь хүлээлгэн өгч байв. Гэвч энэ үеэр бага ангийн сурагчид, эцэг эхчүүд багштай уулзах гэж хүлээж байсан нь багагүй бөөгнөрөл үүсгэжээ. Хичээлийн шинэ жилийн эхний өдрийн нөхцөл байдал, зохицуулалтын талаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ататуркийн нэрэмжит V сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн “БШУЯ, Нийслэлийн боловсролын газраас өгсөн чиглэлийн дагуу эцэг эхчүүдтэй харилцах, гомдол, санал хүлээж авах албан утас гаргаад ажиллаж байгаа.
Сургууль руу ороход бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс сургуулийн гадна талбайд анги бүрийн зогсох хэсгийн зураглалыг тодорхой гаргасан. Хүүхэд бүрийн амны хаалтыг хоёр цаг тутамд сольсон эсэхэд нарийн хяналт тавих боломж хомс. Гэхдээ багш бүрт ажиглах, тандах асуумжийг үргэлж сурагчдаас асууж өмнөх жилүүдээс илүү мэдрэмжтэй, сэтгэл гарган ажиллахыг уриалж байгаа.  Түүнчлэн удаан хугацаагаар цахимаар хичээллэсэн учраас бага ангийн хүүхдүүд ангиа олохгүй, багшаа танихгүй тохиолдол гарч байна. Тиймээс дөрвөн жижүүр багш сурагчдыг чиглүүлэх, ангийн багшид нь хүлээлгэж өгч туслахаар ажиллаж байна. Өмнө жилүүдэд нэг жижүүр багш ажилладаг байсан. Сурагчдын дархлаажуулалтын тухайд 12-17 насны тодорхой, хүндэтгэх шалтгаантай хэд хэдэн сурагч хамрагдаагүй, харин хүндэтгэх шалтгаангүйгээр дархлаажуулалтад хамрагдаагүй бол эцэг эхийн зөвлөл, багш нараар дамжуулан уриалга гаргаж байгаа” гэдгийг онцлон хэлэв.
 
 
БАГШ НАРЫН АЧААЛАЛ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ
 
ЕБС-ийн сургууль бүрт сурагчдаас шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тусгаарлах өрөөг бэлджээ. Үүнд шаардлагатай тоног төхөөрөмж, оношлуурыг бэлтгэж, сургуулийн эмчийг сургалтад хамруулсан байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ататуркийн нэрэмжит V сургуулийн тухайд тусгаарлах өрөөг бэлтгэсэн ч түргэвчилсэн оношлуургүй байна. Сургуулийн гадаа талбайд зай барих наалт, цэгийг зураасаар тэмдэглэсэн ч бага ангийн сурагчид, эцэг эхчүүд төдийлөн мөрдөхгүй байв.
Энэ талаар Ататуркийн нэрэмжит V сургуулийн бага ангийн багш Ц.Батцэцэг “Манай анги 50 хүүхэдтэй, ганцхан сар танхимаар хичээллэсэн сурагчид маань энэ жил хоёрдугаар ангид орж байна. Хоёр жил амны хаалт хэрэглэсэн учраас сургуулийн орчинд ч амны хаалтаа зөв зүүж хэвшсэн. Эцэг эхчүүд дельта вирусын халдварын тархалт өндөр байгаа учраас аль болох цахимаар оруулах хүсэлт тавьж байгаа. Өглөө, өдөр гэсэн хоёр ээлжээр хичээллэж байна. Үдээс хойшх ээлжийн хичээлээ дуусгаад цахимаар хичээл үзэх сурагчиддаа хичээл орно. Ингэхээр багшийн ачаалал гурав дахин нэмэгдсэн” гэдгийг хэллээ. Гэвч багш нарын ачаалал гурав дахин нэмэгдсэн ч урамшуулал, цалингийн нэмэгдэл олгохгүй байгаа юм байна.
 
СУРГУУЛЬД 1-2 ХАЛДВАР ИЛЭРВЭЛ ЦАХИМД ШИЛЖИНЭ
 
Сонсголын бэрхшээлтэй сурагчдад боловсрол олгох Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн дунд ангийн сургалтын менежер Д.Доржпүрэв “Манай сургууль төв, баруун, хойд гэсэн гурван хаалгатай. Бөөгнөрөл үүсгэхгүйн тулд нэгдүгээр давхарт хичээллэх сурагчид төв хаалгаар, хоёрдугаар давхарт баруун хаалгаар, гурван давхарт бол хойд хаалгаар орж гарч байна. Бага ангиас 5-6 эцэг эх цахимаар оруулах хүсэлт өгсөн. Цаг агаарын сайхан байвал сургуулийн гадаа талбайд хичээллэх боломжтой. Манай сургуулийн бүх бага анги туслах багштай учраас халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, амны хаалтыг хоёр цаг тутамд солих, үдийн хоолонд эмх замбараатай оруулахад туслах багш, үндсэн багш хамтран ажиллана. Нэг анги 8-12 хүүхэдтэй. Хэрвээ 1-2 хүүхдээс халдвар илэрвэл шууд цахим руу шилжинэ” гэдгийг онцолж байв.
Мөн БШУЯ, дүүргийн Боловсролын газраас ариутгал, халдваргүйтгэлийн зарим хангамжийг нийлүүлээгүй байгаа ч 29 дүгээр сургуулийнхан өөрсдийн боломжоор 300 гаруй түргэвчилсэн оношлуурыг захиалж бэлэн болгожээ. Сонсголын бэрхшээлтэй сурагчдын хувьд өнгөрсөн хугацаанд теле хичээлд хамрагдсан ч бага ангийнханд теле хичээл хүртээмжгүй байсан талаар онцоллоо. Учир нь бага ангийн сурагчид дохионы хэлийг бүрэн эзэмшээгүй байдаг учраас хангалттай сайн ойлгодоггүй байна.
 
ГАДАА ТАЛБАЙД Ч ЗАЙ БАРИХГҮЙ БОЛ ТАНХИМЫН ХИЧЭЭЛ УДААН ҮРГЭЛЖЛЭХГҮЙ
 
Сурвалжлага бэлтгэсэн хоёр сургуулийн удирдлагууд өнөөдрийн нөхцөл байдлыг дүгнэж цаашид халдвар хамгааллын дэглэмийг илүү сайн баримтлуулахын тулд шаардлагатай арга хэмжээ, зохицуулалтыг хийж ажиллана гэдгийг хэлж байлаа. Ямартай ч танхим эсвэл цахимаар гэж хоёр жил улсаараа талцан маргалдсаны эцэст танхим, цахим хослохоор болсон хичээлийн шинэ жил ямартай ч эхэллээ. Сургууль дотор зай барьж, гадаа талбайд бужигнасан энэ байдлаараа цаашид байвал танхимын хичээл удаан үргэлжлэхгүйг албаныхан хэлж байна.
 
2021-2022 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр төрийн гурван өндөрлөг цахимаар мэндчилгээ дэвшүүлснээс онцлон хүргэе.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Цар тахлын дараах боловсролын үйл ажиллагааг танхим, зайн сургалтыг хослуулан зохион байгуулж мэдээлэл, харилцаа холбооны технологийн ололтыг ашиглан боловсролын тэгш боломжийг үүсгэх, сайн багшийн хичээлийг хүүхэд бүр үзэх боломжоор хангахад анхааран зайн сургалтын цогц стратегийг боловсруулан хэрэгжүүлэх нь зүйтэй.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Технологийн 4-р хувьсгалын энэ эрин үед хиймэл оюун ухаан, дижитал шилжилт, цахим засаглал, Bigdata-гийн үүрэг улам бүр нэмэгдэж, дэлхий нийтээрээ эдгээрийг төгс эзэмшихийн төлөө тэмүүлж байна. Тиймээс багачууд та нар маань багш нартайгаа хамтран энэ шинэ технологи, арга ухааныг сайтар эзэмшиж, дэлхийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн ирээдүйг зорихын төлөө хичээн шамдахыг уриалж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Ерөнхий боловсролын тогтолцоонд олон улсын үнэлгээг нэвтрүүлж, Монгол хүүхэд бүр суурь боловсролын 12 жилийн хөтөлбөрт бүрэн хамрагдах тогтолцоонд үе шаттай шилжих замаар хот хөдөөгийн боловсролын тэгш бус байдлыг арилгаж,  Их дээд сургуулийг нэгдсэн стандартад оруулж өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ