"Хүмүүн" сайн дурын бүлгэмийн санаачилгаар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, аюулт цар тахлын эсрэг хамтдаа нэгдэх уриалга бүхий "Бид тайвшрах болоогүй" гар зургийн уралдааныг зарлажээ. Хүүхдүүд уриалгад нэгдэж буйгаа илэрхийлж, 200 орчим бүтээл ирүүлсэн байна. Харин шалгаруулалтыг 1-5, 6-9, 10-12 дугаар анги гэсэн гурван насны ангиллаар явуулжээ.
Энэ бол Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 11а ангийн сургч М.Агиймаагийн зурсан зураг. Тэрээр "Коронавируст өвчний үе дэх Сүхбаатар аймаг" сэдвийн хүрээнд зургаа зуржээ. Гол утга санаа нь аюулт өвчний үед аймгаа хамгаалан зогсож буй алба хаагчдад талархлаа илэрхийлэхийг хүссэн байна. Мөн нийт иргэдэдээ уриалга дэвшүүлжээ.
Зургийн маань гол утга санаа нь аймгаараа нэгдэж, нэг хүн шиг байж, бүгд урьдчилан сэргийлэлтээ зөв хийж чадвал бүгд амны хаалтаа авч шидэх цаг тун ойрхон байгаа. Дээд хэсэгт аймгийнхаа газрын зурагт амны хаалт зүүлгэн, наад талд нь ийм хүнд цаг үед ард иргэдийнхээ төлөө цаг наргүй ажиллаж байгаа цагдаа, онцгой, эмч нар, хэвлэл мэдээллийнхнийг дүрсэлсэн. Газрын зургийн дээд талд нь хамгаалалтын хувцастай, ариутгал хийж буй хүний дүрслэл нь аймаг маань бүхэлдээ ариун гэдэг санаа юм. Харин доод талд нь хүн бүр иргэний үүргээ биеүүлүүлж гэртээ байхыг уриалсан гэж М.Агиймаа ярилаа.
Энэхүү уралдааныг аймгийн залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд уралдааны шагналыг бүрэн ивээн тэтгэсэн юм.