Төрийн албан хаагч, албан тушаалтнууд хуулийн хүрээнд жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд хөрөнгө орлогоо Авлигатай тэмцэх газар (АТГ)-т мэдүүлэх үүрэгтэй. Энэ дагуу улсын хэмжээнд 43 мянга гаруй нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогоо мэдүүлэх үүрэгтэй. Өчигдөр (2021.02.15)-ийн байдлаар 99.8 хувь нь хуульд заасан үүргээ биелүүлжээ. Үлдсэн албан тушаалтнууд хугацаандаа мэдүүлгээ гаргаагүй бол хуулийн хариуцлага хүлээх юм.
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын албанаас мэдээлснээр, хэрэв мэдүүлгээ хуулийн хугацаанд өгөөгүй бол сануулахаас эхлээд ажлаас халах хүртэл хариуцлага оногдуулах аж. Энэ нь хариуцлага хүлээхээс илүү Монгол Улсын төрийн албаны нэр хүнд, төрийн албанд ажиллаж буй албан хаагчдын үүрэг бөгөөд ажил үүргээ хариуцлагатай, ил тод, цэвэр шударгаар гүйцэтгэж байгаагийн илэрхийлэл болох юм.
АТГ хөрөнгө орлогын мэдүүлгийг хураангуй байдлаар цахим сүлжээнд байршуулсны дараа иргэд, олон нийт төрийн албанд ажиллагсдын хөрөнгө орлогын мэдүүлэг хэрхэн өөрчлөгдөж буйг мэдэж хянах боломжтой билээ.