Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газар, Татварын хэлтэс хамтран "Татвар" нэгдсэн арга хэмжээг есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.Хамтарсан удирдамжийн дагуу хуулийн этгээд, хувь хүний эзэмшилд байгаа автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгслийг албан татварт бүрэн хамруулах ажил өрнөж байгаа юм.Монгол Улсын Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар “Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх үүрэгтэй бөгөөд хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө”, “Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг аж.