Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Хөрөөгийн үзүүрт хадан дээр сийлсэн 2771 зураг бий



Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Хойд Тамирын голын савд өргөргийн дагуу сунаж тогтсон хүрмэн чулуун хадтай уулыг Хөрөөгийн үзүүр гэнэ. Тэрхүү галт уулын хүрмэн чулуун тогтоц бүхий хаднаа хэдэн зуун зураг сийлсэн байх ба ойр орчимд нь хүрэл, түрүү төмрийн үед холбогдох булш, хиргисүүр, тахилгын байгууламж хэдэн зуугаараа зэрэгцэн оршино.

Эндэхийн 21 хэсэг газарт таруу байдалтайгаар нийт 785 зохиомж бүхий 2771 хадны зураг бий. Тэдгээр зураг нь хадны урагшаа харсан хэсэгт ихэвчлэн дүрслэгдсэн байх бөгөөд цөөн тохиолдолд баруун болон дээшээ харсан хаднуудад сийлжээ. Дээрх 21 хэсэг газрын хамгийн олон нь I хэсэг буюу 140 зохиомжит зурагтай бол хамгийн бага нь XV буюу 1 зохиомжит зурагтай. Нэг зохиомжит зураг дотор ганц нэгээс авахуулан хэдэн арван дүр, дүрслэлтэй.
Хөрөөгийн үзүүрийн хадны зураг сийлмэл зургийн төрөлд багтах бөгөөд тэдгээрийг дүрсэлсэн байдлаас харахад энгийн хялбарчлан тоймлох арга зонхилох хандлагатай боловч ерөнхийдөө бодит байдлаар дүрсэлжээ. Хадны зургууд нь сэдэв зохиомжийн хувьд аж байдал, шүтлэг бишрэл, ан амьтад, байгалийн сэдэвтэй байхаас гадна эд зүйлс, тамга тэмдэг, хээ чимэглэл ч бий. Тэдгээрийн дотроос ан амьтдын сэдэвт зураг зонхилно.

Аж байдлын сэдэвт зурагт хүн, хүмүүсийн харилцаа, эрхлэх аж ахуй, багаж хэрэгсэл, эд зүйлс, хээ чимэглэл зэрэг багтах бөгөөд бамбай, тэрэгний дүрслэлүүд онц сонирхолтой. Шүтлэг бишрэлийн сэдэвтэй зурагт баг, баг өмссөн хүний дүрслэлүүд хамаарах ба энэ нь эртний шүтлэг бишрэл, бөө мөргөлийн зан үйлтэй холбоотой юм.
Ан амьтдын сэдэвт зурагт хамгийн олон нь янгир бөгөөд түүний дараагаар буга, адуу, араатан, тэмээ, гөрөөс, шувуу, согоо, нохой, чоно, гахай, үнэг, могой, үхэр, аргаль зэргийг дүрсэлжээ. Бугыг хэд хэдэн янзаар дүрсэлсэн байх ба ялангуяа буган хөшөөнд сийлсэнтэй тун адилхан загварчилсан байдлаар дүрсэлсэн нь тэдгээрийн он цагийг тогтооход чухал хэрэглэгдэхүүн болж байна. Эдгээрээс гадна түүхийн өөр өөр цаг үед холбогдох 130 гаруй тамга тэмдэг дүрсэлсэн байна.

Хөрөөгийн үзүүрийн ихэнх зураг нь хүрэл, түрүү төмрийн үед, харин цөөн тооны зураг энеолитын үе, хүннүгийн үе, эртний улсуудын үе буюу НТ VI-VIII зууны үед холбогдоно.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ