Өмнөговь аймгийн Булган сумын нутаг, баруун сайхан уулын Хөөрхөн дэвсэг хэмээх газарт Ганданчоймзадлин буюу бясалгал, ариуслын хийд оршдог. Тус хийд нь Булган сумаас баруун тийш 35 километрийн зайд далайн түвшнээс дээш 2800 метрийн өндөрт байрлах уулын сүм юм. Ариусал, бясалгалын энэхүү хийдийг 20 гаруй жилийн өмнөөс суурийг нь тавьж 2010 оноос хойш тасралтгүй бүтээн босгож, 2019 онд нутгийн зон олны сэтгэл зүтгэлээрих бүтээн байгуулалтыг хийж бүрэн тохижуулжээ.
Төвхөн хийдийн залгамж гэгдэх Ганданчоймзадлин хийднь сахиусын сүм,дарь эхийн өргөө,бясалгалын рашаан бүхий оргилуур, Арьяабалын орон зэрэг хэд хэдэн байгууламжаас бүрддэг. Хад асга ихтэй, нарийн хавцал бүхий замаар мацан байж очих тус газар нь эрт үед бясалгал хийдэг энергийн төв байжээ. Эртний лам, хуврагууд уулын хярд байрлаж, олон сар, өдрөөр бясалган, оюун ухаанаа цэлмүүлдэг байсан тухай түүхийн хуудсанд бичин үлдээжээ.
Хүний бие, хэл, сэтгэлийн гэмийг ариусгах авралын 1080 шатаар сүсэгтэн олон дамжин үйлсийг түргэн бүтээх цагаан дарь эх, аюулаас гэтэлгэн аврах таван хангал сахиус, бие сэтгэлийнхээ тэвчээрийг шалгах Жанрайсаг бурхан бүхий арьяабал, цаглашгүй гэрэлт авид бурхны орон болох уулын сүмдхүрдэг билээ. Ганданчоймзадлин буюу уулын бясалгал, ариуслын хийдэд уур хилэн хийгээд шунал хүсэл мунхаг сэтгэлийн дөрвөн муу хороос хэрхэн ангижран огоорч гэгээрэх арга ухааныг олох юм. Хийдэд жилд дунджаар гадна, дотны 2000 гаруй аялагч зочлон ирдэг бөгөөд дотоодын аялагчид илүү олноор зочлон ирж мөргөл бясалгалыг хийдэг байна.