УИХ-ын 11 дүгээр тойрог буюу Өмнөговь аймагт нэр дэвшигч “Ажнай” Бат-Эрдэнэ 2019 онд нэг тэрбум 589 сая төгрөг 600 мянган төгрөг, гэр бүл нь 312 сая 915 мянган төгрөгийн орлого олжээ. Мөн нийтдээ 880 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн 2 орон сууцтай хэмээн ХОМ-доо бүртгүүлсэн байна. “Mercedes Benz”, “G 55 AMG”, “Bentley”, “Continental” гэх тансаг зэрэглэлийн 4 автомашинаа 470 сая төгрөг хэмээн үнэлсэн бол тод манлай уяач түүний 250 адуу 890 сая төгрөгийн үнэтэй юм байна. УИХ-д нэр дэвшигчдээс хамгийн өндөр үнэтэй үнэт эдлэлтэй хүнээр Ажнай Бат-Эрдэнэ тодрохоор байна. Түүний үнэт эдлэл 3 тэрбум 700 сая төгрөгөөр үнэлэгджээ. Тэрээр Өмнөговь аймгийн орон нутгийн “Тавантолгой” нүүрсний ордыг эзэмшигч бөгөөд монголд 1 тэрбум 264 сая төгрөг 484мянган төгрөгийн хадгаламжтай аж. Мөн үүнээс гадна тэрээр гадаадад 68 сая 817 мянгаар хэмжигдэх валютын хадгаламжтай гэж ХОМ-доо мэдүүлжээ.
Тэрээр “Ажнай корпораци”, “Таван Толгой”, “МЭК”, “ВВУ”, “ММС”, “Капитрон банк”, “Монгол Эд Импекс”, “Баянгол ЗБ”, “Талх Чихэр”, “Жуулчин говь”, “Ариг Гал”, “Мах Импекс “, “Говь”, “Авто зам”, “Улсын Их дэлгүүр“, “Монгол Шилтгээн”, “Женко Тур бюро”, “Инвест Капитал” зэрэг 18 компанид хувь эзэмшдэг юм байна. Энэ бүх хөрөнгөнөөс нь харвал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэнчилэн Монголын “эзэн” гэгдэх 30 гэр бүлтэй ч бизнесээрээ холбогддог бололтой. Тухайлбал, тэрээр ард түмний мэддэгчилэн Ерөнхийлөгч Х.Баттулгын “Баянгол” зочид буудал, “Талх чихэр”, “Мах импекс”, “Женко тур бюро” компанийн хувьцааг эзэмшдэг бол олноо “Таванбогдын” хэмээгддэг Баатарсайханы мэдлийн “Говь” компанид, “Номин”-гийн гэгддэг Ш.Баярсайханы “Улсын их дэлгүүр“ компанийн хувьцаа эзэмшигч юм байна.
Эх сурвалж: tvmongolia.mn