УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт нэр дэвшигч АПУ-гийн өв залгамжлагч Б.Ганхөлөг жилдээ зургаан сая 400 мянган төгрөгийн орлоготой гэжээ. Итгэх хүн байна уу. Монголын нэртэй хүний зүстэй хүү, хамгийн баян хүний өв залгамжлагч, том компани “Шунхлай Групп”-ийн хувьцаа залгамжлагчийн гэр бүл жилд хоёр сая 643 мянган төгрөгийн орлоготой хэмээн ХОМ-д бүртгүүлжээ. Төрийн өндөр албан тушаалтан, төрд өндөр алба хашихаар зүтгэж буй хүмүүсийг авилгаас ангид эсэхэд хяналт тавих зорилготой ХОМ-д зарим алдартай нэр дэвшигчид ийнхүү орлогоо мэдүүлж буй нь АТГ-т итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаар байна. Бараг 20 жилийн турш Монголын архи пиво, ундаа болон шатахууны зах зээлийг атгаж буй АПУ-гийн үүсгэн байгуулагч Г.Батхүү агсны хүү сард 500 гаруйхан төгрөгийн “цалинтай” хэмээн орлогоо бүртгүүлсэнд ард түмэн яаж итгэх вэ?
Сайн эцгийн буянаар нэг тэрбум 18 сая 494 мянган төгрөгөөр үнэлэгдэх хоёр байр, хоёр зогсоолтой, 430 сая төгрөгөө үнэлэгдэх Mercedes Benz-G500, Lexus, 570 унаатай байж болно. Харин гэр бүл нь жилд хоёр сая 643 мянган төгрөг буюу сард 100 гаруйхан мянган төгрөгийн орлоготой байж энэ үнэтэй автомашин байрныхаа зардлыг хаанаас яаж төлдөг, цаашид яаж төлөх болж байна вэ? Тэгээд бас Б.Ганхөлөг дансандаа 607 мянган төгрөгтэй гэж байгаа. Тэгсэн атлаа нэг тэрбум 714 тэрбум төгрөгийн зээл авсан гэхээр Өвөрхангайд нэр дэвшиж буй Батхүү агсны хүү Ганхөлөг өрөндөө баригдсан, өрх гэрээ ч авч явж чадахааргүй хүн гэж ойлгогдохоор байна.
Өдрийнхөө хоолыг, өнө маргаашаа аргацаахаар ийм орлоготой байж энэ залуу АН-аас нэр дэвших дэнчингийн 100 сая төгрөгөө, бас УИХ-ын сонгуульд зарцуулах 462 сая төгрөгөө хэнээс хаанаас гаргуулж төлсөн болж байна вэ?
Түүний ХОМ-д бэлэг, үйлчилгээ, өв, залгамжлал, хандив туслалаа, хөнгөлөлт гэдэг дээр 18 тэрбум төгрөг 323 сая 494 мянган төгрөг бичигджээ. Энэ мөнгө хаанаас хэзээ орж ирсэн мөнгө вэ?
Нэр дэвшигчдийн хандивын аян эхлээд долоо ч хоноогүй байгаа. Магадгүй энэ 18 тэрбум төгрөг түүнд хандивласан мөнгө болж таарах уу?
Энэ мэтчилэн Монголын толгой баяны ганц хүүгийн эргэлзээтэй, итгэх аргагүй энэ мэдээллүүдийг АТГ шалгаж байгаа байх. Тэртусмаа сардаа 500-600 мянган төгрөгийн орлоготой атлаа хэдэн тэрбумын зээлтэй ийм хүмүүс УИХ-д нэр дэвшиж байгаа нь УИХ-д сонгогдсон тохиолдолд хэн нэгнээс тэртусмаа банкуудын ашиг сонирхлоос ангид ажиллаж чадна гэдэгт итгэх аргагүй.
АН нэр дэвшигчиддээ 100 сая төгрөгийн босго тогтоож, УИХ-д нэр дэвших сонирхолтой 200 хүнээс энэ дэнчинг авсан байдаг. Тэдний нэг нь Б.Ганхөлөг бөгөөд түүнийг АН дахь олон бүлэглэлүүдийн нэг “сахал” эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл хэмээн намынхан нь ярьдаг. Тиймээс нэр дэвшигч Б.Ганхөлөгийн энэхүү тэрбумын зээл хэрэв ХХБ-ных бол тэрээр үнэхээр энэ банкны ашиг сонирхлыг төрд төлөөлөлөхөөр УИХ-д нэр дэвшиж буй болж таарна.
Тиймээс АТГ-ынхан Өвөрхангайд нэр дэвшигч Б.Ганхөлөгийн зээл болон хандивт анхаарал хандуулж шалгаж байгаа гэдэгт итгэх л үлдлээ.
Эх сурвалж: tvmongolia.mn