Хөвсгөл аймгийн Мөрөн суманд алслагдсан багийн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нэгдсэн төв байгуулах зорилготой барьж байгаа Соёл спортын цогцолборын барилгын ажил 60 хувьтай байна. Тус барилга нь 3 давхар, 320 хүний суудал бүхий урлаг соёлын танхимтай, кино театр, дэлгүүр, спорт заалтай бүх төрлийн үйлчилгээг нэг дороос хүргэх юм.
Мөрөн суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа Соёл, спорт цогцолборын барилгын ажил 2019 онд эхэлсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 5,8 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр "Рендербау" ХХК гэрээ байгуулсан байна. Одоогоор гадна пасадаа хугацаандаа хийхээр байгаа ч шугам, сүлжээний ажил дутуу тул дотор засал хийгдэж амжихааргүй байгаа бөгөөд ирэх оны намар дуусахаар төлөвлөж байгаа ажээ.