Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЭМНЭЛГИЙН ӨРӨӨНД АМИА ЕГҮҮТГЭСЭН С-ИЙН ЭГЧ: Дүү минь гурван цаг “Амь авраач, тариа хийгээд өгөөч” гэж гуйсан. Тусгаарлалтын өрөө рүү орох эмч олдохгүй байсаар амиа алдчихлаа

Тарваган  тахал өвчнөөр өвдсөн эрэгтэй эмнэлгийн өрөөнд амиа хорлосон хэрэг гарсан байдаг. Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат, 29 настай С нь тусгаарлалтын өрөөнд хоолойгоо боомилж, амиа алдсан юм. Талийгаач тарваган тахал өвчнөөр өвдсөн нь шинжилгээгээр тогтоогдож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байх үедээ амиа егүүтгэсэн гэх. Тэгвэл бид энэ хэргийн талаар талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдож бодит мэдээлэл авснаа хүргэж байна.  

МӨСТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ: ТАЛИЙГААЧИЙН ААВЫГ АЙЛЫН АМБААРТ ТУСГААРЛАСАН

       Мөст сумын Засаг даргын орлогчтой холбогдлоо. Тэрбэээр  “Алтай, Мөст сумын заагт хөл хорио тогтоосон. Тарваган тахал илэрсэн бүс нутагт хяналтын цэг гаргаж, нэгдүгээр хавьтлын дөрвөн хүнийг ажиглаж байгаа. Одоогийн байдлаар дөрвөн хүний биеийн байдал хэвийн, сайн байгаа. Талийгаач С-ийн аав Т, түүний найз Ц нарыг Мөст сумын малчин О-ийн хажуу талын амбаарт тусгаарласан. Хавьтал болсон малчин О болон түүний эхнэрийг гэрт нь тусгаарласан гэсэн. Талийгаач С, түүний аав Т нар олон жилийн өмнө нутгаасаа шилжиж, аймгийн төвд амьдарч байсан юм билээ. Тэгээд өөрийнхөө нутаглаж байсан нутгаар ирж, хоёр тарвага хавхаар агнаж, чанаж идсэн гэсэн. Үүнээс болж хүү нь өндөр халуурч, аймгийн төв рүү явсан байгаа юм. Эмнэлэгт очоод тусгаарлалтын өрөөнд байхдаа ийм харамсалтай хэрэг боллоо. Манай суманд нөхцөл байдал хэвийн байна. Хяналтын цэгт холбогдох албаныхан зургаан хоног ажиглах юм байна лээ. Хэрэв шинж тэмдэг илрэхгүй, биеийн байдал нь хэвийн байвал тусгаарлалтыг цуцална гэж хэлсэн” гэлээ.

ТАЛИЙГААЧИЙН ААВ Т: ГУРВАН ХАВХ ТАВЬЖ, ХОЁР ТАРВАГА АГНАСАН НЬ ҮНЭН. ХҮҮ МИНЬ ТАРВАГАНЫ МАХ ЧАНАЖ ИДСЭН ШӨНӨӨ ХАЛУУРЧ, БӨӨЛЖИЖ, БИЕ НЬ МУУДСАН

        Бид талийгаачийн талийгаачийн аав Т-той холбогдож, нөхцөл байдлын талаар лавласан юм. Тэрбээр “Хүү минь эхнэрээсээ салж, том охинтойгоо цуг хөгшин бид хоёртой амьдарч байсан. Гэр бүлийн харилцаанаас болж, сэтгэл санаа нь гундуу байсан юм. Амьдрал нь нэг л болж өгөхгүй, хүүхдүүдээ санаад хэцүү байсан. Би хүүгээ дагуулаад хэд хоног нутгаараа явж, агаар салхи амьсгалуулаад буцъя гэсэн бодолтой Мөстөд ирсэн. Ядаргаанд тарваганы мах, шөл сайн гэхээр нь хавх тавьж, ан хийсэн нь үнэн. Есдүгээр сарын 14-нд агнасан тарвагаа чанаж идээд, тэр шөнөдөө миний хүү халуурсан. Үүрийн 04:00 цагийн үед хүү минь “Аав аа, би халуураад болохоо байлаа. Миний тохойн дээр бондгор юм гараад, айхтар өвчинтэй байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй бөөлжиж, гүйлгэж, биеийн байдал нь хүндэрсэн. Бид хээр хонож байсан учир шөнө босож, гал түлж, ус буцалгаж өгсөн. Хүүгээ шөнө өвөртөлж унтаад өглөө нь Бодончийн гол руу хүргэж өгөөд, аймгийн төв рүү явуулсан юм. Хүүдээ “Тахал байж магадгүй шүү. Тарвага агнасан, идсэн гэдгээ нуулгүй хэлээрэй. Аав нь даагаад гарна. Миний хүү биеэ үзүүлээд, хурдхан шиг арга хэмжээ авахаа бод” гэж хэлээд явуулсан. Бие нь чичрээд, өндөр халуураад, үнэхээр хэцүү харагдаж байсан. Гэртээ очоод, түргэн дуудаж үзүүлсэн байна лээ. Харамсалтай нь, түргэний эмчид “Тарвага идсэн. Тахал туссан байж магадгүй” гэж хэлсээр байхад гэрт нь хаяад явсан байна лээ. Түргэний эмч “Өрхийн эмнэлэгтээ очиж үзүүлж, шингэн залгуул, хордлого байна” гэж хэлсэн гэсэн. Тарвага идсэн гэдгээ хэлсээр байтал тэр эмч миний хүүг аваад явчихгүй яав даа л гэж гомдож, харамсаж байна. Хэрэв тэгсэн бол нэг хоногийн өмнө эмчилгээ хийлгэж, ийм харамсалтайгаар амиа алдахгүй байсан. Хүүгээ бурхан болсон гэдгийг сонсоод даралт ихсэж, зүрхний хэм алдагдаад айлын амбаарт үнэхээр хэцүү байдалтай байна. Тэнд чухам юу болж байгааг мэдэх юм алга. Эхнэр, хүүхдүүдийг минь тусгаарласан байгаа гэнэ лээ. Хүүг минь нас барахад эгч нь хамт эмнэлэгт байсан. Охин минь л бүгдийг мэдэж байгаа байх. Би хууль ёсны дагуу хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Харин түргэний эмч, эмнэлгийн байгууллагынханд маш их гомдолтой байна. Хүү минь гурван охиноо, өндөр настай аав, ээжийгээ орхиод үүрд явчихлаа шүү дээ. Хэлэх ч үг олдохгүй, итгэх арга алга даа” гэлээ.

ТАЛИЙГААЧИЙН ЭГЧ У: ДҮҮ МИНЬ ХАМГИЙН СҮҮЛД “ЭГЧ ЭЭ, ӨВЧТӨНДӨӨ ГАНЦ ШИРХЭГ ТАРИА ХИЙГЭЭД ӨГДӨГГҮЙ ХОВДЫН ЭМЧ НАРЫГ ШҮҮХЭД ӨГӨӨРЭЙ” ГЭЭД СААРАЛ УЯА САРВАЙГААД УЙЛААД БАЙСАН

Бид болсон явдлын талаар талийгаач С-ийн эгч У-тай холбогдож, тодруулснаа хүргэе. Тэрбээр дүүтэйгээ цуг эмнэлэгт очиж, хэрэг гарах үед хамт байсан юм.
-Танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Та хэдийн биеийн байдал ямар байна вэ?
         -Бид сайн, дажгүй байна. Нэг ч хүн халуурч, бүлээрч, шинж тэмдэг илрээгүй. Эмч нарын хяналтад тусгаарлагдаж, гэртээ байцгааж байна. Ээж, би, найман жаахан хүүхэд хамт тусгаарлагдсан.
-Хэрэг гардаг өдөр юу болсныг тодорхой яриад өгөхгүй юу?
           -Дүү минь аавтай цуг нутаг руу явсан. Яваад хоёр хоноод бие нь өвдөөд гэртээ ирсэн юм билээ. Ирсэн өглөөгөө манай охин руу залгаад “Ахынх нь бие өвдөөд, халуураад байна. Түргэн дуудаад өгөөч” гэж хэлсэн гэсэн. Охин маань 103 яаралтай түргэн тусламж руу залгаж, дуудлага өгөхөд “Насанд хүрсэн хүн байж өөрөө ирж үзүүл, дуудлага хүлээж авахгүй. Өрхийн эмнэлэгтээ ханд” гэсэн байна лээ. Тэгээд ээж маань арга ядаад над руу залгаж, “Яаралтай түргэн дуудахгүй бол дүүгийн чинь бие муу байна. Насанд хүрснээрээ чи түргэн рүү залга” гэж хэлсэн. Би түргэн рүү залгаж “Насанд хүрсэн ч гэлээ бие нь үнэхээр хүнд байна. Алхаж, босож чадахгүй, чичрээд байна” гэж хэлээд, гэрийнхээ хаягийг зааж өгч, түргэн манай гэр рүү явсан. Түргэний эмчид ээж болон дүү “Тарваганы мах идсэн, тахал байж магадгүй” гэж хэлсэн байна лээ. Гэтэл түргэний эмч “Бие нь давгүй байна. Бага зэргийн хоолны хордлого байна. Өрхийн эмнэлэгтээ очиж, шингэн залгуулж, эмч бичүүлж аваарай” гэж хэлээд явчихсан байсан. Дүү минь түргэний эмчид “Миний амийг авраад өгөөч, намайг эмнэлэг рүү аваад явчих. Миний бие муу байна” гэж зөндөө хэлж, гуйсан гэсэн. Ээж ч ялгаагүй “Тахал байх магадлалтай. Хүүг минь авч яваад, эмчлээд өгөөч. Энэ хүүхдийн бие нэг л биш байна” гэж олон удаа хэлж, гуйж, учирласан байна лээ. Харамсалтай нь, нөгөө эмч нь цааргалаад, гэрт нь хаяад явчихсан гэсэн. Ээж, дүү хоёр хүүхдүүдээ үлдээгээд, өрхийн эмнэлэг рүү очсон байгаа юм. Хамаг тамир тэнхээгээ бараад, өрхийн эмнэлэгт очиж, хоёр дусал залгуулсан гэсэн. Мөн эм, тариа бичүүлж, гурван цаг орчим олон хүний сууж, эмчилгээгээ хийлгэсэн байсан. Би ажлаа тараад ээж рүүгээ залгахад “Дусал залгуулаад арай дээрдлээ. Хоол хийж өгдөг юм уу гээд сууж байна” гэхээр нь тайвшраад гэр рүүгээ харьчихсан. Гэтэл бие нь тэр шөнө улам муудсан байсан.
-Яаралтай түргэн тусламжийн төв рүү хэзээ очсон юм бэ?
        -Маргааш өглөө 09:00 цаг болж байхад дүү бид хоёр яаралтай түргэн тусламжийн төвд очсон. Дүүгийн бие улам хүндэрсэн, тохойн дээр овойсон бондгор юм нь аяганы дайны хэмжээтэй томорч, халуураад байсан учраас эмнэлэгт очсон. Дүү сандал дээр ч сууж чадахгүй, унаад, чичрээд байхаар нь арга ядаад дугаарлаж байсан хүмүүсийн урдуур орж үзүүлсэн. Эмч нь ор руу хэвтүүлж, цээжийг нь ар, өврөөс нь чагнаж, үзсэн. Тэгээд “Бие нь давгүй байна. Тохойн дээр гарсан бондгор юмнаасаа болж байж магадгүй, мэс заслын эмч дуудаж үзүүлнэ” гэж хэлсэн. Тэгээд удалгүй мэс заслын эмч ирээд, “Нээлт хийх юм байна. Хоол идчихээд ирье” гээд гараад явчихсан. Бид хоёр үүдний хэсэгт хүнд байдалтай мэс заслын эмчийг хоол идэхийг хүлээж, суусан. Дүү минь энэ хооронд хэчнээн удаа ариун цэврийн өрөө орж, бөөлжиж, гүйлгэсэн гэж санана. Сандал дээр сууж чадахгүй унаад, миний өвдгийг дэрлэж хэвтээд, хөл дээрээ зогсож чадахгүй арга ядаад нэг өрөөнд оруулсан. Мэс заслын эмч 11:00 цагийн үед хоолоо идчихээд ирж, дүүгийн гарт зүсэлт хийхээр бэлдсэн. Энэ хугацаандаа дүүгээс “Тарвага идсэн юм биш дээ” гэж асуухад дүүгийн нүд бүлтгэнэж, сандарч “Үгүй ээ, ах” гэж хариулсан. Би хажуугаас нь “Хөдөөнөөс ирсэн. Наадуул чинь тарвага идсэн байх” гэж хэлэхэд л эмч нар “пүү, паа” болоод явчихсан. Дүүг минь өрөөнөөс хөөх нь холгүй гаргаад, тусгаарлалтын өрөөнд түгжчихсэн. Тэгээд тэр хавиа ариутгаж, бөөн сүр болсон.
-Дүүд нь ямар эмчилгээ хийсэн юм бэ. Шинжилгээ авсан уу?
     -Тусгаарлалтын өрөөнд ороод цаг гаруй хугацаа өнгөрч байхад Зооноз өвчин судлалын төвөөс шинжилгээний баг ирж, шинжилгээ аваад явсан. 11:00 цаг өнгөрч байхад тусгаарлалтын өрөөнд оруулаад, 14:00 цаг хүртэл байлгасан. Тусгаарлалтын өрөө рүү хөөж оруулаад л ямар ч эмчилгээ хийгээгүй. Сууж, босож чадахгүй сульдаж, тамир нь тасарчихсан дүүд минь өвчин намдаах тариа ч хийгээгүйд үнэхээр гомдолтой байна. Дүү минь өрөөний хаалга нүдээд л байдгаараа орилж, хашхирч, амь гуйсан даа. Надад “Ганцхан ширхэг тариа хийгээд, миний амийг авраад өгөөч. Би үхлээ шүү дээ” гээд уйлаад гуйгаад байсан. Дүүг тусгаарлалтын өрөө рүү оруулчихаар нь би гадуур нь тойроод, цонхон дээр нь гүйгээд очсон. Дүү минь “Эгч ээ, эмч нарт хэлээд ганц тариа хийлгээд өгөөч. Дүү нь үхлээ шүү дээ, миний амийг авраач. Тариа байхгүй бол та эмийн сангаас аваад ирээч” гээд гуйгаад байсан. Би ч “Эгч нь эмчид хэлчихлээ. Одоо удахгүй эмч, сувилагч орлоо. Миний дүү хүлээж байгаарай, эмнэлгийн бараа харсан юм чинь учиртай” гээд зөндөө тайвшруулсан. Үнэхээр тэсвэрлэхийн аргагүй өвдөж, шаналж байгаа нь хэлж байгаа үг, гуйж байгаа гуйлт, үйлдлээс нь харагдаж байсан. Сүүлдээ дүү минь “Та яах гэж тарвага идсэн гэж хэлж байгаа юм бэ. Дүүдээ ганц тариа хийлгэчихээд хэлэхгүй яасан юм бэ” гээд уйлаад байсан. Тэр өрөөнд амь тэмцэж, шаналж, өвдөж, зовохын дээдээр зовсоор амьсгал хураасан. Гурван цаг дүүд минь ганц ширхэг ч тариа хийж өгөхгүй зовоосоор байгаад явуулсан.
-Эмч нар яагаад эмчилгээ хийгээгүй юм бэ?
       -Түргэн тусламжийн хаалга, дүүгийнхээ байгаа өрөөний цонхны хооронд би гурван цаг гүйсэн. “Миний дүүд тариа хийгээд өгөөч. Аймар өвдөөд, тэр хүүхэд үхлээ” гээд мөн ч олон удаа хэлсэн. Тэгэхэд “Одоо удахгүй эмч, сувилагч орлоо” гэж хэлээд л байгаад байсан. Дүүгийнхээ байгаа өрөөний цонхон дээр очиход ямар өрөвдөлтэй байсан гэж санана. “Миний ам хатлаа. Ус өгөөч, тариа өгөөч, эм өгөөч” гээд тамираа тасартал хашхирсан. Сүүлдээ дуу нь ч гарахаа больсон. Би цонхных нь торыг урж байж ус, утас хоёрыг нь өгсөн. Тэгээд намайг эмнэлгийн хонгилд байж байхад эмч нар “Наад хүн чинь хавьтагч” гээд эмнэлгийн гадаа гаргасан. Сүүлдээ эмнэлэг рүү оруулахгүй байсан. Тэгээд Яаралтай түргэн тусламжийн гадаа таньдаг эмчтэйгээ таарсан. Манай нөхрийн хамаатных нь дүү эмчээр ажилладаг юм. Тэгээд Сарнай эмчээс “Дүүг минь тарваган тахал гээд хорьчихлоо. Чи учрыг нь олоод өгөөч. Дотогшоо ороод миний дүүд өвчин намдаах тариа хийгээд өгөөч” гэж гуйсан. Сарнай эмч “Дүү нь амарчихсан байгаа. Гэхдээ ороод учрыг нь олоод өгье” гээд яарч, сандраад орсон. Тэгээд өөрөө тусгаарлалтын хувцас өмсөөд дүү рүү минь орохоор болсон.
-Тусгаарлалтын өрөө рүү орох эмч, сувилагч олдохгүй хугацаа алдсан юм уу?
       -Тийм байна лээ. Дүүг минь халдвартай учраас эмчлэх эмч, сувилагч олдохгүй байсан юм шиг байна лээ. Тэгж л хугацаа алдаж, дүүг нь гурван цаг жижигхэн өрөөнд хорьж, зовоосон. Амарч байсан эмч нь дүүгийн минь байсан өрөө рүү орохоор болсон гэдэг нь эмч олдохгүй байсан гэдгийн илрэл шүү дээ. Тангараг өргөсөн тэр олон эмч дунд тусгаарлалтын өрөө рүү орох эмч олдохгүй байсан гэхээр үнэхээр гомдолтой байна.
-Эмчийг ороход дүү тань бурхан болчихсон байсан юм уу?
         -Эмчийг орохоос хоёр минутын өмнө орон дээрээс унаж байгаа юм шиг чанга дуу гараад, чимээгүй болчихсон. Сарнай эмч тусгаарлалтын өрөө рүү ороод л хашхираад явчихсан. Би эмнэлгийн гадуур тойроод цонхон дээр нь очиход дүүгийн минь цээжин дээр хиймэл амьсгаа хийж байсан.
-Та нас барахаас нь өмнө хэдэн минутын өмнө цонхон дээр нь очсон юм бэ?

        -Бараг л 15-20 минутын өмнө очсон байх. Дүү минь “Эгч ээ, өвчтөндөө ганц тариа хийгээд өгдөггүй Ховдын эмч нарыг та шүүхэд өгөөрэй” гээд хашхираад байсан. Тэгээд тайвшруулаад “Одоо эмч орох гээд хувцсаа өмсөж байна” гэж хэлсэн чинь над руу саарал уяа сарвайгаад, уйлаад байсан. Дуу нь сонсогдохоо болиод, намайг айлгаж байгаа юм шиг орны толгой руугаа заагаад, уяагаа сарвайгаад байсан. Би эмч нарт нь очоод “Миний дүү үхэх гээд байна. Над руу уяа сарвайгаад байна” гэж хэлсэн ч тоогоогүй. Би намайг айлгаж байна гэж бодсон. Хэрэв ингэж айлгавал надад тариа хийгээд өгөх болов уу гэж горьдож байсан байх...

-Гутлын үдээс юм уу?
         -Үгүй ээ, үдээсгүй гуталтай байсан. Гутлын үдээсээрээ амиа хорлосон гэдэг нь худал. Цамц, малгайных нь л уяа байсан байх. Дүүгийн байсан өрөө камертай. Ямар байдалтай байсныг нь эмч нар камераар хараад байж байсан. Тэгсэн хэрнээ юу ч хийгээгүй. Тамир, тэнхээгээ тасартал гуйсан шүү дээ. Ямар хэцүү байдалтай байсан гэж санана.
-Тусгаарлалтын өрөө рүү орсон эмчээс та ямар байдалтай байсныг нь асуусан уу?
       -Тийм ээ, би асуусан. Сарнай эмч “Орныхоо толгойноос уяад, өөрийгөө боочихсон байсан. Орныхоо урд тал руу унаж, суугаараа амьсгал хураасан байсан. Намайг ороход зүрх нь зогсчихсон, гүрээний судас нь уяанд дарагдсан байсан. Аврах ямар ч боломж байгаагүй. Хэрэв хоёр минутын өмнө орсон бол аврах боломж байлаа. Юу ч хийж чадсангүй” гэж хэлсэн. Тэр эмчид ямар буруу байх билээ. Бүхэл бүтэн амралтаа авчихсан, хувийн ажлаар ажлаараа ирж таараад, надад туслаад тусгаарлалтын өрөө рүү арга буюу орсон хүн шүү дээ.
-Талийгаач хамгийн сүүлд хэнтэй утсаар ярьсан байдаг юм бэ?
        -Нас барахаасаа 20 минутын өмнө буюу 13:40 цагийн үед хадам ээжтэйгээ ярьсан юм билээ. Нас барсных нь дараа би хадам ээжтэйгээ ярьсан гэдгийг нь мэдсэн. Гэхдээ чухам юу гэж ярьсныг цагдаа нар тогтоох байх. Дүү минь эхнэрээсээ тусдаа амьдраад багагүй хугацаа өнгөрч байгаа. Гэхдээ эхнэрийгээ “Хүрээд ир, хамтдаа амьдаръя. Хүүхдүүдээ элэг бүтэн амьдруулъя ” гэж мөн ч олон удаа гуйсан. Гэрээ барьчихаад хүртэл хүлээж байсан шүү дээ. Даанч тэр эмэгтэй миний дүүгээр доог тохуу хийгээд, доромжилж, хүүхдүүдтэй нь уулзуулахгүй байсан. Өнгөрсөн хавар явж, том охиноо авчирсан. Бага хоёр охиноо санаад тун хэцүү байдалтай байсан даа. Том охиныгоо авахаар яваад ирэхдээ зодуулчихаад ирсэн. Гэхдээ бидэнд эхнэрийнхээ талаар нэг ч муу үг хэлж байгаагүй. Том охин нь ирээд “Ээж, аавыг өшиглөөд, зодоод байсан. Найзалж байгаа ахтайгаа нийлээд аавыг минь хүлж, суганы үсийг нь шатаасан. Ам руу нь архи хийсэн” гээд нэгд нэгэнгүй ярьсан. Тийм их доромжлолыг тэсэж, өнөөдөрт хүрсэн юм шүү дээ. Гэтэл ажилдаа хайнга, тангаргаасаа буцсан эмч нараас болж өвчнөө дийлэхгүй, амиа егүүтгэчихлээ. Гэхдээ бид амиа егүүтгэснийг нь нүдээр хараагүй. Бас тарваган тахал туссан эсэхэд нь ч эргэлзэж байна. Тэр олон хүнтэй хавьтал болсон хэрнээ нэг ч хүнээс нь шинж тэмдэг илрээгүй. Би дахин шинжилгээ авахыг хүсэж байна.
-Хадам ээж рүүгээ залгаад юу гэсэн юм бол. Сэтгэл санааны хямралд орсон юм болов уу?
        -Эмнэлэг дээр бөөн юм болж байгаад бид гэртээ харьсан. Дүүгээ авч яваад, хөрсөн цогцсыг нь харж чадахгүй би гэртээ ганцаараа ирсэн. Гэртээ ирээд, хүний хань байсан юм чинь эхнэрт нь хэлье гэж бодоод хадам ээж рүү нь залгасан юм. Тэгээд “Э байна уу, дүү минь бурхан болчихлоо” гэсэн чинь “Өө, ийм хурдан уу. Э байхгүй, найз залуутай болоод самарт хамт явчихсан” гэж хэлсэн. Тэгж л утсаар ярьсан гэдгийг нь мэдсэн. Хадам ээждээ “Хүү нь тарваган тахал туссан. Үхэх юм шиг байна. Хүүхдүүдийг минь сайн харж хандаарай” гэж хэлсэн байна лээ. Хэдийгээр сэтгэл санааны хямралд орсон ч амиа хорлосон гэдэгт нь итгэхгүй байна. Миний дүү минь ухаан сийрэг, ар гэрээ тэжээж явсан шүү дээ.
-Охид нь мэдсэн үү?
       -Нялх амьтад ааваасаа хойш яаж амьдардаг байгаа юм бэ дээ. Цаг нь болохоор мэдэх байх. Муу аав, ээж хоёр минь дээлтэйгээ хатах нь. Аав минь уулын мухарт байж ядаж, ээж минь хэцүүхэн байдалтай байна.
-Талийгаачийн цогцсыг ар гэрийнхэнд нь өгнө гэнэ үү?
           -Үгүй гэсэн. Чандарлах юм байна лээ. Тэгж ар гэрийнхэн нь ажил явдлыг нь хийнэ гэсэн. Энэ баасан гарагт дүүгийн минь ажил явдал гарна. Тэгээд дүүгийнхээ төлөө хөлөө хүрэх газар хүртэл нь явна.

ХОВД АЙМГИЙН ЗӨСҮТ-ИЙН ДАРГА: ОЙРЫН ХАВЬТЛЫН 48 ХҮНИЙГ ТУСГААРЛАСАН. ТАЛИЙГААЧААС ӨӨР ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ

         Талийгаачийн шинжилгээний хариу булчирхайн тахал гэдэг нь тогтоогдсон гэх. Тэгвэл бид Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Б.Бямбажаргалтай холбогдлоо. Тэрбээр “Бид тухайн өдөр шаардлагатай шинжилгээг дуудлагын дагуу очиж авсан. Дуудлагаар очсон эмч хэлэхдээ “Талийгаачийн биеийн байдал хүнд. Асуусан асуултад удаж, хүндрэлтэйгээр хариулж байсан. Тарвага идсэн талаараа хэлээгүй, хариулахгүй байсан” гэж хэлсэн. Шинжилгээгээ аваад өрөөнөөс нь гарч, ирж шинжилгээгээ хийсэн. Түргэвчилсэн тестээр хариу эерэг гарсан. Мөн талийгаачийн шинжилгээний хариу тарваган тахал мөн болох нь тогтоогдсон. Одоогийн байдлаар нэг, хоёрдугаар хавьтлын 48 хүнийг тусгаарлаж, ажиглаж байна. Одоогоор халуурч, шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй” гэв.
Бид үргэлжлүүлэн энэ талаар сурвалжлах болно. Мөн иргэд та бүхнийг хориотой ан агнахыг байхыг сэрэмжлүүлж байна.

https://ergelt.mn/news/59/single/25257скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ