Дорнод аймгийн Онцгой комиссын 2022 оны долдугаар сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрээр малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор аймгийн хэмжээнд болон нийслэл, бусад аймаг сумдад амьд үхэр болон үхрийн мах, түүхий эдийг тээвэрлэх, худалдан борлуулах, нийтийн хэрэгцээнд нийлүүлэхийг үргэлжлүүлэн 10 хоног буюу 2022 оны наймдугаар сарын 1-ний өдрийг дуустал хугацаанд хориглох шийдвэр гаргажээ.
Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин анх 2022 оны зургаадугаар сарын 18-ны өдөр бүртгэгдсэн бол сүүлийн тохиолдол нь долдугаар сарын 19-ний өдөр бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Баянтүмэн, Булган сумдын гурван голомтод 95 үхэр өвчлөн, устгалд оруулжээ.
Аймаг, сумдын Онцгой комисс, Мал эмнэлгийн газартай хамтран тус өвчний голомтыг цомхотгох, тэмцэх арга хэмжээг шуурхай авч, голомтот бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ