Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв” өнөөдрөөс үйл ажиллагаа явуулж эхэллээ. Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс “HOLT” олон улсын хүүхдийн байгууллагатай хамтран тус төвийг байгуулжээ.
Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, “HOLT” олон улсын хүүхдийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Нийгмийн үйлчилгээний ерөнхий зохицуулагч Н.Цэнгэл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энхтуул болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөлөл оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тус төвийг хариуцсан мэргэжилтэнд хүүхдийн хөдөлгөөн засах хэрэгслийг гардуулав.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх төв Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг түшиглэн бий болсноор Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг 994 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг, эх асран хамгаалагчдыг чиглүүлэх, мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг тав тухтай орчинд түргэн шуурхай чанартай хүргэх, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин бүрдэж байна.Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан “HOLT” олон улсын хүүхдийн байгууллагын хамт олонд талархал илэрхийлэв. Мөн тус төвийн байнгын үйл ажиллагааг цаашид өргөн цар хүрээтэй явуулахад бүхий л талаараа дэмжин ажиллахаа хэллээ.
Түүнчлэн, Сонгинохайрхан дүүрэгт тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн цогцолборыг байгуулахаар 2022 оны Улсын төсөвт хөрөнгийг суулгуулсан. Тиймээс ирэх хавраас бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Тус сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор тусгай хэрэгцээт хүүхдүүд таатай орчинд сурч боловсрох нөхцөлөөр бүрэн хангагдаж, хүүхдүүдийн эцэг, эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх зэрэг олон боломжууд нээгдэх юм.