Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хамар хатгах өвсгүй, хавсаргатай хахир хаварт малчид туйлдаж байна


Өдийд хотоор нь дүүрэн хурга, ишиг майлалдаж, зэл дээр төрөөд удаагүй тугал хөл дээрээ тогтохоор тэмтчиж, эхийнхээ дэлэнг хайн өмөлзөн мөөрч, нялх төлийн дуу цангинаж байдаг газар энэ жил хэдхэн төлтэй хавартай золгожээ. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн малчин Д.Бат-Очир гуайнх л гэхэд 100 гаруй төл хүлээн авах байснаас өдгөө 7-8 тугал, гуравхан ишиг, арав гаруйхан хургатай байв. Хургануудынхаа олонхыг ямаанд тэлээлжээ. Тэднийх 60 үхэр, 300 гаруй бог малтай. Гэтэл энэ өвөл малынхаа бараг талыг алджээ.
Бүр тодруулбал, хонины 50 хувь, ямааны 30 хувь нь хорогдож, мөн 20-иод үхэр үхсэн байна. Энэ жил Бүрэнтогтох суманд цас ихтэй, хүйтэн, хатуу өвөл тохиож. Малын хашаатай чацуу цасан хунгар тогтож, ингээд зогсохгүй хавар нь олигтой дулаараагүйгээс цас хайлахгүй, хүндхэн хавар болсон аж. Гэхдээ эднийх энэ хавьдаа хамгийн олон мал алдсан айл нь. Учир нь, 80 гарсан хоёр хөгшин хөл муу, даралт нь байнга ихсэх тул өвөл, хаврын хүйтэн саруудад аймгийн төв бараадаж, хэдэн малаа туслах малчинд даатгаж, мал төллөх үеэр мал дээрээ гардаг болоод олон жилийг үдэж буй. Гэтэл энэ жил итгэж, найдаж малаа үлдээсэн малчид нь ажил төрлөөр тааруухан хүмүүс байж. Аав, ээжтэйгээ дөрвүүлээ мал маллана гэхээр нь гэр хүртэл авч өгсөн ч аав, ээж нь өвөл хүйтрэнгүүт хот явчихжээ. 
Д.Бат-Очир гуай 50 нас гартлаа малын эмчээр ажиллаж, түүнээс хойш 30 гаруй жил мал маллаж байгаа. Амьдралынхаа ихэнх цаг хугацаанд малтай ноцолдож, хөдөө хөхөрч, буянт малынхаа үр шимийг хүртэж яваа эр. Бас сайн малчин. Тэднийх өмнө нь хэд хэдэн зуднаар өнчин ишигний ч гарцгүй өвөлжиж байсан.Тэрбээр мөн олон айлыг малтай болгож, амьжиргааг нь залгуулсан. Туслах малчин хийж байгаад, мал нь олон боллоо гэж гарсан хүмүүсээс түрүүч нь 1000 малтай болжээ. Өөрийнх нь мэргэжлийг өвөлж авсан хүүхэд үгүй гэнэ. Энэ тухай Д.Бат-Очир гуай “Хүүхдүүд мал сонирхохгүй юм. Миний мэргэжлийг өвлөж авсан хүн байхгүй. Би угтаа тэдний хөрөнгийг маллаж, идэш, тэжээлийг бэлтгэж байгаа ухаантай” хэмээсэн. 

“ЦАС, ЗУД МАЛЧИН ХҮНИЙ АЖЛЫГ ШАЛГАДАГ”

Өвгөн, эмгэн хоёр өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд мал дээрээ гараад л ийм олон тооны мал үрэгдсэнийг мэдэж, туслах малчдаа явуулжээ. Хоёр хөгшин хөлгүй ч ач, зээ нарынхаа буянаар малаа хариулж, энэ хугацаанд нэг ч малын хорогдол гаргаагүй гэнэ. “Олон жилийнхээ хөдөлмөрийг энэ жил үгүй хийлээ. Одоо л цаг наашилж, гайгүй хавар болох шинжтэй байна. Ногооны толгой цухуйгаад эхэллээ. Цас, зуд малчин хүний ажлыг шалгадаг юм. Ажилгүй хүн малаа алдаж, ажилтай хүн малтайгаа үлддэг жамтай. 2-3 нуруу өвс бэлтгэсэн байсан. Ирэхэд маань өвс бараг л дууссан байлаа. Туслах малчид хонь, ямаагаа бэлчээрт гаргаагүй, өвс хаяж өгөөд л байлгаад байсан бололтой” хэмээн Д.Бат-Очир гуай ярьсан.
Өвөлжилт хүндэрсэн гэж сум, орон нутгийн удирдлагаас тэднийд 30 боодол өвс, зургаан шуудай тэжээл өгсөн гэнэ. Мөн мал туранхай байгаа учраас ямаагаа самнаагүй, цаг агаар харзнаж байна хэмээсэн. Энэ жил Хөвсгөл аймгийн Жаргалант, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Галт, Төмөрбулаг зэрэг суманд цас их орж, улмаар дагтаршиж мөстөн, хүйтний эрч буураагүй аж. Үүний улмаас өвөлжилт хүндэрч, олон мал хорогдсон байна. Хэдийгээр өдгөө хаврын урь орсон ч өвлийг хүндхэн давсан сумдад хаваржилт хүндэрчээ. Бүрэнтогтох сумын хувьд ямаа хээл хаях нь элбэгшжээ. Мөн зарим тохиолдолд хээл амьгүй болж, ямаа ишиглэх явцдаа үхэх нь олширсон гэнэ. Ийм дүр зураг ганц энэ сум гэлтгүй аймгийн хэмжээнд ажиглагдах болжээ. 

БОРЛОНГИЙН НҮД ЦЭХИЙЖ, ТӨД УДАЛГҮЙ ҮХЭХ БОЛЖЭЭ

Бид Д.Бат-Очир гуайнхаас гараад Бүрэнтогтох сумын Их-Уул багийг зорилоо. Машин зам ногоорч, ирж буй цагийн аясаар униар татан, өвсний толгой цухуйгаад эхэлжээ. Д.Баасанноровын хотонд хоёр айлын 120 гаруй ямаа ишиглэх байснаас ердөө 20 гаруйхан төл хүлээн авсан гэнэ. Одоо 20 ямаа л ишиглэх үлджээ. Өөрөөр хэлбэл, үлдсэн 80 гаруй ямаа хээл хаях нь хаяж, зарим хээл хэвлийдээ амьгүй болж, үүний улмаас ямаа ишиглэх явцдаа үхсэн гэнэ. Ганц тэднийх гэлтгүй ойр орчмын айлуудынх нь мал иймэрхүү байдалтай байгаа аж. Д.Баасанноров “Манайх 100 гаруй малтай. Цас гайгүй байсан ч мал муудаж, 30 гаруй борлон үхсэн. 2009 оноос хойш ийм хэцүү өвөл болж байгаагүй. Уг нь зуншлага сайхан болсон юм. Гэтэл өвсийг цас хунгарлаж дараад, бэлчээр муудаж, олон мал өлдөж, үхэх шиг боллоо” хэмээсэн. Түүнчлэн гуравдугаар сарын сүүлчээс тэдний борлонгуудын нүд өвдөж, нүдний хар нь цэхийж цайгаад, төд удалгүй үхэх болжээ. Нүдэнд нь өвс шургуулж, давс түрхэж, тариа, вакцин хийгээд ч тусыг олоогүй гэнэ. 10 орчим борлон ийм байдлаар үхжээ. 
Малчид ганц ч болов малаа онд мэнд оруулахын тулд өөрсдийгөө золиослон, эрүүл мэндээ үл хайхран хөдөлмөрлөдөг. Өөртөө тариа хийхгүй хэрнээ малаа вакцинжуулдаг. Гэсэн ч өвлийг хүндхэн давсан сумдад хаваржилт хүндэрч, малчид малаа алдаж, туйлдаж байгаа дүр зураг харагдаж байлаа. Мөн малчдын амьжиргааны гол үүсвэрүүдийн нэг нь ноолуур. Харин энэ жил Ч.Улаан сайд ноолуурын үнийг тогтоож, Хөвсгөл аймагт нэг кг ноолуурыг 95 мянган төгрөгөөр авах тухай мэдээлэл гарсан. Гэтэл газар дээр нэг кг ноолуурыг 55 мянган төгрөгөөр авч байв. Иймээс иргэд ноолуураа борлуулахаа аядаж, үнэ нэмэхийг хүлээж байгаагаа хэлж байлаа. 

Г.СОНИНПИЛ: МАЛ АМИН ДЭМИЙН ДУТАГДАЛД ОРЖ БАЙНА

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг дарга Г.Сонинпил малын эмч мэргэжилтэй. Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг малын бага эмчээр төгсөж байжээ. Тэрбээр төгсөнгүүтээ сумын эмчээр ажиллаж эхэлсэн байна. Түүнээс өвөлжилт, хаваржилт болон мал төллөлт, мал эмнэлгийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Сумын хэмжээнд өвөлжилт, хаваржилт хэр болж байна вэ?
-Сумын зургаан багийн 430 мянга, дээр нь Мөрөн сумын 100 мянга гаруй мал манай нутагт өвөлжлөө. Өнгөрсөн жил өвс сайн ургаж, гайгүй өвөл болсон. Цагаан сарын өмнө цаг агаар муудаж, удаа дараа цас орсноор уулан талаар өвөлждөг айлуудад хүндрэл үүсэж, цасанд мал нь боогдож, багадаа хоёр түүнээс олон хоног малаа хашаанд нь тэжээсэн. Үүнээс хойш хүйтэн салхилж, малчдын бэлтгэсэн өвс, тэжээлийн нөөц дуусаж, хүндрэл үүссэн. Үүний улмаас өнгөрсөн долоо хоногийн байдлаар 6000 гаруй толгой мал хорогдлоо. Төлийн хорогдол их байна. Төлийн бойжилт хонь 80, ямаа 40-50 хувьтай байна. 
-Ямаа хээл хаяж, ишиглэх явцдаа үхэж байгаа нь юунаас болж байна вэ?
-Хөдөөгөөр явж байхад айл бүрийн мал иймэрхүү байдалтай байна. Дүн шинжилгээ хийгээд үзэхээр малд байх ёстой амин дэм, уураг, витамин байхгүй  болжээ. Энэ нь бэлчээрийн ургамын чанар доройдсоноос болж байгаа. Өөрөөр хэлбэл, мал амин дэмийн дутагдалд орж байна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор хээл амин дэмийн дутагдалд орж, хэвлийдээ амьгүй болох, төрөнгүүтээ үхэх болсон. Цаашид бэлчээрийн чанарыг сайжруулахад анхаарахгүй бол малын өвчлөл, хорогдол гарсаар байх болно.  
-Сумын хэмжээнд бэлчээрийн даац ямар байна вэ?
-Бэлчээрийн даац 70 хувиар хэтэрсэн. 430 мянга гаруй малын ердөө 30 хувийнх нь бэлчээр манай суманд байна гэсэн үг. 
-Тэгвэл ямар гарц, гаргалгаа байна вэ?
-Бэлчээрийн отор нүүдэл, өнжөө сэлгээ хийе гэхээр улсын хэмжээнд хаа сайгүй ийм байна. Малаа заазалъя, малынхаа тоог цөөрүүлье гэхээр малчдад тийм гарц алга. Малыг нь өндөр үнээр авах газар байхгүй. Малчид зөвхөн малаараа амьдрал ахуй, эдийн засаг, нийгмийн асуудлаа шийдэж, үр хүүхдүүдээ тэжээж, сургууль соёлтой залгуулдаг. 300 толгой малтай өрх нийгэм, эдийн засгийн асуудлаа хэвийн шийдэж чадахгүй. Багадаа 500 толгой малтай байж амьдралаа авч явдаг. Тэгэхээр малаа багасгах боломж байхгүй, харин ч өсгөхийг хичээдэг. Бэлчээрийн даац хэтэрч, байгаль орчны тогтвортой хөгжил алдагдсан үед маш олон бодлого зохицуулалтыг зөв хийх хэрэгтэй. 
-Өнгөрсөн жил танай сум цөөнгүй малаа мах бэлтгэлд өгсөн гэж сонссон?
-Манай аймагт дөрвөн мах комбинат баригдсан. Өнгөрсөн жил манай сумаас олон мянган толгой мал бэлтгэсэн. Айл болгон багадаа 100 мал өгсөн. 
-Мал эмнэлгийн салбар хэрхэн үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Манай суманд өнгөрсөн жил Мал эмнэлгийн тасаг байгуулагдсан. Гэвч тогтолцооны хувьд буруу, босоо удирдлагатай. Уг нь сум орон нутгаасаа удирдлагатай байх хэрэгтэй. Гэтэл хөрөнгө санхүү, удирдлага нь дээрээсээ учраас төрийн ажил, үүрэг явуулахад хүндрэлтэй байна. Мал эмнэлгийн тасаг хоёр мэргэжилтэнтэй. Түүний цаана нэгж гээд хувийн компаниуд байна. Манай сумыг зургаан мал эмнэлгийн нэгж хариуцдаг. 430 мянга гаруй толгой малыг зургаан мал эмнэлгийн нэгж баг багаар нь хувааж хариуцдаг. Жишээ нь, Их-Уул баг 90 мянга гаруй толгой малтай ч нэг л эмч хариуцдаг. Хүчин чадал нь хүрдэггүй. Вакцин гэх мэт ажил үйлчилгээг малчдад хүргэж байгаа хэдий ч хүн хүч хүрдэггүй, хувийн тодотголтой учраас хариуцлага нь сул. 
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ,NPost.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ