Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Дүн нь гарчихсан" сонгуулиас болж түмний хөлийг хорих хэрэг байна уу


Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал авах хяналтын тооллого хийхтэй холбогдуулан аравдугаар сарын 16-ны бямба гарагт нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамж гарлаа.
Уг захирамжид  соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг,  гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөрт шилжүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгасан байна.
 Амралтын өдөр үйл ажиллагаа явуулахгүй бол орлого 70 орчим хувиар буурдаг
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 9-11-нд мөн дээрх зарчим хэрэгжсэн юм. Тодруулбал, архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглож, зах худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хязгаарласан.  
Ийнхүү хоёр долоо хоног дараалан амралтын өдрүүдэд худалдааны төв ажиллахгүй байгаа нь худалдаа эрхлэгчдийн болон иргэдийн эгдүүцлийг төрүүлээд байна.               
 “Натур” худалдааны төвийн гүйцэтгэх захирал Б.Бямбацэрэн “Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль болж байхад хаа байсан Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төвүүдийн хүртэл хаах шийдвэр гаргаж байгаа нь утгагүй байна. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр нөхөн сонгуультай гээд ажиллаагүй. Энэ долоо хоногт нэмэлт санал хураалт явагдана дахиад ажиллахгүй байх ямар ч боломж алга. Тиймээс албан ёсны захирамж ирсэн ч бид  үйл ажиллагаагаа явуулна. Өмнө нь ингэж журам зөрчиж байгаагүй болохоор ямар шийтгэл, торгууль ногдуулдгийг нь мэдэхгүй байна. Гэхдээ л нэг удаа хааж болно. Хоёр долоо хоног дараалаад амралтын өдөр ажиллахгүй байна гэдэг бизнес эрхлэгчдэд үнэхээр хүндрэлтэй. Өнгөрсөн удаа захирамж гарахад түрээслэгчид бухимдалтай л хүлээж авсан. Нэг амралтын өдөр үйл ажиллагаа явуулахгүй байхад л долоо хоногийн орлого 70 орчим хувиар буурдаг. Тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөрт шилжүүлэх тухай захирамжид тусгасан байдаг. Манай худалдааны төв даваа гарагт амардаг. Учир нь энэ өдөр бараг хүнгүй өнждөг. Захирамжийн дагуу зохицуулахаар үйлчлүүлэгчгүй байдаг өдрөө хий дэмий ажиллахад хүрч байна.
“Баянзүрх” худалдааны төвийн худалдаа эрхлэгч Б.Бямбагэрэл “Өнгөрсөн өвөл хөл хорио, цар тахал нэрийдлээр багагүй хугацаанд худалдаа үйлчилгээний байгууллага ажиллаагүй. Их хэмжээний алдагдал хүлээсэн ч түүнийгээ нөхөхөөр чадлаараа л хичээж байна. Гэтэл дахиад л хоёр долоо хоног дараалаад орлого тасалж байгаад үнэхээр бухимдаж байна. Худалдааны байгууллага амралтын өдөр л хамгийн их хүнтэй байдаг. Энэ өдрүүдэд ажиллахгүй байхаар долоо хоног хаасантай л ижил. Архи зарахыг  хориглоод, зах худалдааны төвийг нээлттэй байлгаж болдоггүй л юм байхдаа” гэлээ.
“Хомсдол үүсэхээс өмнө хүнсээ цуглуулмаар байна”
Замын-Үүд-Эрээн боомтыг уржигдар оройноос эхлэн тодорхойгүй хугацаагаар хаасан. Нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн тул бүх жолоочийг шинжилгээнд хамруулсны дараа боомтыг нээнэ гэсэн мэдээлэл буй юм. Үүнд 14-21 хоног шаардахын Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын дарга У.Баянбилэгээс мэдээлсэн. Тэрээр “Нэг жолоочоос халдвар илэрсэн учир тэнд буй бүх хүнийг шинжилгээнд хамруулна. Үүнд 14-21 хоног шаардана гэсэн. Ямартай ч Монголын талаас шалтгаалсан зүйл байхгүй. Хятадын тал хэрхэн шийдвэрлэхийг л хүлээж байна” гэсэн юм.
Ингэснээр манай улсын экспорт, импорт багадаа нэг, ихдээ 2-3 долоо хоногийн хугацаанд зогсолтод орно. Өдөр тутмын хэрэглээгээ ч импортын бараа, бүтээгдэхүүнээр хангадаг учир барааны хомсдол үүсэх эрсдэл өндөр. Иймд иргэд энэ амралтын өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүнээ базаахаар төлөвлөж байсан ч төрийн шийдвэр дөнгөлж орхижээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн Х.Сүх-Оргил “Хил хаагдчихаар өндөг, төмснөөс эхлээд хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэх нь тодорхой. Бараа бүтээгдэхүүн хомстоод эхлэхээр үнэ нь “тэнгэрт хадчихдаг” бичигдээгүй хууль бий. Төр үүнийг шийдвэрлэж чадахгүй. Тиймээс амралтын өдрүүдэд хүнсээ цуглуулахаар төлөвлөж байсан ч зах, худалдааны төвийг хаахаар болчихсон байна. Үнэхээр амьдрал ойлгохгүй, утгагүй шийдвэр гаргах юм. Ажлын өдөр хүнс базаагаад явах завтай хүн нийслэлд хэд бий бол. Иргэдийг ингэж чангалж байдгаа болих хэрэгтэй. Бүх нийтийн санал хураалт биш. Нэг дүүргийн л нөхөн сонгууль байхад нийслэлийн хэмжээнд ийм арга хэмжээ авах нь зохимжгүй шүү дээ” гэлээ.  
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулинд санал авах өдөр хориглох үйл ажиллагааг тусгайлан заасан байдаг. Тодруулбал, сонгуулийн тухай хуулийн
  • 70.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана:
  • 70.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
  • 70.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;
  • 70.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах гэж тусгажээ. Ингэхдээ Нөхөн сонгууль, нэмэлт санал авах хяналтын тооллогын үед хэрхэх тухай нарийвчилж тусгаагүй байна.  
Түүнчлэн нэг дүүрэгт нөхөн сонгууль явуулж байгаа үед нийслэлийн хэмжээнд дээрх хуулийг хэрэгжүүлнэ гэсэн зүйл, заалт ч ороогүй байгаа юм.
Энэ мэт нөхцөл байдалдаа уялдаж, цаг үеэ мэдрээгүй шийдвэрүүдийн хохирогч нь иргэд болж, эд хөрөнгө, цаг хугацаагаа “мөлжүүлж” буй юм. Нэг дүүргийн тал хэсэгт нөхөн сонгууль явуулахын тулд нийтийн эрх ашгийг зөрчиж буй нь зохимжгүй.                                                    
http://eagle.mn/r/92881
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ