Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сургуулиудын зохицуулалт сурагчдад тэгш боломж олгохгүй байна

 
Хоёр жил цахимаар үргэлжилсэн ЕБС-ийн хичээл есдүгээр сарын 1-нээс танхим, цахим хосолсон байдлаар орох болсон. Гэсэн хэдий ч халдварын эрсдэл буураагүй, амны хаалтгүй зөрөхөд л халдварлах чадвартай дельта хувилбар тархаад буй тайвчирч болохгүй цаг үе. Дэлхийд танхимын хичээлээ хамгийн удаан хугацаагаар хаасан улсаар тодорч халдвар бүртгэгдээгүй байхад хичээл сургуулиа зогсоосон манай улсын боловсролын салбар дахин нэг жил “хаягдах” магадлалтай байна. Учир нь БШУЯ-наас танхим, цахимаар долоо хоног ээлжлэх буюу 5/9-ийн зарчимаар хичээллэх зохицуулалт хийсэн. Мөн ЕБС-ийн бага анги, цэцэрлэгт халдварын нэг л тохиолдол илэрвэл цахимд шилжүүлж байгаа. Шинэ хичээлийн жил эхэлснээс хойш 10 хоногийн хугацаанд 245 сургуулийн 1592 бүлэг цахимд шилжсэн. Энэ нь 43351 хүүхэд гэрээсээ цахимаар хичээллэж байна гэсэн үг юм. Цахимд шилжсэн сургуулийн 64 сургууль, 13240 суралцагч нь Улаанбаатар хотынх байгааг БШУЯ-наас мэдээлсэн.
 
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд телевизийн өргөн нэвтрүүлгийн сувгаар ЕБС-ийн хичээлийг заахад 10 хүүхэд тутмын дөрөв нь теле хичээлдээ хамрагдаж чадаагүй, хичээл чанаргүй байсан зэрэг олон асуудал хөндөгдөж байсан. Тэгвэл телевизээр цацагдахад хамрагдаагүй сурагчид ухаалаг төхөөрөмжөөр цахим хичээлд хамрагдаж чадах уу гэсэн асуулт гарч ирж байна. Цахимаар хичээллэх долоо хоногт болон цахим руу шилжсэн сургуулийн сурагчдад цахим хичээлдээ хамрагдах боломж хомс байгаа нь боловсролын хүртээмжийг дахиад л бууруулж байна.  2019 оноос хойш цахимаар хичээллэх сургалтын арга зүйг БШУЯ-наас зааж нэгдсэн удирдлагаар хангаж байсан. Тэгвэл энэ жилээс цахим хичээлийг БШУЯ-наас биш сургууль бүр өөрсдөө зохицуулж байгаа. Гэсэн хэдий ч сургуулиудын зохицуулалт сурагчдад цахим хичээлдээ тэгш хамрагдах боломжийг олгож чадахгүй байна.
 
Өрхийн интернэт ашиглалтын байдал Улаанбаатарт 89 хувьтай байгаа бол орон нутагт 58 хувь байв. Мөн Улаанбаатарт судалгаанд хамрагдсан сурагчдын 86 хувь нь ухаалаг гар утас хэрэглэн хичээлдээ оролцох боломжтой байгаа бол орон нутагт 62 хувьтай байсныг судалгаагаар гаргасан. 
ЦАХИМ ХЭРЭГСЭЛГҮЙ СУРАГЧДАД ХИЧЭЭЛЭЭ ӨӨР ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ БОЛОМЖИЙГ ОЛГОНО 
Ухаалаг төхөөрөмж ашиглан цахим хичээлд хамрагдах сургуулийн зохицуулалт сурагчдын орлогын ялгаатай байдлыг тодруулж, сурах эрмэлзлийг унтрааж байна. Тухайлбал, БШУЯ-наас цахимаар хичээллэх долоо хоногт нэгдсэн теле хичээл явуулахгүй байгаа учраас сургуулийн зүгээс өгсөн платформоор нэвтэрч цахим хичээлдээ хамрагдаж байгаа. Энэ нь амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой, ухаалаг төхөөрөмжгүй сурагчдад хүндрэл учруулж байна. Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 1-ний хооронд сурагчдын цахим хэрэгслийн төхөөрөмжийн талаарх судалгаа хийсэн. Үүнээс харахад өрхийн интернэт ашиглалтын байдал Улаанбаатарт 89 хувьтай байгаа бол орон нутагт 58 хувь байв. Мөн Улаанбаатарт судалгаанд хамрагдсан сурагчдын 86 хувь нь ухаалаг гар утас хэрэглэн хичээлдээ оролцох боломжтой байгаа бол орон нутагт 62 хувьтай байсныг судалгаагаар гаргасан. Үүнээс харахад одоогийн цахим хичээлийн зохицуулалтыг өөрчилж, БШУЯ-наас анхаарахгүй бол амьжиргааны түвшнээс шалтгаалсан боловсролын ялгаатай байдал улам нэмэгдэхээр байна.
 
БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зайн сургалтын олон хувилбарыг нэвтрүүлэн, хэрэгжүүлж байгаа. Теле хичээлээс гадна аудио, интерактив хичээл, бие даан ажиллах дасгал ажлын дэвтэр гэх мэтээр зайнаас судлах материалыг бэлдсэн. Одоо боловсролын сургалтын байгууллага нь өөрсдөө менежментээ боловсруулж хүүхэд бүрийн онцлогт тулгуурлан зайн сургалтыг зохион байгуулна. Энэ хичээлийн жилээс хоцрогдол арилгах төлөвлөгөөний дагуу хүүхдийн бие дааж ажиллах Дасгал ажлын дэвтрийг боловсруулж Боловсролын хүрээлэнгийн цахим хуудсанд байршуулсан. Хүүхэд бүрээс ухаалаг төхөөрөмж шаардах боломжгүй, тиймээс дасгал ажлын дэвтэр, сурах бичиг, теле хичээл гээд хүүхэд хамрагдах боломжтой хувилбаруудаас сонголт хийх нь нээлттэй. Энэ боломжийг багш олгох ёстой. Зайнаас суралцах олон хувилбар байгаа учраас тухайн сургууль, багш нар сурагчдынхаа нөхцөл, боломжийг үнэлээд зохицуулалтаа хийнэ. Тиймээс сурагчдыг заавал ухаалаг төхөөрөмжөөр цахим хичээлд хамрагдахыг шахахгүй. БШУЯ-аас ялгаатай байдал үүсгэхгүй байхыг зөвлөж байгаа. Хэрэв багш зайн сургалтыг зөвхөн ухаалаг төхөөрөмжөөр орохыг шаардаж байгаа бол нийслэл, дүүргийн боловсролын газраар дамжуулан зөвлөмж хүргүүлнэ” гэв. Мөн сурагчдад танхимаар эсвэл цахимаар хичээллэх сонгох боломжийг олгож байгаа. Үүний дагуу 330 сургуулийн 32836 суралцагч 100 хувь цахимаар хичээллэх хүсэлт гаргажээ.
 
СУРГУУЛЬ БҮРТ ХОС СУРГАЛТЫН ОРЧИН БҮРДҮҮЛНЭ 
Манай улсад сүүлийн 24 цагт 2939 тохиолдол бүртгэгдэж халдварын тархалт өндөр хэвээр байна. Мөн эрдэмтдийн зөвлөлөөс есдүгээр сарын сүүлээс халдварын тархалт эрчимжиж шөнийн хөл хорио тогтоох саналыг гаргаад байгаа. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл танхимын хичээл энэ хэвээрээ үргэлжлэх нь эргэлзээтэй. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Нэгэнт нээсэн бол сургуулийг дахиж хаахгүй гэсэн зорилго тавьж байгаа. Нийт халдвар авсан хүүхдүүдийн хувь хэмжээ есдүгээр сарын 1-нд 19 хувь байсан бол хоёр долоо хоногийн дараа өсөөгүй. Хүүхдүүдийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчноосоо халдвар авсан. Тиймээс цаашид сургалтын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус хэлбэрээр үргэлжлүүлнэ. Халдвар хамгааллын дэглэмийг баримталж халдварын тохиолдол буурвал 5/9 гэсэн тоог нэмнэ. Өөрөөр хэлбэл танхимаар хичээллэх тоог үе шаттайгаар нэмэхээр төлөвлөж байна” гэсэн мэдээллийг өгсөн. Мөн нөхцөл байдал хүндэрч дахин цахимаар хичээллэвэл теле хичээл бэлэн байгаа, шүүмжлэл дагуулсан хэсгүүдийг засварлах сайжруулах ажлууд хийгдэнэ гэдгийг албаны хүмүүс мэдээллээ.
 
СУРАГЧДЫГ ЦАХИМ ХЭРЭГСЛЭЭР ХАНГАХ УУ 
БШУЯ-наас цахим хичээлийг сурагчдад аль боломжтой нөхцөлөөр бүрэн хамруулахыг зорьж байгаа гэсэн мэдээллийг өгсөн ч бодит байдал, сургуулийн өөрсдийн зохицуулалт зөрүүтэй байна. Цахим хичээл энэ чигээрээ үргэлжилбэл амьдралын түвшнээс шалтгаалсан боловсролын ялгаатай байдал үүсч хүртээмж хумигдаж хоцрогдлоо нөхөж чадахгүйд хүрэх нь. БШУЯ сургууль бүрийг хос сургалтын орчинтой болгох ойрын зорилтыг тавьж үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг мэдээлсэн. Тиймээс цахим хичээлд хамрагдах боломжгүй, хөдөө орон нутгийн болон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур өрхийн сурагчдад цахим хичээл үзэх хэрэгсэл, материалаар хангахад БШУЯ анхаарах шаардлагатай байна. 
 
 
Б.Бямбажаргал
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ