Энэ жилийн ургац хураалтад 12.5 мянган тариаланч, ногоочин, тариалангийн салбарын ажилтан ажиллахаас гадна 13 аймгаас 7300 ажиллах хүн, хүчний захиалга ХХААХҮЯ-нд ирүүлжээ.
Өнөөдрийн байдлаар 2800 орчим оюутан залуус, цэргийн алба хаагч, хүнсний талон авдаг 1900 гаруй иргэн тариалан бүхий иргэн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна.
Хүнсний ногооны хураалт жигдэрч нийслэл болон томоохон хот суурин газруудад борлуулалт эрчимтэй явагдаж байгаа бөгөөд үр тарианы хураалт таримлын болц, цаг агаарын нөхцөл байдлаас хамааралтайгаар энэ сарын 15-наас жигдрэх төлөвтэй байгаа юм. Тиймээс ХХААХҮЯ-аас ургац хураалтад ажиллах тариаланчид, ногоочид, оюутан залуус, цэргийн алба хаагчид болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэдийг тухайн орон нутагт нь вакцины 3-р тунд эхний ээлжид хамруулах хүсэлтийг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, орон нутгийн удирдлагуудад хүргүүлжээ.
Ургац хураалтад оролцож буй та бүхэн дор бүрнээ хариуцлагатай байж, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж, ургацаа бүрэн авахыг уриалж байна.