Дорноговь аймаг дахь Автотээврийн төвийн даргаар ажиллаж байгаад АТҮТ рүү дэвшин ирсэн Б.Хүдэрболдыг яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн цагдан хорих, эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Торгох ял шийтгүүлэн нийтийн албанд ажиллах эрхээ хоёр жил хасуулсан АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Бүртгэл, хяналтын тасгийн дарга Ч.Болорын оронд тэрбээр томилогдсон ч бас л хээл хахуулийн хэрэгт холбогдож, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цаг саатуулаад байсан юм. Б.Хүдэрболдыг Дорноговь аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас багагүй хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр буруутгаж буй. Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт заасан "Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан" хэрэгт яллагдагчаар татаж шалгах үндэслэлтэй гэж үзэн дээрх шүүхийн шүүгч захирамж гаргаж 10 хоногийн хугацаагаар цагдан хорихоор боллоо.
Өдгөө түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжлүүлэн хорьж байна. Түүнтэй хамт төрсөн дүүг нь шалгаж буй бөгөөд хахуулийг зуучилсан, хамтран оролцсон гэж үзэж буй юм.
Өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Б.Хүдэрболдоос гадна АТҮТ-ийн дэд захирал Х.Баярхүүг албан тушаалаа урвуулж, Увс аймагт хүнд даацын ачааны олон автомашин оношилгоонд оруулж тэнцүүлэн бусдад давуу байдал бий болгосон үндэслэлээр шалгаж мөрдөн байцаалт удахгүй дуусах гэж байгаа. Мөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс хүргэнээрээ дамжуулан 100 000 ам.долларын хахууль авсан АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламыг дахин шалгах болсон.
Мөн АТҮТ-ийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, тасгийн даргаар ажиллаж байсан О.Адъяасүрэн, "Есөн шижир" ББСБ-ын эрх бүхий албан тушаалтнууд болох Б.Наранчимэг, Б.Азжаргал нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс АТГ-т дахин шалгуулахаар буцаагаад байгаа юм.
Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин