Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

НӨХӨН СОНГУУЛЬ: АН-ынхан тойргоос гадна үлдэх үү!


Парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж яваа АН-ынхан дотроо хоёр хуваагдаж, эв түнжингүй яваа нь шат, шатны сонгуульд ялагдал хүлээх гол шалтгаан болсон. Үүнийгээ ч АН-ын гишүүд, дэмжигчид хүлээн зөвшөөрдөг.
Одоог хэр нь С.Эрдэнэ, Ц.Тувааны тал гэж хоёр хуваагдсан АН-ын тамга, тэмдэгний хэрүүл үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, тэдний хэн нь хууль ёсны намын дарга байсан, байх гэдэг нь ч эргэлзээтэй хэвээр байгаа юм.
Хамгийн ойрын жишээ л гэхэд, дээрх шалтгаан АН-ыг өнгөрсөн зургаадугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялагдал хүлээхэд гол үүргийг гүйцэтгэсэн.
Хэл ам, хэрүүл тэмцэл дундаас Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ өвөртөлж, өрсөлдсөн УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нийт сонгогчдын ердөө 5.99-хэн хувийн саналыг авсан нь АН-д итгэх иргэдийн итгэл сул байгааг харуулсан.
Тэр ч битгий хэл, нийт 200 мянга гаруй гишүүд, дэмжигчтэй гэж ярьдаг АН-ын талаас илүү хувь нь цагаан сонголт хийж, С.Эрдэнэд саналаа өгөхөөс татгалзсан байдаг. Энэ нь АН-ын дотоод хагарал, хоёр хуваагдал туйлдаа хүрч, эл нам хэсэгтээ сэхэл авахааргүй болсон гэдгийг харуулж байна.
Тэгвэл хоёр хуваагдсан АН-ынхан дотоод асуудлаа шийдэж чадахгүй явсаар ирэх аравдугаар сард болох УИХ-ын нөхөн сонгуультай золгох нь тодорхой боллоо.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, ялалт байгуулсан Д.Сумъяабазар намынхаа даалгавраар гишүүнийхээ бүрэн эрхийг тайлж, Хотын дарга болсон. Харин Хэнтий аймагт нэр дэвшиж, ялалт байгуулсан У.Хүрэлсүх Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгогдсон тул мөн л УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс чөлөөлөгдсөн билээ.
Ингэснээр парламент 74 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж, Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчдыг төрд төлөөлөх УИХ-ын гишүүнийг ирэх аравдугаар сард "тодруулах"-аар болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар товлоод байгаа юм.
Харамсалтай нь, парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа АН-ынхан Хэнтий аймгийн 18 болон Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн гадна үлдэх нь. Нөгөө талаараа тэд нөхөн сонгуульд оролцлоо ч Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцсон алдаагаа давтах магадлалтай юм. Ямартай ч УИХ-ын нөхөн сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Эл хугацаанд АН-ынхан дотоод асуудлаа шийдэж чадахгүй аваас "тойргийн гадна" үлдэх дүр зураг харагдаж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ