Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ард түмнээр дүнгээ тавиулсан МАН-ын гишүүд

2020 оны УИХ-ын сонгууль өндөрлөж, СЕХ-ноос нэгдсэн дүнг өнөөдөр зарлана. 2016 оны сонгуулиар 65 суудалтай бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан МАН дахин үнэмлэхүй ялж, парламентад 62 суудал авав. Харин АН-ын хувьд өнгөрсөн сонгуулиар есөн суудалтай байсан бол энэ жил 11-ээс хэтэрсэнгүй. “Та бидний эвсэл”, “Зөв хүн электорат” эвслээс тус бүр нэг, бие даагч нэг гишүүнтэй парламент бүрдэхээр боллоо. Ер нь 2016 оны дүнг давтсан үр дүнг энэ сонгууль харуулсан гэж ойлгож болно. Өмнөх парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдож байсан бол энэ удаад ч 13 эмэгтэй сонгогдов. Энэ мэтчилэн ижил төстэй зүйл олон бий. МАН-ын энэхүү ялалтыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр хүндтэй холбон тайлбарлаж байгаа. Намын даргынх нь нэр хүнд орон даяар ийм өндөр үзүүлэлттэй байсан юм бол хэд хэдэн тойрогт МАН ялагдал хүлээсэн нь анхаарал татаж байна. Тухайн тойрогт илгээсэн  нэр дэвшигч нь үнэхээр ард түмэнд таалагдсангүй юу. Ард түмэн нэгэнт дүнгээ тавьсан учраас дараагийн Засгийн газарт ч оруулж болохгүй тухай улс төрийн хүрээнд ярьж байна. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог, Баянхонгор аймагт МАН хоёр суудлаа алдав. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Гадаад харилцааны дэд сайд асан Б.Батцэцэг нар ялагдал хүлээв. Б.Батцэцэгийн хувьд УИХ-ын гишүүн М.Билэгтийн мандат дээр нэлээд хэл ам дагуулж явсан.  Харин “МCS”-ээр овоглодог  Л.Элдэв-Очир өмнө нь Баянхонгор аймгаас сонгогдож байв. Долоон удаагийн сонгууль болоход АН-д дөрөв, МАН-д гурван удаа итгэл үзүүлсэн Баянхонгорынхон энэ удаа дахин АН-д олонхийн санал өглөө. Тэдэнд МАН-ын гишүүн Л.Элдэв-Очир, Б.Батцэцэг нар таалагдсангүй.
Улс даяар ганц тойрогт АН дангаараа ялалт байгуулсан нь Сүхбаатар аймаг. Энэ бол түүхэн ялалт. Долоон удаагийн сонгууль болоход АН хэзээ ч Сүхбаатарт ялж байгаагүй. Ямар сайндаа л жил болгоны сонгуульд тус тойрогт оролцдог улстөрчдийг Ч.Улааны сүүдэрт бууралтсан хөх харчууд гэж байх вэ. Харин энэ жил АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Ж.Батсуурь, Н.Ганибал нарт боломж олдлоо. МАН-аас тус тойрогт З.Энхтөр, Гадаад харилцааны сайд асан  Т.Ганди нар очоод, ялагдал хүлээв. 
Дараагийн онцлох  тойрог бол Орхон аймаг.  Сонгуулийн өмнө Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг Хан- Уул дүүрэгт нэр дэвшинэ гэсэн яриа байсан ч тэр гэнэт л Орхоныг зорьсон. Харин энэ сонгуулийн үр дүнгээр тус тойргийн сонгогчид түүний олон жилийн ялалтыг зогсоолоо. Мөн “Та бидний эвсэл-ээс нэр дэвшиж өрсөлдсөн С.Ганбаатар, бие дааж нэр дэвшсэн Ерөнхий сайд асан  Н.Алтанхуягт итгэл үзүүлэв. Энэ жил парламентын түүхэнд хамгийн олон буюу 121 хүн бие дааж өрсөлдсөнөөс нэг л хүн  парламентад суух болсон нь Н.Алтанхуяг болж байна.  Ийнхүү Орхоны сонгогчид Ц.Нямдоржид дүнгээ тавилаа.
Ховд аймгийн тойрогт АН–ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адъшаа нар олонхийн санал авав. Тэнд МАН-аас  УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаа, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх О.Батнайрамдал нар нэр дэвшиж өрсөлдсөн юм. Ц.Цогзолмаагийн хувьд Ховд аймгийн уугуул, өмнө хотын тойргоос парламентад гишүүнээр сонгогдож байв. Гэсэн нь Ховдчууд МАН-ын хоёр ч гишүүнд итгэл үзүүлсэнгүй. Тэд намдаа хоосон ирэв.
Хотын тойрог, Баянголд дүүрэгт парламентад зургаан удаа сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ялагдал хүлээв. Тэрээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн эх баригчаар ажилласан. Цаашид ч гишүүнээр сон­гогд­вол дагалдах хуулиудыг өөрчлөхөд хэрэгтэй хүн хэмээгдэж байв. Гэсэн ч Баянголчууд  түүний улс төрийн олон жилийн ялал­тыг зогсоож, дүнгээ тавилаа.
Дараагийн нэг онцлох тойрог бол Төв аймаг. Тус тойрогт МАН-ын гишүүн Д.Гантөгс ялагдал хүлээв. Тэрээр тойргийн мандат дээр гэнэт л орж ирсэн хүмүүсийг нэг. УИХ-ын дарга асан М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нарыг Төв аймгийн тойрогт нэр дэвшинэ гэх яриа байсан билээ. Гэсэн ч МАН-аас шинэ хүн оруулж ирсэн нь Д.Гантөгс байлаа. Олон шинэ хүн намын даргынхаа нэр хүндээр гишүүн болсон ч Д.Гантөгст аз дутав. Тус тойрогт  АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан  Ц.Туваан ялалт байгуулсан юм. Түүнчлэн МАН Увс аймагт нэг тойргоо алдсан. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тойрогт АН-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулав. Мөн Өмнөговь аймагт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн, МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр ялагдаж, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ парламентын гишүүнээр дахин сонгогдож байна. 

Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ