Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шуурхай зохицуулалтын хэсгүүд ажиллаж байна

Коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссын даргын 2021.03.26-ны өдрийн “Шуурхай зохицуулалтын ажлын хэсэг томилох тухай” тушаал, “Ажлын хэсгийн удирдамж”-ийн хүрээнд олон нийтийн газар, аж ахуйн нэгж, байгууллагуудад халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах, тархалтыг бууруулахад дэмжлэг үзүүлэх Шуурхай зохицуулалтын ажлын хэсгийг томилсон. Шуурхай зохицуулалтын ажлын хэсгүүдийг яамдын сайд нар ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн байгууллагын албан хаагчид ажиллаж байна.Шуурхай зохицуулалтын бүлгүүд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй томоохон зах, худалдааны төв, дэлгүүр, супермаркет, ресторан, хоолны газар, саун, фитнесс, кафе, баар зэрэг иргэд олноор үйлчлүүлдэг, бөөгнөрөл үүсгэдэг газрууд болон үйлдвэрүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авах, нөхцөл байдлыг үнэлэн цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор ажиллаж байгаа юм. Худалдаа, үйлчилгээний төвүүд:
Өнгөрсөн амралтын өдрүүдэд БОАЖ-ын сайд Н.Уртнасангаар ахлуулсан ажлын хэсэг “Драгон Холдинг” ХХК болон Гурвалжин I,II төвүүдэд ажиллаж халдвар, хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулж байгаа болон түр журмыг мөрдөхөд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлүүдтэй газар дээр нь биечлэн танилцав. “Драгон” худалдааны төвийн хувьд эдгээр журмыг мөрдөхөд хүндрэл, бэрхшээл харьцангуй бага боловч ариутгал, цэвэрлэгээний зардал болон бусад санхүүгийн асуудлууд хүнд байгааг энэ үеэр онцолжээ. Тухайлбал, хоёр хоног тутамд 24 мянган мкв талбайд тогтмол халдваргүйжүүлэлт хийж байгаа нь үйл ажиллагааны зардлын 50 хувийг эзэлж байна гэв. Мөн халдварын тархалтаас шалтгаалан орон нутагт зорчих хөдөлгөөнийг хааснаар тус төвийн үйлчлүүлэгчдийн урсгал эрс багасч, орлого буурч, эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байгаа аж.
Гурвалжин I,II худалдааны төвийн хувьд халдвар, хамгааллын дэглэмийг сахин мөрдүүлэхэд тулгарч байгаа хүндрэл нь лангуу хоорондын зай, талбай багаас шалтгаалан хүн хоорондын зайг барихад бэрхшээлтэй байгаа аж.
 
Томоохон захууд:
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 27, 28-ны өдрүүдэд БЗД-ийн “Нарантуул трейд” ХХК-ийн “Баялаг ундраа” худалдааны төв, “Нарантуул барааны зах”, “Дүнжингарав” ХХК-ийн “Дүнжингарав” худалдааны төв, СБД-ийн “Монгол глобал” ХХК-ийн “Саруул” худалдааны төв, БГД-ийн “Хархорин хүрээ” ХХК-ийн “Хархорин” худалдааны төв, “Шинэ сандэй плаза” ХХК-ийн “Сандэй” зах, худалдааны төвүүдэд ажиллаж, лангуу, павильон түрээслэгч иргэдийн үйл ажиллагаатай танилцан, QR код, үйлчлүүлэгч, ажилтнуудын халуун хэмжсэн бүртгэл хөтлөлт, халдваргүйжүүлэлтийн бодис, халдвар хамгааллын хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, өдөр тутмын цэвэрлэгээ угаалга, халдваргүйжүүлэлтийн байдал болон хууль тогтоомж, дүрэм, журам, холбогдох тушаал, захирамжийн хэрэгжилтийг шалгав.
Түүнчлэн дээрх зах, худалдааны төвүүдийн удирдлага, дотоод хяналтын ажилтан, эрүүл ахуйч эмч, түрээслэгчдийн төлөөлөл, эдгээр газруудаар үйлчлүүлж байгаа иргэдийн санал сэтгэгдлийг сонсож, халдвар хамгааллын дэглэмийг сахин, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө зөвлөмж өгч, хүн бүр халдвар хамгааллын дэглэмийг сахин мөрдөхийг уриаллаа.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хүнсний зах, худалдааны 50 гаруй төв, 100 гаруй сүлжээ дэлгүүр, хүнсний гол нэрийн импортын үйл ажиллагаа эрхэлж байгаа 30 орчим аж ахуйн нэгж байна. Үүний зэрэгцээ жижиг буюу 8 болон 6 нэрийн 3500 хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна.
 
Баар, кафе:
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн баар, кафенуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Коронавируст халдвар /Ковид-19/-ээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахиулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа.
Хяналт шалгалтаар “Баянзүрх Силвэргүүд” ХХК-ийн “Russia Irish pub” баар нь рестораны, СХД-ийн “Эрчимт болор” ХХК-ийн “Болор баар” нь караоке баарны, “Төгөлдөр 1130” ХХК-ийн “Содон лоунж” баар нь рестораны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байсныг түр хугацаагаар зогсоож, СХД-ийн “Дунбэгмаыл” ХХК-ийн “Кимбаб Чонгуг” кафенд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгөв.
Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг:

    • “Степпланет” ХХК-ийн “Учрал кафе”,
    • “Хөх чоно гурав” ХХК-ийн “Хөх чоно баар”,
    • “Урам бадрах” ХХК-ийн “Урам кафе”,
    • “Авто ойл” ХХК-ийн “Люкс ойл баар”,
    • “Төгөлдөр 1130” ХХК-ийн “Содон лоунж баар”,
 
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг:

    • “Интеркюзин” ХХК-ийн “Hard rock” баар,
    • “Интерекс дизайн” ХХК-ийн “Limani lounge” ресторан
коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлагыг мөрдүүлээгүй тул холбогдох арга хэмжээг авчээ.
Шуурхай зохицуулалтын ажлын хэсгүүд удирдамжийн дагуу хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ