Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ХОЁР ДАХИН ТЭЛЭХ “ТАВАН ТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ” ТӨМӨР ЗАМ


Нүүрсний экспортыг нэмж, тээврийн өртөг зардлыг эрс бууруулах стратегийн ач холбогдол бүхий "Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төсөл биеллээ олж их говийн ээрэм талд өнөөдөр томоохон бүтээн байгуулалт өрнөж буйг хэн хүнгүй л шогширч сууна. "Таван толгой-Гашуунсухайт” төмөр замын төслийн захиалагчаар "Таван толгой төмөр зам” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр "Бодь Интернэшнл” ХХК ажиллаж байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс 2022 оны долдугаар сард төмөр замыг бүрэн ашиглалтад оруулна хэмээн гэрээ хийсэн. Тус компани төмөр зам тавьсан хөрөнгө оруулалтынхаа оронд "Эрдэнэс Таван толгой” компанийн олборлосон нүүрсний 10 хувийг таван жилийн хугацаанд авахаар тохиролцсон. 
2015 оноос хойш саяхныг хүртэл царцчихаад байсан төмөр замын бүтээн байгуулалтын ажил энэ онд эхэлж, хичнээн зовлон туулж өдийг хүрснийг "Голомт” санхүү нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Баясгалан сэтгүүлчидтэй цөөн хором уулзахдаа хөндөж байлаа. Тэрбээр энэ чиглэлийн төмөр зам эдийн засаг, бизнест томоохон түлхэц өгөхийг ч дурдсан юм. Товчхондоо УИХ-ын 73 дугаар тогтоолд зааснаар "Таван толгой” төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр болсон. Энэ хүрээнд дээрх чиглэлийн төмөр замын ажилд шуурхай арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан билээ. Улс төр, бизнесийнхний хүрээнд хүлээлт үүсгэсэн, улстөржих шалтаг, шалтгаан хангалттай болж буй "Таван толгой-Гашуунсухайт” төмөр замын томоохон бүтээн байгуулалттай өнгөрөгч амралтын өдрүүдээр очиж танилцлаа. Одоогоор төсөлд 383 инженер техникийн ажилтан, 1368 орчим ажилтан, 770 гаруй машин механизм ажиллаж байна. Хамгийн гол нь монголчууд түүхэндээ анх удаа бие дааж төмөр замын бүтээн байгуулалтын томоохон төсөл хэрэгжүүлж байна. Үндэсний инженерүүд, мэргэшсэн чадвартай боловсон хүчний бүхэл бүтэн үед бэлтгэгдэн гарч дэлхийд өрсөлдөх боломж бүрдсэн нь бүтээн байгуулалтын явцаас тодхон харагдана лээ. Шинэ үеийн залуус сурсан мэдсэн зүйлээ ажил хэрэг болгож, тэр дундаа эх орныхоо томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцож буй говийн хуй салхинд ажиллахдаа тэд түүртэж, хойш суусангүй. Харин ч өөрсдийн хувь нэмрээ бүтээн байгуулалтад оруулж байгаадаа тун чиг өндөр сэтгэгдэлтэй байлаа. Их бүтээн байгуулалт цар тахлын үед хэрэгжиж байгаагаараа онцлог. Бид өөрсдөдөө л найдахаас өөр зүйлгүй болчихсон. Нэг талаараа сайшаалтай. Монголчууд аливаа зүйлийг монголчлохдоо сайн. Төмөр замын анхны бүтээн байгуулалтаа ч монголчилж "өөрсдийнхөөрөө дэглэж” байна. Дэлхийн стандартыг өөрсдийн онцлогт тохируулж ёстой л монголчилж байгааг хараад уулга алдахгүй өнгөрч чадсангүй. 

Энэхүү чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил ямар үр дүнтэй өдгөө хэрэгжиж байгааг дуулгая. "Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжлэх бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй, 16 гүүр,126 хоолой, найман малын гарцтайгаар баригдах юм. Эхний 208 км төмөр замын газар шорооны ажил бүрэн дуусч хоолойн ажил 97 хувь, мал амьтны гарц 96.5 хувь, гүүрийн ажил 53.5 хувь, нийтдээ 208 км-ийн доод бүтцийн ажил 98.2 хувьтай явж байна. харин дээд бүтцийн ажил 63.6 хувь буюу гол замын үеийг 130 км-ийг угсарчээ. Ачилтын тойргийн ажил есдүгээр сард эхэлж одоогоор газар шорооны ажил 29.2 хувьтай явж байна. Энэ чиглэлийн төмөр зам уулзваргүй гэдгээрээ онцлогтой. Уулзваргүй гэдэг нь 25 метр урттай зам төмрийг 200 метр урттай гулдмай болгон гагнаж, галт тэрэг аялахад дуу чимээгүй болгохыг хэлж байгаа юм. Одоогоор 34.7 км замыг уулзваргүй болгожээ. Уулзвартай, уулзваргүй замын ялгаа их. Төмөр замын эвдрэлийн 60-80 хувийг уулзварын эвдрэл гэмтэл эзэлдэг. Тэгэхээр уулзваргүй зам тавьснаар төмөр замын эвдрэл гэмтэл буурч үүнийг дагаад арчилгааны зардал ч багасна хэмээн инженерүүд энэ үеэр хэлж байв. 

"Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төслийн хэмжээнд хоёр өртөө, зургаан зөрлөг дээр нийт 77 ширхэг суман шилжүүлэг угсрагдана. Үүнээс хамгийн анхны суман шилжүүлгийг аравдугаар сарын 24-ний өдөр зөрлөг-2 буюу төмөр замын 65 дахь км-т угсарч дууссан. Суман шилжүүлэг нь галт тэргийг нэг замаас нөгөө зам руу шилжүүлэх зориулалттай байгууламжийг биднийг төмөр зам дагуу танилцан явж байх үед хийж байлаа. 

Олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулахаар гардан авсан хүн бол "Таван толгой-Төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргал. Өдгөө энэ компани байгуулагдаад хоёр жилийн нүүрийг үзэж байна. Эл компанийн хувьцааны 66 хувийг "Эрдэнэс Таван толгой”, 34 хувийг "Монголын төмөр зам” эзэмшдэг. Тус компани Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын захиалагч, Зүүнбаян-Таван толгой чиглэлийн төмөр замын захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Н.Удаанжаргал захирал бидэнд бүтээн байгуулалтын ажлаа танилцууллаа. Тэрбээр "Хилтэй, ачилтын тойрогтой холбоотой ТЭЗҮ-ийн тодотголыг бид өнгөрсөн онд амжилттай батлуулж чадсан. Энэ тодотголын хүрээнд одоогоор хил рүү долоон км хүртэл ойртлоо. Төв трансаасаа нааш 20 км, өөрөөр хэлбэл 227 км замын ажлыг гүйцэтгэж байна. Хилийн холболтын 20 км, ачилтын тойргийн 12 км-ийн ажлыг энэ жилдээ багтааж газар шорооных нь ажлыг дуусгана. Монгол, Хятадын хилийн 703 дугаар баганы ойролцоо, Гашуунсухайт-Ганцмод боомтын зүүн талд хоёр төмөр зам уулзана. Ингэснээр манай талын төмөр зам боомт руу орох авто замуудтай огтлолцох нөхцөл үүссэн. Эл асуудлыг 800 метр гүүр барин, төмөр зам нь авто замынхаа дээгүүр гарахаар шийдвэрлэсэн. Үндсэндээ доод бүтцийн ажил нэмэлт ТЭЗҮ-ээр тодотгосон ажлаас бусад ажил 100 хувь дууссан. Гол зам дээр баланст буюу чулуун давхаргын эхний үеийг дэвсээд дуусгасан. Гол зам угсрах ажил бетон дэр дүүргэлтийн ажил 150 км-тэй, үүний 145 км-т нь үе угсраад байна. Энэ жилдээ 82 км-ийн нарийн засварын ажил чийг тохиргоо, хүнд машин механизм ажиллах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Эхний хоёр гүүрийг энэ жилдээ багтаж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Цаг агаарын нөхцөл байдал таатай байвал арванхоёрдугаар сарын 1-н хүртэл бид ажиллана. Энэ жилийн хувьд төлөвлөсөн ажлаа давуулан биелүүлсэн. Сүүлийн 30 жилийн дотор "Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам Монгол Улсын эдийн засагт хамгийн үр өгөөжтэй төсөл. Эдийн засгийн үр өгөөж нь зөвхөн төмөр замдаа бус бүс нутгийнхаа нүүрс гаргаж буй уул уурхайн бүхий л хувийн болон төрийн компаниудад ч үр өгөөж нь оногдоно. Монгол Улсын эдийн засгийг нэг жилд 2.3 тэрбум ам.доллараар тэлнэ. Бүс нутгийн эдийн засагт нөлөөлж байгааг үзвэл ганцхан жилдээ энэ төсөлд зарцуулсан хөрөнгөөсөө нэг дахин илүү хөрөнгийг бий болгочих төсөл. "Таван толгой-Зүүнбаян”, "Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам нэг эх үүсвэртэй, хоёр өөр төрлийн санхүүгийн арга механизмтай хөрөнгө оруулалтыг сонгож ажиллаж байгаа” хэмээн дуулгасан юм. 

Харамсалтай нь бид зөвхөн царигийн хэмжээ ярьж, бичиж үндсэндээ 10 жил алдсан. Энэ хугацаанд эдийн засгийн агуулгаараа Монгол Улс өдөрт 6.5 сая ам.доллар буюу нэг жилд 2.3 тэрбум ам.доллар алдаж иржээ. Төмөр замын ажил гацсан 10 жилийн хугацаанд бүхэл бүтэн 23 тэрбум ам.долларын орлогыг монголчууд өөрсдөөсөө шалтгаалсан талцал, хуваагдлын улмаас алдсан гэсэн үг. Тэгэхээр алдагдсан боломжийг ирээдүйд үүсгэхгүйн төлөө тэд ажиллаж байгаагаа тодотгож байлаа. 

"ТАВАН ТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ”-ЫН ЭДИЙН ЗАСАГТӨГӨХ ҮР ӨГӨӨЖ

Далайд гарцгүй манай улсын хувьд төмөр замын эдийн засагт өгөх өгөөж анхнаасаа олны анхаарал дунд явж ирсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол зам гэдэг утгаараа эдийн засгийн өгөөжийг нь дурдъя. Уг төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой. Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрсний тээврийн зардал 32 ам.доллар байгаа. Тэгвэл энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний тээврийн өртөг найман ам.доллар болж буурна гэх тооцоо гарсан. Тээврийн орлого жил бүр 270 сая ам.доллар, 30 жилд 8.1 тэрбум ам.доллар орж ирнэ гэх судалгаа байна. Түүнчлэн татварын дараахь цэвэр ашиг жил бүр 146.6 сая ам.доллар, 30 жилд 4.4 тэрбум ам.доллар, татвар хураамж 20.6 сая ам.доллар, 30 жилд 619 сая ам.доллар орж ирэх аж. Мөн төмөр замын ашиглалтыг дагаад 2000 орчим ажлын байр шинээр үүснэ. Төмөр замын боомтоор дангаараа жилд 30 сая тонн хүртэлх хэмжээний нүүрс экспортлох боломжтойгоос гадна Таван толгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой болно. Экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин өснө гэж тооцоолж байна. Монгол Улсын төсөвт жилд 20-28 сая ам.долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд ойролцоогоор нэг тэрбум ам.долларыг Засгийн газарт төвлөрүүлж, эдийн засгийн өсөлтөд бодитойгоор дэмжлэг үзүүлнэ гээд шууд болон дам нөлөөг тоолоод байвал дуусахгүй. Түүнчлэн хүрээлэн буй орчин болон нийгэмд үзүүлэх ач нөлөө ч их бий. Малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасна. Авто тээврийн осол, зөрчил буурч иргэдийн амь нас, эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг ач холбогдолтой.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ