Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Чех, Англид хөл хориог сулруулж, Испанид эмч нар ажил хаялтад бэлдэж байна

Дэлхий даяар коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол бараг 60 сая боллоо. Үүнээс 13 сая орчим нь АНУ-д бүртгэгдсэн бөгөөд энэ улс халдвар авсан хүний тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн олон орнууд, тэр дундаа Европын орнууд хамгаалалтын арга хэмжээгээ улам чангатгаж байна. 
 
Дэлхийн хэвлэлүүдийн дамжуулснаар, Испанийн эрүүл мэндийн салбар туйлджээ. Эмнэлгүүдийн ачаалал хэтэрч, эмч нар илүү цагаар байнга ажиллан, хувийн хамгаалалтын хэрэгсэл дутагдалтай байгаа гэнэ.
Улмаар Испанийн эмч нар нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар болон ахмадын асрах газрын ажилтнуудын араас ажил хаялт зарлан, эрх баригчдаасаа цар тахалтай тэмцэх шийдвэртэй арга хэмжээ авахыг шаардах төлөвлөгөөтэй байгаа аж.
 
Эрх баригчид ч зохих шийдвэрүүдийг гаргаж байгаа гэнэ. Тухайлбал Мадридын хамгийн баян, нэр хүндтэй дүүргүүдийн нэгт 14 хоногийн хөл хорио тогтоожээ. Мөн Испанийн хаан VI Филипп ч 10 өдрийн тусгаарлалтад орсон байна. Хаан өнгөрсөн ням гарагт коронавирусийн шинжилгээ нь эерэг гарсан хүнтэй харьцсаны улмаас ийнхүү тусгаарлалтад оржээ. 
 
Түгшүүртэй нөхцөл байдал Германд ч үргэлжилж байна. Улмаар Германы эрх баригчид наад зах нь Зул сар хүртэл хязгаарлалтын арга хэмжээг сунгах талаар судалж байгаа гэнэ. Хязгаарлалтын арга хэмжээний ачаар өвчлөлийн тоо буурсан бүс нутгууд байгаа ч томоохон хотуудад нөхцөл байдал хүнд байгаа талаарх эрх баригчид мэдэгдсэн байна. Түүнчлэн энэ жил Зул сарын баярыг гэр гэртээ тэмдэглэхийг Берлиний хотын дарга уриалжээ. 
 
Шведийн Засгийн газар ч шинээр хязгаарлалтын арга хэмжээ авахад бэлэн байна. Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 24-нөөс эхлэнх тус улсад наймаас дээш хүн нэг дор цугларахыг хоригложээ. 
 
Черногорт ч хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгаж, ирэх 14 хоногийн туршид зугаа цэнгээний газрууд 18.00 цаг хүртэл ажиллахаар болжээ. Харин 19.00-05.00 цаг хүртэл хөл хорих цаг тогтоон, энэ хугацаанд гэрээсээ гарахыг хориглосон байна. 
 
Харин британичууд тун удахгүй хөл хорионоос гарах нь. "Ирэх сарын хоёрны өдөр Англид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцалж, цаашид сунгахгүй, харин хөл хорионы оронд 10 дугаар сард үйлчилж байсан хэсэгчилсэн хязгаарлалтын арга хэмжээний гурван шатлалт систем үйлчилнэ" гэж Борис Жонсон мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр 10 дугаар сард хэрэгжүүлсэн тэрхүү систем үр дүнтэй гэдэг нь батлагдсан, гэхдээ зоогийн газрын бизнес, зугаа цэнгээн болон спортын салбарт ажиллах зөвшөөрөл өгөх гэнэ. 
 
Харин Грект хязгаарлалтын арга хэмжээ авах талаар хэзээ яригдах нь бүрхэг. Учир нь энэ улсад эмнэлгүүдийн ачаалал хэтэрч, эрх баригчид хээрийн эмнэлгүүд байгуулахаас аргагүй болжээ.
 
Канадчуудыг шинэ хөл хорио хүлээж байна. Торонто хотноо 28 хоногийн хугацаатай хөл хорио зарлахаар болжээ. Энэ хугацаанд бүхий л спортын болон амралт чөлөөт цагийн төвүүд, үсчин, гоо сайхны салонууд хаагдах аж. Гагцхүү эмийн сан, дунд сургуулиуд, хүнсний дэлгүүрүүд үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байх гэнэ. Хөл хорионы журмыг зөрчвөл 750 канад долларын торгууль ноогдуулах аж. 
 
Харин Чехид хөл хориог сулруулж эхэлсэн байна. Энэ улсад хөл хорих цагийг 21.00 цагаас биш харин 23.00 цагаас эхлүүлэхээр болжээ. Ингэснээр дэлгүүрүүдийн ажиллах цаг нэг цагаар уртасч байна. Мөн шинэ жилийн баярт зориулсан гацуур болон чимэглэлийн гудамжны худалдаанууд эхэлжээ. Баярыг угтсан энэ арга хэмжээнд зориулан Прагийн үндэсний театрын гоцлол дуучин Карлын гүүрэн дор, хөлөг онгоцны тавцан дээрээс амьд тоглолтоо сонирхуулсан байна.
 
Г.Бямбасүрэн
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ