Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бас нэгэн хэрэгжээгүй үндэсний хөтөлбөр Эрчимжсэн мал аж ахуйнх...

Одоогоос нэг жил гаруйн өмнө буюу 2019 оны хоёрдугаар сарын 12-нд “KFC” сүлжээ хоолны газарт хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж хооллосон нэг гэр бүлийн таван хүн хордсон гэх мэдээлэл цацагдсан. Энэ тоо нэмэгдсээр тус газраар үйлчлүүлсэн 247 хүн хордлого авч,  42 нь эмнэлэгт хэвтсэн. Үүний дараагаар дээрх иргэд хордсон гэх Зайсан дахь “KFC”-ийн салбар хэсэг хугацаанд хаалгаа барьж, хордлогын шалтгааныг  сүлжээ газрын ажилтанд тохсоноор энэ хэргийг бид мартсан. Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар “ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээгээр хоол үйлдвэрлэлийн хэсгийн хоёр ажилтнаас авсан нян тээгч илрүүлэх шинжилгээний дүнгээр цусан суулга халдварт өвчний нян илэрч, хоол хүнсээр дамжсан хоолны хордлогот халдвар болсон гэж дүгнэсэн” гэж мэдээлсэн билээ. Энэ үеэр тухайн ажилтныг нийтээрээ буруутгасан уу гэхээс тус газрын хоолны чанар тэр дундаа хамгийн чухал хүнс болох тахианы махаа хэрхэн хадгалдаг, аль улсаас яаж орж ирдэг талаар хэн ч яриагүй, бас бичээгүй.
Өнгөрсөн оны эцсийн байдлаар манай улсад 144 гахайн ферм, 587 өрх нийт 731 аж ахуйн нэгжид 21 мянган гахай үржүүлсэн. Харин 57 тахианы ферм, 1471 өрх нийт 1528 аж ахуйн нэгжид 956 мянган өндөглөгч тахиа үржүүлсэн болон бусад улс орноос хэдий хэмжээний өндөг, гахай, тахианы мах импортолдог талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин энэ удаа импортоор орж ирж байгаа болон дотооддоо  бэлтгэж байгаа гахай, тахианы махны чанар, өндөгний аюулгүй байдалд манай улс хэрхэн хяналт тавьж ажилладаг талаарх асуудлыг хөндлөө.
 
ГАХАЙ, ТАХИАНЫ ФЕРМҮҮДЭД ЭНЭ ЖИЛ ШАЛГАЛТ ХИЙГЭЭГҮЙ
 
Монгол Улс 21 мянган гахай, нэг сая орчим тахиа үржүүлдэг нь дотоодынхоо 5000 тонн гахайн мах, 2500 тонн тахианы мах болон  өндөгний хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй. Тиймээс АНУ, ОХУ, БНХАУ-аас энэ төрлийн бүтээгдэхүүнээ импортолж авдаг юм. Тухайлбал, аравдугаар сарын байдлаар 4191 тонн гахайн мах, өөх, 1000 тонн тахианы мах, 93 сая 959 мянган ширхэг өндөг импортолсон байна. Харин дотооддоо хэдэн аж ахуйн нэгж, иргэн гахай болон тахианы ферм эрхэлж мах, өндөг бэлтгэн аль дэлгүүр, зоогийн газруудад хэрхэн нийлүүлдэг, тухайн бүтээгдэхүүний чанар, аюулгүйн байдалд хэрхэн анхаарал тавьдаг талаарх мэдээллийг бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавих ёстой Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь мэдэхгүй байлаа. Манай улс хэдэн гахай, тахианы аж ахуйтай, хамгийн сүүлд хэзээ шалгалт хийсэн бэ гэхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн байцаагч Э.Оюунсоёмбо “Хүнсний аюулгүй байдлын тухай хуулиар тухайн ондоо төлөвлөгөөт,төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийх ёстой. Энэ жил эрчимжсэн мал аж ахуйд хяналт шалгалт хийгээгүй. Харин Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмжийн дагуу импортоор гахай, тахианы мах, өндөг оруулж ирдэг аж ахуйн нэгжийн агуулахад шалгалт хийсэн. Тодруулбал, гахай, тахианы мах хадгалалт, тээвэрлэлт, худалдаалалтын байдалд Баянзүрх, Баянгол Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй 32 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон урьдчилсан сэргийлэх хяналт шалгалтуудыг хийсэн. Шалгалтаар ажлын байр, агуулах нь мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, цэвэрлэгээ хангалтгүй гэсэн зөрчил гаргасан 17 аж ахуйн нэгж, иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулсан” гэж ярьсан юм.
Эрчимжсэн мал аж ахуйн үндэс суурь болсон гахай, тахианы ферм ямар журмаар үйл ажиллагаа явуулдаг, мах, өндөгөө ямар орчинд хэдий хугацаагаар яаж хадгалсан гэдэгт энэ онд шалгалт хийлгүй өнжиж, ирэх онтой золгох нь бараг тодорхой болов. Учир нь хоёрхон сарын дараа шинэ он гарлаа. Эхлээд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дараа нь дэлгүүрт худалдаалж, зоогийн газруудын хүнсэндээ ашиглаж байгаа тахиа, гахайны мах, өндөгний чанарт шалгалт хийх ёстой байдаг. Гэтэл энэ жил ямар ч шалгалт хийгээгүй гэсэн хариуг мэргэжлийн байгууллага өгөв. Өдөр болгон шахам өндөг иддэг, тахиа, гахайны мах үнэтэй, дээд зэрэглэлдээ тооцогддог Монгол Улс энэ төрлийн бүтээгдэхүүнд ямар ч хяналт, шалгалт хийхгүй байгаа нь дотоодын эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчиддээ итгэснийх үү эсвэл иргэдийнхээ эрүүл мэндийг үл тоосных уу гэсэн асуулт гарч ирнэ. 
 
ГАХАЙ, ТАХИАНЫ МАХ, ӨНДӨГНИЙ ИМПОРТ ЖИЛ БҮР НЭМЭГДЭЖ БАЙНА
 
Гахай, тахианы мах, өндөгний импорт манай улсад жил бүр нэмэгдэж байна. Энэ жил хилийн хоригтой холбоотойгоор импорт багассан ч эрэлт их хэвээр байгаа аж. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч С.Нямдорж “БНХАУ-д гахайн Африкийн  мялзан өвчин гарсантай холбоотойгоор гахайн махны импортыг хориглосон. Одоогоор ОХУ, Польш улсаас гахайн мах, өөхийг импортолж байна. Харин тахианы махны гол импортлогч орон нь ОХУ, Нидерланд, БНХАУ, АНУ юм.  Мал, амьтны гаралтай бүх бүтээгдэхүүнд импортын өмнө гурван янзын шалгалт хийдэг. Импортын өмнө тухайн бүс нутагт мал, амьтны ямар нэгэн өвчин гарсан эсэх мэдээллийг авахаас гадна тухайн улсын үйлдвэрт нь очиж хянан магадлагаа хийдэг. Ингээд импортын өмнөх мэдэгдлийг Мэргэжлийн хяналтын газраас олгодог. Дараа нь импортлох үеийн хяналт шалгалтыг хийнэ.  Энэ  шатанд Мал эмнэлгийн  гэрчилгээ, урьдчилсан шалгалтыг батлах импортын мэдэгдэл, тухайн бүтээгдэхүүнийг ачихдаа халдваргүйжүүлэлт хийсэн үү, сав баглаа боодол нь бүрэн бүтэн эсэх, ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрсэн байна уу, хүнсний аюулгүй  байдлыг хангасан эсэх, он сар өдөр, хэрэглэх хугацаа, хэзээ нядалсан эсэхийг хянана. Энэ биет үзлэгээр шаардлага хангаж байвал дээж авч, лабораторит 5-6 үе шатаар шинжилдэг. Тодруулбал,  гадаад төрх байдал, хүнд металл, нян, эмийн үлдэгдэл, цацраг, халдварт өвчний шинжилгээ хийдэг. Эдгээр шаардлагыг хангавал нэг сарын хугацаатай импортын гэрчилгээг олгож хилээс чөлөөлнө. Гуравдугаарт, импортын дараах шалгалт буюу худалдаа, хадгалалт, түгээлт, борлуулалт, хоолны газруудад нийслэл,дүүргийн Мал, эмнэлгийн газар хяналт хийдэг” гэж ярьсан юм.
Гэтэл манай улс хэдэн агуулах шалгаснаас өөрөөр  импортын дараах шалгалтыг хийгээгүй байна. Тэгэхээр дэлгүүрт худалдаалж, зоогийн газрын хүнсэндээ ашиглаж байгаа гахай, тахианы мах, өндгийг тухайн газар хэдэн сар, ямар орчинд хадгалаад хэрэглэгчдэд хүргэж буйг бид мэдэхгүй байна гэсэн үг юм. Тэгвэл бидний эрүүл мэндийг хариуцах эзэн нь хэн бэ.
 
ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ШАЛГАХ ЛАБОРАТОРИ МОНГОЛД БАЙХГҮЙ
 
“БНХАУ-аас оруулж ирдэг жижиг ууттай тахианы мөч генийн өөрчлөлттэй гэнэ. Тухайн үйлдвэр нь мөчөө том болгох гээд тариа шахаад явуулчихдаг” гэсэн яриа нэг хэсэг нийгмийг цочроож байв. Хэсэг хугацааны  дараа бүгд мартсан. Бид Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч С.Нямдоржоос “Тахианы мах генийн өөрчлөлттэй эсэхийг хянах боломжтой юу гэхэд “Манай лабораторийн хүчин чадлаас хамаараад генийн өөрчлөлтийг үзэхэд тун хүнд.  Тахиа өөрөө генийн өөрчлөлттэй байх магадлал бага. Харин генийн өөрчлөлттэй тэжээлээр тэжээгдсэн байх магадлал өндөр. Гэхдээ ийм төрлийн тэжээл илэрсэн тохиолдол дэлхийд байхгүй. Мөн тахианы тэжээлийн ихэнх хувь нь эрдэнэшиш байдаг. Эрдэнэшиш өөрөө  генийн байх магадлал өндөр.  Тиймээс эрсдэлийг хянан магадлагаа хийхдээ аж ахуйн нэгж дээр очиж тэжээлийг нь үзнэ. Генийн өөрчлөлтөөс гадна тахиаг хурдан том болгох гармоны нэмэлт өгч байгаа эсэхийг шинжилнэ. БНХАУ-аас импортолж байгаа тахиа генийн болон гармоны өөрчлөлтгүй гэдэгт бараг итгэж байгаа. Учир нь бид аж ахуй, үйлдвэр дээр нь очиж үзсэн. Хянан, магадлагаа хийлгээгүй ААН-ийн оруулж ирсэн бүтээгдэхүүнийг оруулдаггүй. Өнөөдрийн байдлаар тахиа, гахайны мах импортолдог 20 гаруй ААН байна” гэсэн юм.
 Генийн өөрчлөлтийг илрүүлэх боломжтой лаборатори Монгол Улсад байхгүй. Мөн “Генийн болон гармоны өөрчлөлттэй тахианы мах орж ирээгүй гэдэгт бараг итгэж байгаа” гэсэн ахлах байцаагчийн ярианаас үзэхэд бид хэрэглэж байгаа гахай, тахианы махны чанар, аюулгүй байдалдаа 100 хувь байтугай 50 хувь итгэх боломж алга.
 
ИМПОРТЫГ БУУРУУЛАХАД 166 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХААР БАТАЛСАН
 
Уншигч танд эргэн сануулахад, Засгийн газрын 2018 оны арванхоёрдугаар сарын 26-ны хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас  мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний валютын гадагш урсгалыг дотоодын үйлдвэрлэл рүү чиглүүлж, импортыг үе шаттай бууруулах зорилготой “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг баталсан. Тодруулбал, төвлөрсөн хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтворжуулах, малын гаралтай зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортыг бууруулах, экспортыг дэмжих, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, тэдгээрийн хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулахад энэ хөтөлбөрийн зорилго оршиж байв. 
Хөтөлбөрийг үндсэн  долоон зорилтын хүрээнд  хоёр  үе шаттайгаар 2019-2023 онд хэрэгжүүлэх бөгөөд 166.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр өндөгний импорт 90, тахианы махны импорт 10, гахайн мах, өөхний импорт 15 хувиар багасах юм. Мөн эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлээс нийлүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулах бүртгэл, мэдээллийн системийг мэргэжлийн холбоодын үйл ажиллагаанд суурилан бий болгоно гэсэн сайхан зүйлсийг хоёр жилийн өмнө Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан ярьж байв. Гэтэл импортын хэмжээ багасах нь байтугай жил бүр өсөн нэмэгдэж байгааг эх сурвалж хэлсэн талаар дээр дурдсан. Эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлээс нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулах мэдээллийн системийн эхлэлийг тавих нь байтугай энэ жил огт хяналт шалгалт хийсэнгүй. Тэгэхээр хэрэгждэггүй олон цаасан дээрх үндэсний хөтөлбөрийн нэг нь эрчимжсэн мал аж ахуйнх болсон нь батлагдав. Хайхрамжгүй, бодлогогүй төрийн цаана оршиж байгаа иргэдийн эрүүл мэнд хэрхэх вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдлээ. Нэг жилд олон удаа биш юмаа гэхэд ганцхан удаа эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд шалгалт хийж, шаардлага хангаагүйг нь хасч, чанартай хэдэн аж ахуй, өрхөө дэмжиж дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж байна. Мөн энэ хөтөлбөрөөс хэрэгжсэн зүйл алга байтал төлөвлөсөн 166 тэрбум төгрөг хаачсан бэ гэдэг  нь ч асуудал дагуулж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.11.2 ДАВАА № 211 (6436)
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ