Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Алдсаныг “гишгэлэх” гэм


Одоогоос 30 орчим жилийн өмнө үзэгчдийн хүртээл болсон “Шоушенкээс оргосон нь” кино дэлхийн топ 250 киноны хоёрдугаарт жагссан чанартай, сайн уран бүтээл. Тэр ч утгаараа уг киног үзээгүй хүн барагтаа үгүй. Тиймээс зохиолын ерөнхий агуулгыг энд дахин нурших нь илүүц биз.
Харин хананд сийлсэн “Брукс энд байсан” гэх гурван үг, амьдралынхаа 50 жилийг харамсалтайгаар шоронд өнгөрүүлсэн хөгшин эр Брукс Хэтлений талаар хэдэн үг дурдах нь зүй. Нийгмийн орчноос ангид нэлээд хугацааг өнгөрүүлсэн түүний хувьд шоронгоос суллагдах нь жинхэнэ солиорол шахуу байв. Учир нь бүх зүйл түүний хувьд танил бус хийгээд таатай биш байв. Товчхондоо “Эр нэг алдаж, эрэг нэг нурдаг” гэх зөвтгөл түүний залуу нас, амьдралын утга учир, аливааг харах өнцөг гээд цөмийг нь үгүй хийсэн байв. Хүн хоорондын чөлөөт харилцаанаас “чөлөө авах”, чөлөөлөгдсөний дараа эргэж эвлэх тийм ч амаргүй гэдгийг сайхь эрийн дүрээс харж болмоор...
Учир шалтгаан
Бусад улс орны ялангуяа өрнийнхний шоронгийн нөхцөл байдал, хоригдлуудыг соён гэгээрүүлж байгаа жишгийг манайхтай харьцуулах юм биш. Тэд нийгэмшүүлэх сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө зэрэг үйлчилгээг хангалттай үзүүлж, сонирхол хоббиг нь ч орхигдуулалгүйгээр хүмүүжигчийг хүн ёсоор хүмүүжүүлэхэд нь анхаардаг. Мөн суллагдсаны дараа ажлын байраар хангаж, ахуй амьдралд нь хүртэл ач холбогдол өгдөг гээд бодохоор хэтийдсэн ямба эдлүүлж буй мэт ойлгогдоно. Гэвч энэ нь ял эдэлж буй этгээдүүдийн толгойг нь илээд өнгөрч буй хэрэг огт биш. Харин ч нийтэд халтай гэмт хэрэг дахин үйлдэгдэхийн эсрэг хэрэгжүүлж буй цогц арга хэмжээ юм.
Манай улсын тухайд хэтийн үр дагаврыг тооцоолж, хэрэгтнийг нийгэмшүүлэх тухай асуудалд хайнга ханддаг нь хорих ял эдлээд суллагдаж буй этгээд хоёр хүрэхгүй жилийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж буйгаас илэрхий харагдана. Сүүлийн хоёр жилийн дунджаар 4000 гаруй хүн шүүхээс ял шийтгүүлсэн байна. Хорих ял эдлэгсдийн 45 орчим хувь нь тав хүртэлх жилийн хугацаатай хорих ял эдэлж буй. Түүнчлэн хорих ял эдлээд суллагдсан иргэдийн 38.6 хувь нь суллагдсанаас хойш хоёр жилийн дотор дахин гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлж байна. Ялангуяа суллагдсанаас хойш нэг жилийн дотор дахин гэмт хэрэг үйлдэх тохиолдол хамгийн өндөр үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, 2021 онд 252, 2022 онд 341, өнгөрсөн онд 338 хүн хорих ял эдлээд суллагдсанаас хойш нэг жилийн дотор дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Мөн нийт хоригдлын 46.1 хувь нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдаг бол 52.8 хувь нь хоёр ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдсэн байдаг. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхөд бэрх, бие даан амьдрахад хүндрэлтэй зэргээс үүдэж хэрэгтнүүд “аавын хаалга” ахин татахаас эмээдэггүй нь дээрхээс харагдаж байна.
Алдсаныг “гишгэлэх” гэмХүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан
"Хорих ял эдлээд суллагдсан иргэнд хяналт тавих, нийгэмд дасан зохицож амьдрахад дэмжлэг үзүүлэх албан ёсны тогтолцоо бүрдээгүй, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, үүрэг хүлээсэн байгууллагуудын хамтын ажиллагаа сул байна. Түүнчлэн давтан гэмт хэрэг үйлдэх нь дан ганц ялтны хариуцлага, ухамсрын асуудал мэт боловч нөгөө талаас удаан хугацаанд нийгмээс тусгаарлагдаж, хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, сурч боловсрох, цалин хөлсөө захиран зарцуулах зэрэг өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг хорих ялын дэглэм, зэрэглэлд нийцүүлэн хэрэгжүүлдэг байдалтай ч холбоотой. Тухайн хүн суллагдсаны дараа бие даан амьдрах чадвар эрс сулардаг, хорих ял эдэлсэн бол бүх насаараа гэмт хэрэгтэн гэсэн хэвшмэл ойлголтоор гадуурхагдаж байгаа нь дахин гэмт хэрэгт холбогдох шалтгаан болж байна."
Хорих ангиас суллагдаж гараад арай хийж ажилд орсон. Гэтэл машин бариад ажлын газрын хоёр хүнтэй явж байхад замын цагдаа зогсоогоод үнэмлэх шалгадаг хар машинаараа регистрийн дугаар уншуулаад, “Та шоронгоос суллагдсан юм уу, машинаасаа буу, бичиг баримтаа нэг бүрчлэн шалгуул” гэж чанга дуугаар хэлсэн. Үүнийг сонссон цуг явж байсан ажлын газрын хүн бусад хүмүүст хэлснээс хойш хамт олны харилцаа хөндийрч, гадуурхаж эхэлсэн. Хорихоос суллагдаад ажилд орно гэдэг үнэхээр хэцүү. Арай гэж ажилд ороод байтал гэнэт цагдаагаас “Байгаа газрын чинь ойролцоо хулгайн гэмт хэрэг гарсан, чи саяхан шоронгоос гарсан гарцаагүй гээд” бариад явдаг. Тэгээд цагдаагийн газар авчраад 2-3 хоног яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байлгаж байгаад, одоо явж болно гээд явуулахад ажлаас халсан байдаг. Энэ мэтчилэн ажиллах, хүлээн зөвшөөрөгдөх байдал үнэхээр хэцүү.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлээс Харьцангуй өсөж буй “хоригдлын тоо”
Шүүн таслах ажиллагааны тайлан мэдээллээс харахад, шүүхээс хорих ял оногдуулах байдал одоогоос дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Гэвч нөгөө талаас хоригдлын тоо төдийлөн буурахгүй байгаа аж. Тухайлбал, 2016 онд 1823 хүнд хорих ял оногдуулж байсан бол 2020 онд 3589 болж, хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Харин 2021 онд 3044, 2022 онд 4157, өнгөрсөн онд 4526 болж нэмэгдсэн байна.
Хоригдлын тоо нэмэгдэхийн хэрээр хорих байгууллагын ачаалал нэмэгдэж, улсын төсвийн зардал ч урьд өмнөхөөсөө өсөх нь тодорхой. Үүнтэй холбоотойгоор хүний эрхийн зөрчил ч нэмэгдэж байж болзошгүй юм. Олон улсын жишгээр нэг хүмүүжигчид ойролцоогоор 2.5 ам метр талбай оногддог. Гэвч эндхийн жишгээр бол хорих ангийн байршлаас хамаарч багтаамж хэтрэх тохиолдол цөөнгүй гардаг байна. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдээлж буйгаар хорих 421, 445, 457 зэрэг хэд хэдэн ангиудад ял эдэлж буй хоригдлын тоо хүчин чадлаасаа 2-60 хүнээр хэтэрчээ. Мөн хоол хүнсний чанарыг сайжруулах тухай асуудлаар өнгөрсөн онд санал хүргүүлсэн ч санхүүжилтийг шийдвэрлэхгүйгээр өнөөдрийг хүрээд байна.
Дэлхийн дахинаа гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх үүднээс дараах гурван цогц арга хэмжээг авч хэрэгжүүлдэг байна. Эхнийх нь ял эдэлж байх явцад нь нийгэмшүүлэх ерөнхий хөтөлбөр. Удаах нь суллагдсаны дараагаар нийгмийн харилцаанд эргэн нэгтгэх, халамжлах хөтөлбөр. Харин сүүлийнх нь гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах нийгэмд суурилсан хөтөлбөр байдаг. Өөрөөр хэлбэл, ихэнх улс оронд гэмт этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр хяналт, хязгаарлалт тогтоох замаар ял эдлүүлэх нь эн тэргүүнд сонгон хэрэглэвэл зохих ял шийтгэлийн үндсэн хэлбэр гэж үзээд буй.
Товчхондоо аль болох хорихоос өөр төрлийн ялыг сонгох, гэмт хэргийн шинж байдлаас нь шалтгаалан ялыг ялгамжтай оногдуулах, гэмт хэргийн нийгмийн хор уршгийг ухамсарлуулах, өөрийн хөдөлмөрөөр нь учруулсан хохирлыг барагдуулах асуудалд анхаарах нь чухал байна.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ