2020 оны 6 дугаар сард Умард болон Өмнөд Солонгос хоорондын харилцаа хүйтэрч, хэд хэдэн сонирхолтой үйл явдал өрнөж байна.
Өмнөд Солонгосын төрийн бус байгууллагууд болон Умардаас дүрвэгсэд нийлэн Умардын нутаг дэвсгэр рүү суртал ухуулгын бөмбөлөг бүхий хуудас илгээсний улмаас эрх баригчид Өмнөдтэй бүх төрлийн харилцаагаа бүрэн тасалж байгаа тухай мэдэгдэл хийсэн. Үүний нотолгоо болгож 2020 оны 6 дугаар сарын 16- ны өдөр Кэсон хот дахь хоёр Солонгосын хооронд харилцаа холбоо тогтоох байрыг дэлбэлж, холбоо мэдээллийн бүх кабель, шугамаа таслаад байна.
Харин Умард Солонгост өрнөж буй бодит байдал болон дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлхий нийтэд цацаж буй мэдээлэл хоорондоо өөр байгаа ба барууны хэвлэл мэдээллийн байгууллагын өгч буй мэдээлэлд тэр бүр итгэж болохгүй бололтой. Үүний жишээ бол барууны бүх мэдээллийн агентлагууд Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг хагалгаанд орж нас барсан гэж мэдээлсэн ч тэрээр амьд байсан явдлыг дурдаж болно.
Умард Солонгосын удирдагчийн эрх мэдэл шилжих үйл явц, хоёр Солонгосын ээдрээтэй харилцаа, пуужингийн туршилт, хүнсний хомсдол, “СOVID-19” вирусийн тархалт зэрэг одоо өрнөж буй үйл явдлын дундуур Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нь зүрхний хагалгаанд орж, бие нь их муу байгаа талаар мэдээлснээ удалгүй түүнийг нас барсан тухай мэдээ дэлхийн гол гол хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тарсан. Гэвч удалгүй удирдагч Ким Жон Ун нь амьд байгаад зогсохгүй, бүр бордооны үйлдвэрийн нээлтэд оролцоод явж байлаа.
Гэхдээ АНУ-ын болон Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагын мэдээллээр бол Ким Жон Уны биеийн байдал маш хүнд, бараг “клиник үхэл”-ийн хэмжээнд байгаа нь үнэн бололтой.Үүний нотолгоо бол сүүлийн үед Умард Солонгосын төрийн дээд түвшиний шийдвэрийг түүний эмэгтэй дүү болох Ким Ё Жон нь дангаараа гаргаж байгаа байдлаас харж, таамаглаж болохоор байна. 2019 сүүлчээр эгнээндээ 3 сая гишүүнтэй Умард Солонгосын Хөдөлмөрийн намын удирдах зөвлөл хуралдаж, удирдагчийн биеийн байдал хүндэрч нас барах эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан үед хэрхэн ажиллах талаар авч хэлэлцээд удирдагчийн эмэгтэй дүү болох Ким Ё Жоныг залгамжлагчаар баталсан байдаг. Тэгвэл Ким Ё Жон гэж хэн бэ гэсэн асуулт гарч ирж байна. 1987 онд Умард Солонгосын хоёр дахь дээд удирдагч Ким Жон Илийн хамгийн бага охин болж төрсөн Ким Ё Жон нь одоо 33 настай, компьютерын шинжлэх ухааны мэргэжилтэй, нөхөр, нэг хүүхэдтэй эмэгтэй юм. Тэрбээр Хөдөлмөрийн намын үйл ажиллагаанд 2007 оноос хойш оролцож эхэлсэн, 2017-2019 онд Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байсан ба 2019 оны 4 дүгээр сард Улс төрийн товчооны гишүүнээр эргэн томилогдож байв. Тэрээр одоо Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Нэгдмэл фронтын газрын нэгдүгээр орлогч захирлын албан тушаалтай ба дараагийн удирдагчаар сонгогдох хамгийн магадлалтай хүнээр тооцогдож байна. Ким Ё Жон нь удирдагч ахынхаа хамгийн итгэлт хүнээр тодроод байгаа юм. Тухайлбал, 2018 онд Сингапурт болсон АНУ-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт, 2019 оны 2 дугаар сард Вьетнамын нийслэл Ханой хотод болсон АНУ-Умард Солонгосын уулзалт болон 6 дугаар сард хоёр Солонгосын цэрэггүй бүсэд болсон АНУ болон хоёр Солонгосын хооронд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ахынхаа хажууд ойр байж, түүнд тусалж байсан нь олны анхаарлыг татаж байв.
Умард болон Өмнөд Солонгосын хоорондын харилцаанд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар
Яг одоо УмардСолонгосын удирдлагын дээд түвшинд эрх мэдэл шилжих (power transition) процесс явагдаж байгаа ба өмнө нь явагдаж байсан шилжилтүүдээс онцлогтой байна. Энэ нь хамгийн түрүүнд Умард Солонгосын төрийн эрх мэдэл эмэгтэй хүний гарт анх удаа очих гэж байгаа явдал байх болно. Хэрвээ Ким Ё Жон эрх мэдэлд хүрвэл хамгийн түрүүнд дараах гурван гол асуудалтай нүүр тулах юм. Үүнд:
1. Дотоодын эрх мэдлийн төлөөх хөдөлгөөн:Ким Ё Жон нь Умард Солонгосын удирдагч болсон тохиолдолд нэн тэргүүнд өөрийн байр суурийг Хөдөлмөрийн нам, Засгийн газар, Улсыг аюулаас хамгаалах хороо, Армид бэхжүүлэх, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх, өөрийн багийг бүрдүүлэх, түүнд халгаатай хүмүүсээс салах ажлыг хийх ёстой болно.Одоогийн удирдагч ах нь 2011 оны 12 дугаар сард эрх мэдэлд хүрснийхээ дараа олон нийтэд мэдэгдэж буйгаар түүнтэй үзэл бодол, санал нийлээгүй эсвэл итгэл алдсан зэрэг шалтгаанаар 10 гаруй нам, төрийн өндөр албан тушаалтныг хүндээр шийтгэж, цэвэрлэгээ хийж байлаа. Харин эмэгтэй хүн иймасуудалд илүү хатуу шийдвэр гаргах магадлал өндөр, ялангуяа Умард Солонгосын улс төр, төрийн өндөр албан тушаалд эмэггэйчүүдийн эзлэх байр суурь бага, Азийн уламжлалаар эмэгтэйчүүд хоёрдугаарт тавигддаг улсад энэ нь бүр ч хэцүү асуудал байх болно. Умард Солонгосын нам, төр, засгийн өндөр албан тушаалд эмэгтэй алба хаагчид ховор бололтой, тухайлбал, нэг танхимт, 687 суудалтай Ардын Их Хурлын 2014 оны сонгуулиар 112 эмэгтэй гишүүн сонгогдож, энэ нь нийт гишүүдийн 16,3 хувийг эзэлж байв.
Дараагийн хүндрэлтэй асуудал бол Кимийн гэр бүлийн гишүүдийн ойрын хүрээлэлтэй учраа олох явдал бөгөөд Ким Ё Жоны эцэг болон ахад нь үнэнч хүмүүстэй учраа олох асуудал бий. Умард Солонгосын дараагийн удирагчдаар тодрох магадлалтай хүний тоонд тус улсын хоёр дахь удирдагч Ким Жон Илийн төрсөн дүү, өдгөө 66 настай дипломатч Ким Пёнг Илийг багтааж байгаа юм.
Тэрбээр нам болон төр засгийн түвшинд нэлээд нэр хүндтэй хүн ба олон жил гадаадад Умард Солонгосыг төлөөлж дипломат албанд элчин сайдаар ажиллаж байгаад 2019 онд Умард Солонгост буцаж ирээд байгаа юм. Одоогийн удирдагч Ким Жон Ун нь албан бус мэдээллээр 3 хүүхэдтэй ба том нь одоо 10 нас хүрч байгаа бололтой. Солонгост айлын хамгиин том хүү нь аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн өвлөн авч явдал уламжлалтай билээ. Дээрх бүх асуудлыг дотооддоо цогцоор шийдэхийн тулд багагүй ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай болох ба энэ процессыг олон нийтийн анхаарлаас холдуулахын тулд Өмнөд Солонгостой харилцаагаа зориудаар хурцатгаж байж болзошгүй байна.
2. Гадаадын улс орны дэмжлэг, хүчин зүйл: Умард Солонгосын эрх баригчдын тогтвортой байх гол үндсийн нэг бол гаднын улс орнууд түүний дотор БНХАУ, ОХУ, Куба зэрэг орны дэмжлэг чухал хүчин зүйл болохоос гадна Умард Солонгост хэн удирдагч болж, ямар бодлого баримталж ажиллах нь АНУ, Өмнөд Солонгос, Японд шууд хамааралтай байх болно. Тийм учраас дээрх орнууд Умард Солонгост эрх мэдэл шилжих процессыг нарийн ажиглаж байгаа нь тодорхой юм. Ялангуяа БНХАУ нь Умард Солонгостой тусгай харилцаатай, батлан хамгаалах болон эдийн засгийн салбарт хамтын ажиллагаатай, ялангуяа цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс шалтгаалан барууны хориг арга хэмжээнд орсон цагаас хойш БНХАУ-ын тусламж, худалдаанаас хараат болоод байна. 2019 онд Умард Солонгос нь БНХАУ-аас бараг 2,9 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортоор авсан бол 215,2 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийг БНХАУ-д экспортоор гаргажээ.Одоогоор БНХАУ-ын зүгээс Умард Солонгос эмэгтэй удирдагчтай болсон тохиолдолд дэмжлэг үзүүлэх тухай ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
3. Умард болон Өмнөд Солонгосын хооронд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар:2020 оны 6 дугаар сард Умард болон Өмнөд Солонгосын хооронд үүсээд буй асуудал нь дараах шалтгаантай байж болохоор байна. Нэгдүгээрт, өмнө дурдсан эрх мэдэл шилжих явцад дотоодод өрнөж буй улс төрийн асуудлаас дэлхий нийтийн анхаарлыг сарниулах, холдуулах зорилгоор зориуд үйлдэж буй алхам, хоёрдугаарт, улсын эдийн засгийн нөхцөл байдал, хүнсний хомсдолтой холбоотой гэж бодож байна. 2019ондУмардСолонгост сүүлийн 10 жилд тохиолдоогүй ган гачиг болж, ургац алдсан бе үүний улмаас нийт хүн амын 40 хувь нь хүнсний дутагдалд орж болзошгүй талаар НҮБ- ын хүмүүнлэгийн байгууллага мэдээлж байв. Умард Солонгос дахь НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс тус улсад 2008 оноос эхлэн их хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг тусламж хэлбэрээр өгч ирсэн байдаг.
Ялангуяа Өмнөд Солонгос улсаас ямар нэгэн онцлог үйл явдал, тухайлбал, хоёр орны харилцаа хүйтрэх, муудалцах, тус улсад сонгууль болох зэрэг үйл явцтай зэрэгцэн Өмнөдөөс Умардад их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн болон бусад төрлийн тусламжийг үзүүлж ирсэн. Тухайлбал, 2019 онд Өмнөд Солонгосоос ойролцоогоор 100 сая ам.долларын үнэ бүхий 50 мянган тонн цагаан будааг тусламж болгон өгч байв. Харин энэ жил ямар нэгэн тодорхой тусламжийг Өмнөдөөс Умард Солонгост үзүүлээгүй нь Умард Солонгост хүндээр тусаж байгаа бололтой байна.
Өмнөх тусламжийг тухайн үеийн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нар тус улсын Самсунг, Хюндай,LG, Киа зэрэг томоохон компаниудын тусламжтайгаар өгч байсан, гэвч эдгээр компани болон хуучин ерөнхийлөгч нарын хоорондын харилцаа, авлига, хээл хахуулийн хэрэг илэрч зарим нь шүүхээс ял авсан зэргээс шалтгаалан 2020 онд Умард Солонгост их хэмжээний тусламж үзүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа бололтой байна. Ядаж байхад дэлхий даяар “СOVID-19” вирус тархаж, БНХАУ-тай хиллэдэг хил, хилийн боомтуудыг хааж, хамгаалалтыг чангатгасан нь тус улсеас ирдэг тусламж, бараа, бүтээгдэхүүнийг үлэмж хэмжээгээр багасгаж, энэ нь эдийн засагт нь хүндээр тусаж байна. Умард Солонгосын эрүүл мэндийн систем сул, эмч, эмнэлгийн ажилтан, эм тарианы хүрэлцээ муу учраас тус улсын эрх баригчид уг вирусийг эх орондоо оруулахгүй байх талаар хатуу байр суурь баримталж, арга хэмжээ авч ажиллаж байна.
Хэрвээ Умард Солонгост эмэгтэй удирдагч тодорвол, тэрээр ямар улс орныг хүлээж авах бэ?
Хэрвээ Умард Солонгосын удирдагч нас барж, түүний дүү Ким Ё Жон дараагийн удирдагчаар тодорвол 25,5 сая хүнтэй, 120,5 мянган км/ кв газар нутаг (манай Дорнод аймгийн нутагтай ойролцоо)-той, эдийг засаг нь хүндэрсэн, иргэд нь хүнсний хомсдол, барууны хориг арга хэмжээнд орсон, дэд бүтэц болон эрүүл мэндийн систем нь сул улсыг хүлээж авна. Мэдээж өөрийн гэсэн үзэл суртал, бодлоготой Умард Солонгост сайн, муу янз бүрийн зүйл олон бий. Тухайлбал, одоогоор тус улсын эдийн засаг сул, барууны орнуудын хориг арга хэмжээнд орсон, хүнсний хомсдол нүүрлэсэн, худалдааны гол түнш БНХАУ-тай вирусийн асуудлаас болоод хил нь хаалттай, чөлөөтэй худалдаа хийж чадахгүй хүнд байдалтай байна. Түүнчлэн Өмнөд Солонгостой харилцаа муудсан амаргүй цаг үе таарч байна.Харин эерэг талаас харвал тус улсын эрх баригчид олон жил хичээсний үр дүнд цөмийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, дотооддоо цөмийн зэвсэг үйлдвэрлэж, амжилттай туршсан явдал нь тус улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангаж, гаднын аливаа улс орон шууд довтлох боломжийг үгүй хийж байгаа юм. 2019 оны байдлаар Умард Солонгос нь 20-30 нэгж цөмийн пуужинтай ба уг зэвсгээ 10 мянган км зайд хүргэх боломжтой пуужинтай болсон. Ингээд цаашдын үйл явдал хэрхэн өрнөх нь одоогийн удирдагчийн биеийн байдлаас шууд шалтгаалах болж байна.
ЗХЖШ-ын БСТГ-ын ахлах мэргэжилтэн, доктор (Рh.D), хурандаа Р.ЭНХБОЛД