Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монгол Улс папиллома вирусийн вакциныг нэвтрүүлэхгүй үлдэх үү


“Зууны мэдээ” сонин ээлжит эрэн сурвалжилгаараа эрүүл мэндийн салбар тэр дундаа умайн хүзүүний хорт хавдрын вакцины тухай хөндсөн билээ.
Өмнөх дугаартаа бид 2012 онд анх эхэлсэн вакцинжуулалт юунаас болж зогссон, үүний үр дүн ямар байсан талаар нийтлэлээ хүргэсэн. Тэгвэл энэ удаагийн дугаартаа дэлхийн бусад орнууд умайн хүзүүний хавдрыг хэрхэн ялсан болоод манай улс энэхүү хорт хавдрын эсрэг ямар бодлого баримталж буй тухай хүргэхээр бэлтгэлээ.
 
Австрали умайн хүзүүний хорт хавдаргүй улс болсон
 
Манай улсад умайн хүзүүний хорт хавдрын өвлөл эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хавдрын хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. 100.000 эмэгтэй тутамд умайн хүзүүний өмөн 19.1 хувь тохиолдож, жилд дунджаар 350-400 эмэгтэй уг өвчинд өртдөг аж. Эдүгээ умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээ, хяналтад 4303 хүн байна. Энэ нь нийт хавдрын 22 хувийг эзэлж буй үзүүлэлт ажээ. Монгол Улс ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг бууруулж, дөрвөн хувьд хүргэх зорилт тавьсан байдаг.
Манай улс 30-60 насны эмэгтэйчүүдийг гурван жил тутамд умайн хүзүүний хавдар илрүүлэх эсийн шинжилгээнд хамруулдаг. Гэвч нас зааж, бэлгийн харьцаанд ороогүй байх, жирэмсэн бол эрсдэлтэй зэрэг олон заалт байдаг нь иргэдэд ихээхэн төвөг учруулдаг ажээ. ХСҮТ-өөс гаргасан судалгаагаар 2023 онд буюу өнгөрсөн жил нийт 7244 хүн хавдраар өвчилсний 5.9 хувь буюу 425 хүн нь умайн хүзүүний хорт хавдраар оношлогджээ. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч папиллома вирусийн тархалт дэлхийд 12 хувьтай байдаг бол манай улсад 35-аас дээш хувьтай байгаа юм.
Дэлхийн хэмжээнд жилд дор хаяж 250 мянган эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын улмаас хорвоог орхидог. Эдгээрийн 90 хувь нь бага, дунд орлоготой улсуудад тохиолддог байна.
Харин умайн хүзүүний хорт хавдрыг ялан дийлсэн орон бол Австрали юм. Тус улсад 2012 онд манай улстай адил дархлаажуулалтын аян өрнөж, умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг товлолтод оруулж байв. Ийнхүү ХПВ-ийн эсрэг вакциныг амжилттай нэвтрүүлснээр таван жилийн дотор 18-24 насны эмэгтэйчүүдийн 77 хувьд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл буурсан, 20-24 насны эмэгтэйчүүдийн 34 хувьд хавдрын өмнөх шинж тэмдгийн илрэл буурсан. Харин 2024 онд 100 хувь энэхүү хорт хавдрыг ялан дийлсэн амжилтаараа дэлхийн сайн жишиг болоод байна.
Энэ тухай ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица өөрийн илтгэлдээ “Энэхүү хөтөлбөрт оролцогч улсуудын өвчлөлийг бууруулах хамгийн эхний алхам бол 9-14 насны буюу бэлгийн харилцаанд ороогүй өсвөр насанд нь охидод хүний папиллома вирусийн эсрэг вакцин хийж, болзошгүй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх юм” гэдгийг онцолсон байдаг. ХСҮТ-өөс 2012 онд  папиллома вирусын  эсрэг вакцин хийж эхэлсэн ч, тухайн үед зарим эмч нар болон эцэг эхийн эсэргүүцэлтэй тулснаар энэхүү ажил зогссон тухай бид өмнөх нийтлэлээрээ хөндсөн. Тэгвэл өнгөрсөн 12 жилийн хугацаанд бид дөрвөн мянган эмэгтэйг энэхүү өвчнөөр алдсан нь 2012 онд энэхүү дархлаажуулалтын ажлыг зогсоосонтой холбоотой. Хэрэв Австрали шиг вакцинд бүрэн хамруулж чадсан бол 4000 эмэгтэй амиа алдах, түүнээс ч олон охид бүсгүйчүүдийг урьдчилан сэргийлж чадах байлаа. 
 
30 наснаас энэхүү өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг
 
Энэхүү өвчнийг илрүүлэхэд хамгийн эхэнд эсийн шинжилгээ хийдэг ажээ. Энэ нь умайн хүзүүнээс сорьц авч микроскопоор шинжлэх арга. Харин гаднын орнуудад өөрсдөө тестээр үзэж түүнийгээ лабораторид шинжлүүлэх зэрэг технологийн өндөр түвшний тест ашиглах болжээ. Харин манай орны хувьд хараахан ийм төрлийн тест байхгүй. Тиймээс зөвхөн мэргэжлийн лабораторид хандаж шинжлүүлэх боломжтой юм. Дэлхий дээр энэхүү өвчний эсрэг вакцин хамгийн эрэлттэй дархлаажуулалтын тоонд ороод байна. Умайн хүзүүний хорт  хавдар нь  20-оос доош насныханд тохиолдох нь ховор. Харин 30 наснаас энэхүү өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг ба 50-аас дээш насныхан 75 хувь, 70-аас дээш насныхан 65 хувийн эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ. Өвчтөнүүдийг судлаад үзэхэд нийгэм эдийн засгийн хувьд бага орлоготой давхаргынхан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин, муу эмчилгээний тоног төхөөрөмж, хэвийн бус амьдралын хэвшил зэрэг нь гол хүчин зүйл болдог аж. Мөн эрт бэлгийн харьцаанд орох, бэлгийн олон хамтрагчтай байх, жирэмснээс хамгаалах эмийг олон жил уухад хавдраар өвдөх эрсдэл нэмэгддэг юм байна. Тиймээс манай улсын хувьд энэхүү вакциныг яаралтай хийж, охид эмэгтэйчүүдээ хамгаалах асуудал нэн тэргүүний асуудал болжээ.
 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 
ХСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа: Бэлгийн харилцаанд орохоос нь өмнө вакцин хийх шаардлагатай
-Умайн хүзүүний хорт хавдрын дархлаажуулалт 2012 онд эхэлсэн ч удаагүй  зогссон. Эмч нарын зүгээс эсэргүүцэж байсан нь өөрсдөө мэдлэг дутмаг байсантай холбоотой болов уу. Харин одоо энэ өвчний талаар харьцангуй ойлголттой болсон. Дэлхий дээр ч хорт хавдрыг ялан дийлсэн орнуудын жишээ байна. 12 жилийн өмнө гурван тун хийж дархлаа тогтоно гэж байсан бол ДЭМБ-ын хамгийн сүүлийн судалгаагаар нэг тун тариа хангалттай дархлаа тогтоож байгаа нь батлагдсан. Шинэ дархлаажуулалт нэвтрүүлэхдээ насыг нь тогтоохын тулд маш их судалгаан дээр тулгуурладаг. Энэхүү дүгнэлтийг Дархлаажуулалтын үндэсний зөвлөлдөх хороо баталдаг. Тэдний хувьд энэ удаад 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд хийхийг зөвлөсөн. Мөн дэлхийн жишиг ч энэ нас. Хамгийн чухал нь бэлгийн харилцаанд орохоос нь өмнө хийвэл илүү үр дүнтэй.
 
ХСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Папиллома вирусийн вакциныг  140 гаруй нь орон  дархлаажуулалтын хөтөлбөртөө оруулсан
-2030 он гэхэд дэлхийн 190 гаруй орон хүний папиллома вирусийн вакциныг нэвтрүүлнэ гэсэн зорилт тавьсан байдгаас одоогийн байдлаар 140 гаруй нь дархлаажуулалтын хөтөлбөртөө оруулчихсан явж байна. Харин манай улс энэ энэхүү вакциныг нэвтрүүлээгүй. Судалгаанаас харахад өвчлөлийн хувьд гүн хөх буюу өндөр эрсдэлтэй гэсэн бүлэгт багтаж байгаа юм. Энэхүү вакциныг хийж байгаа улсуудын хувьд ихэвчлэн сургууль дээр түшиглэж, хоёр хүйсдээ хийж байна. Хамрагдалтын хувьд эрт товлолт вакциндаа оруулсан АНУ, Австрали зэрэг улсад 90-ээс дээш хувийн хамрагдалттай байгаа юм. Харин гардасил вакцины хувьд 2009 онд ДЭМБ-ын батламжийг авсан. Үүнээс хойш улс, орнууд хэрэглэсээр байгаа. Тиймээс бидний хувьд энэхүү вакциныг нэвтрүүлж, дархлаажуулалтыг эхлүүлэхээр  ажиллаж байна. 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ