Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бэлгийн замын халдвараар зүүн бүс, хорт хавдраар Орхон тэргүүлж байна


Хүн амын халдварт болон халдварт бус өвчлөлд газар зүйн байршил, цаг агаар, тухайн нутаг орны онцлог шинж нөлөөтэй болов уу? Аль бүс нутагт ямар төрлийн өвчлөл өндөр байна вэ? Энэ талаарх Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хийсэн сүүлийн үеийн судалгааг танилцуулъя.

ХАЛДВАРТ ӨВЧИН
Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн дунджаар амьсгалын замын халдварт өвчний нийт 17240 тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 58 байна. 2021 онд амьсгалын замаар дамжин халдварладаг сүрьеэ, салхинцэцэг, ёлом, улаан эсэргэнэ, гахайн хавдар, менингококкт халдвар, улаанууд зэрэг 7 төрлийн өвчний нийт 2729 тохиолдол бүртгэгдсэн нийт халдварт өвчний 18.4 хувийг эзэлж байна.
Covid-19-ийн цар тахлын үед иргэд амны хаалт хэрэглэж заншин, халдвар хамгааллын дэглэм ягштал баримталж байсан учир 2021 онд амьсгалын замын халдвар өвчин өмнөх жилүүдийнхтэйгээ харьцуулахад буурчээ. Гэхдээ өвчлөл Улаанбаатар хот, зүүн бүсийн аймгуудад өндөр байсан бол хангай, баруун бүст харьцангуй бага байжээ. Дэлгэрүүлбэл, Улаанбаатар хот, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул аймгуудад амьсгалын замын өвчлөл өндөр байна. Эсрэгээрээ Завхан, Өмнөговь, Дундговь, Говь-Сүмбэр аймгуудад энэ төрлийн өвчлөл бага байх аж.
Амьсгалын замын халдварт өвчнүүдийн тоо, 2010-2021 он
Амьсгалын замын түгээмэл өвчлөлийн нэг хэлбэр нь сүрьеэ. Тэгвэл энэ өвчлөлөөр Төв аймаг тэргүүлж, Дархан-Уул, Сэлэнгэ, Улаанбаатар хот удаалжээ. Харин өвчлөл багатай аймгаар Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь аймгууд тодорч байв.
Сүүлийн үед хүн амын дунд чимээгүй тахал болоод буй бэлгийн замаар дамжих халдвараар зүүн бүсийн аймгууд тасархай тэргүүлж, араас нь хангайн бүс, Улаанбаатар хот, төвийн бүс удаалж, халдвар багатай бүсээр барууны бүс тодорчээ. Өвчний төрлөөр тэмбүү ихэнхи хувийг эзэлж, гоноккокт халдвар, трихомониаз нар үлдсэн хувийг эзэлжээ.
Бэлгийн замаар дамжих халдвар, 10 000 хүн амд, бүсээр, 2010-2021 он
ХАЛДВАРТ БУС ӨВЧЛӨЛ
Монгол Улсад 2016-2019 онуудад бүртгэгдсэн нийт тохиолдлын 62.1 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Осол гэмтлийн шалтгаант 10 шинэ тохиолдол тутамд 6 эрэгтэй, 4 эмэгтэй байжээ. Насны хувьд 5 хүртэлх нас, 25-29 насанд тохиолдлын түвшин өндөр байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор орчноос хамааралтай халдварт бус өвчлөлийн тэргүүлэх 10 шалтгаанд цус харвалт, зүрхний шигдээс, санамсаргүй осол гэмтэл, хавдар, амьсгалын замын архаг өвчин, астма, амьсгалын дээд замын цочмог өвчлөл, нярайн өвчин, санаатай осол гэмтэл зэрэг өвчнүүдийг оруулсан байна.
Хүн амын амбулаторын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан:
  1. Хоол боловсруулах тогтолцооны өвчин
  2. Зүрх судасны тогтолцооны өвчин
  3. Амьсгалын тогтолцооны өвчин
  4. Шээс бэлгийн тогтолцооны өвчлөл
  5. Гэмтэл, хордлого ба бусад шалтгаант өвчин
Хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгаан
Дээрх жагсаалтаас харахад монголчууд хоол боловсруулах тогтолцооны эрхтнүүд болох улаан хоолой, ходоод, нойр булчирхай, элэг, бүдүүн гэдэс, цөсөө ихээр гэмтээж байна. Мөн нэг онцлох үзүүлэлт байгаа нь зүрх судасны тогтолцооны өвчлөл нэмэгдэж байгаа аж.
Амьсгалын тогтолцооны өвчин баруун, төвийн болон зүүн бүсэд, хоол боловсруулах тогтолцооны өвчин баруун бүсэд, шээс бэлгийн тогтолцооны өвчин баруун болон хангайн бүсэд, зүрх судасны тогтолцооны өвчин хангайн болон баруун бүсэд улсын дундажтай харьцуулахад өндөр байна.
ХОРТ ХАВДАР
Монгол Улс дэлхийд хорт хавдрын нас баралтаараа нэгдүгээрт, элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа тэргүүлж байна. ДЭМБ-ын статистик мэдээлэлд зонхилох байрлалын хорт хавдрын өвчлөлд хөх, түрүү булчирхай, уушиг, бүдүүн шулуун гэдэс, умайн хүзүүний хорт хавдрууд байна.
Зонхилох арван байрлалын хорт хавдрын өвчлөл, хүйсээр 2021 он
Монгол Улсын хүн амын дунд 2021 онд 5981 хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдсэн ба зонхилон байрлалын хорт хавдрын өвчлөлийн бүтцэд элэгний хорт хавдар 32.7%, ходоодны хорт хавдар 16.1%, уушиг гуурсан хоолой хорт хавдар 7.5%, улаан хоолой 5.7%, умайн хүзүүний хорт хавдар 5.2%, нийт хорт хавдрын 67.2%-ийг дээрх хорт хавдрууд эзэлж байна. Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушиг гуурсан хоолой, улаанхоолой, бүдүүн, шулуун гэдэсний хавдар, эмэгтэйчүүдийн дунд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, улаанхоолойн хорт хавдар зонхилон эхний 5 байрлалд тохиолдож байна. Элэгний хорт хавдрын өвчлөлийн түвшин аль ч хүйсэнд хамгийн өндөр буюу 100 000 эрэгтэй хүн амд 68 тохиолдол, эмэгтэй хүн амд 52 тохиолдол байна.
Хорт хавдрын өвчлөлөөрөө Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Сүхбаатар зэрэг аймгууд тэргүүлж байгаа бол нас баралтаараа Архангай, Дорнод, Сүхбаатар, Увс, Хэнтий хошуулчилжээ.
Та бүхэн судалгаатэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл энд дарна уу
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ