Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ҮЦХ-гийн акталсан автомашин Дундговь аймагт ашиглагджээ


Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/-ын ээлжит бус XXII хуралдаан өнөөдөр /2024.07.24/ болж байна.
Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай асуудлыг хэлэлцэх үеэр төлөөлөгч нар актлагдсан эд хөрөнгө, барилга байгууламж дахин ашиглагдаж байгаад нийслэл хяналт тавьж байна уу гэдэг асуудлыг хөндлөө.
НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул:
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн актлагдсан автомашин Дундговь аймагт логотойгоо хэдэн жил явсан асуудал байдаг. Асуудалгүй байхад нь акталдаг. Нийслэлийн өмч, эд хөрөнгөд хэрхэн хяналт тавьж байна вэ?
Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа:
-Нийслэлийн өмчийн харилцааны газарт өмч эзэмшигч байгууллагаас актлах хүсэлт ирүүлэг. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг нь НИТХ-аар хэлэлцүүлж, актлах шийдвэр гаргуулдаг. Харин хөдлөх хөрөнгө актлах хүсэлт ирэхэд хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, актлах шаардлагатай эсэхийг хянуулдаг, дараа нь нийслэлийн Засаг дарга захирамж гаргадаг.
Дундговь аймагт ашиглагдсан автомашины тухайд судлаад хариулт өгч болно. Автомашиныг акталсан тохиолдолд бүртгэлээс хасуулж, дахин хөдөлгөөнд оруулахыг хориглодог.
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх:
-Барилга нь баригдахгүй зургаа долоон жил болж байгаа сургууль байна. Үүнээс болж хүүхдүүд 8 км явж, сургуульдаа очих болдог. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 30 дугаар сургуультай холбоотой хөрөнгө мөнгийг 2023 оны сүүлээр нийслэлийн төсөвт суулгаад өгсөн. 960 хүүхдийн суудалтай сургууль барина гээд шийдвэр гарсан. Гэтэл одоо барилгыг нь актлах асуудал орж ирж байна. Монголд барилгын ажил дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд л явдаг. Одоо эхлээгүй барилгын ажил хэзээ эхлэх вэ. Барилгыг нь актлах асуудлыг өнгөрсөн нэг, хоёрдугаар сард оруулаад ирж болдоггүй юм уу. Сурагчдын хаана шилжүүлэн сургах вэ?
Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа:
-Нийслэлийн 30 дугаар сургуулийн барилгыг барих хөрөнгийн асуудал 87 дугаар тогтоолоор шийдэгдсэн. Түүний дараа 30 дугаар сургуулиас актлах асуудлыг тавьсан. Цаг хугацааны асуудал гарсан. Бид уг барилгыг актлах асуудлыг өнгөрсөн зургадугаар сарын 20-нд өргөн барьсан ч өнөөдөр л хэлэлцүүлж байна. Энэ жилдээ барилгыг нурааж, дараа нь барилгын суурийг эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
НИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн:
-Есөн газраас нийслэлийн төсөвт 1.3 тэрбумыг төвлөрүүлэх санал танилцууллаа. Есөн газрын дөрөв нь  “Өсвөр үе хүнс”, “Хүнс хангамж төв”, “Багачууд хүнс”, “Асгат” гээд сургууль, цэцэрлэгийн хоол хүнсний асуудал эрхэлдэг хүнс хангамжийн газрууд байна.
Хүүхдийн хоол хангамжийн компаниудын ашгийг төсөвт  төвлөрүүлэхээр орж ирснийг гайхаж байна. Нохой тэжээдэг айлын нэг удаагийн хоолны өртөг нь 3000 төгрөг байдаг гэсэн. Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны өртөг 2475 төгрөг байгаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Энх-Амгалан гишүүнийг ажиллаж байхад бид энэ асуудлыг тавьж байсан. Хүүхдийн хоолны мөнгөний мөнгө бага байгаагаас шаардлагатай шимт тэжээлээ хоол хүнсээр авч чадахгүй байна, яаж ажиллах вэ гээд. Гурван жилийн хугацаанд НИТХ энэ асуудлаар маш олон удаагийн хурал хийсэн. Яамнаас мэргэжлтнүүд авч ирсэн, яаман дээр очсон, Нийслэлийн боловсролын газар оролцсон.
Хүүхдийн хоол хүнсний чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг ААН -үүд өөрсдөө ч хэлдэг. “Бидний тоног төхөөрөмж дутагдалтай” гээд. Эдгээр аж ахуй нэгжийн төсөвт төвлөрүүлэх орлогыг нь нэмэхээр хүүхдийнхээ хоолноос хумслах болно. Ямар үндэслэлээр энэ орлогыг төвлөрүүлэхээр оруулж ирэв.
Энэ асуудлыг би эсэргүүцэж байна, горимын санал гаргаж байна. Эдгээр дөрвөн аж ахуй нэгжээс орлого төвлөрүүлэх нэрээр хүүхдийн хоолноос хумслахыг би зөвшөөрөхгүй гэв.
Нийслэлийн 30 дугаар сургуулийн барилга нь 1996 онд ашиглалтад орсон, гурван давхар, 3693 м/кв талбайтай юм байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр барилга нуралтад орж, даацын хийц эвдрэл гарч эхэлсэн, дулаан алдагдал ихтэй, шугам сүлжээнд тогтмол засвар үйлчилгээ хийж байгаагүйгээс мөн эвдэрчээ. Тиймээс хуучин барилгыг нурааж, 11665 м/кв талбайтай шинэ сургуулийн барилга барихаар төлөвлөсөн юм байна.
Төлөөлөгч нар санал хэлэх шатанд нийслэлийн өмчийн газарт анхаарах шаардлагатайг мөн сануулсан юм. Учир нь, нийслэл өмчит газар дээр сургууль, цэцэрлэг баригдаж амжаагүй байхад газар дээр нь өөр зориулалтаар барилга обьект баригдах вий гэдэгт анхаарал хандуулж ажиллахыг хүсэв.
Мөн НИТХ-ын хуралдаанд оролцож, төлөөлөгч нарын асуултад хариулт өгч буй дарга нар бүрэн хэмжээний хариулт өгч чадахгүй байгааг төлөөлөгч нар шүүмжиллээ. НИТХ-ын ирц тааруун дээр холбогдох дарга нарын зарим нь оролцоогүйд ч шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2740611/
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ