Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нэг өрх-нэг мод аян хэрэгжинэ

НИТХ-ын ээлжит VI хуралдаан өнөөдөр болж, дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан юм. Тэрбээр агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах зорилт тавин ажиллаж байгааг онцолж, мөн дулаан алдагдал, хатуу түлшний хэрэглээг бууруулах, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн олноор байгуулахаар зорьж байгаагаа хэлж байлаа. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд удаан насжилттай тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлах, шатахууны стандарт мөрдүүлэх гэх мэт ажлыг хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн газрын гүний дулааныг ашиглах технологи нэвтрүүлэхээр судалж байна. Өнгөрсөн 2019-2020 онд нийслэлийн иргэд 446631 тонн шахмал түлш хэрэглэсэн бол 2020-2021 онд энэ тоо 704634 тонн болж, нэмэгджээ. Энэ нь Засгийн газраас сайжруулсан шахмал түлшийг хөнгөлөлттэй үнээр борлуулж эхэлсэнтэй холбоотой юм. Мөн шахмал түлшний тээвэр хийдэг 22 компани байсныг 37 болгон нэмэгдүүлж, тэдгээр тавих шаардлагыг багасгасан байна. Түүнчлэн “Нэг өрх-нэг мод” аяны хүрээнд 100 хороонд 37 мянган мод, тарьц, суулгац, шаардлагатай шороо зэргийг өгнө. Арчилгааг иргэд өөрсдөө хариуцах юм. НИТХ-ын төлөөлөгчдийн хувьд хяналтын 4500 гаруй байцаагчийн тоог цөөрүүлж, технологийн дэвшил ашиглах, долоон хоногт олгодог зургаан шуудай шахмал түлшний тоог нэмэгдүүлэх санал, хүсэлт хэлж байлаа.
НМХГ амны хаалтаас дээж авч, шинжилгээнд өгчээ
Үүний дараа коронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис танилцуулсан. Өнөөдөр Улаанбаатар хотод халдвар авсан 864 хүн шинээр бүртгэгдэж, нийт халдвартай хүний тоо 30170 болоод байна. Эмнэлэгт 3662, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 7629 хүн байгаа юм. Нийт 106 хүн нас баржээ. Шинжилгээний найман цэг, тандалтын 46 баг ажиллаж байна. Мөн нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын I тунд 614256, II тунд 291900 хүн хамрагджээ.
Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн иргэдийн I тунг хийж дуусах бол II тунд тавдугаар сарын 29 гэхэд хамруулж дуусахаар төлөвлөжээ. НИТХ-ын төлөөлөгчид коронавирусээр өөр өвчин байгаад анхаарал хандуулж, дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг хүссэн. Түүнчлэн НМХГ-аас амны хаалтаас дээж авч, шинжилгээнд өгсөн. Шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа гэсэн юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “УОК голлох шийдвэр гаргаж, НОК зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа. 13 мянган төрийн алба хаагч бэлэн байдалд шилжин ажиллаж байна. УОК, НОК зөрчилдсөн зүйл байхгүй. Цаашид зохион байгуулалтыг улам сайжруулж, 1.5 сая иргэнийхээ төлөө хариуцлагатай ажиллана” гэлээ.
НОСК-ыг өөрчлөн байгуулах асуудлыг хэлэлцлээ
“Төрийн орон сууцны корпорац”, “Нийслэлийн орон сууц корпорац”-ийг нэгтгэж, Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулахаар болсон. Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар энэ тухай танилцууллаа. “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК нь 2015 онд байгуулагдсан бөгөөд “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”, “Түрээслээд өмчлөх орон сууцны журам”-ыг батлуулж, түрээслээд өмчлөх, газрыг орон сууцаар солих, дахин төлөвлөн барилгажуулах замаар 7000 гаруй айлыг орлогод нийцсэн орон сууцаар хангаад байна. “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийг өөрчлөн байгуулах асуудалд хувьцаа эзэмшигч буюу НИТХ-ыг төлөөлж ажиллах төлөөлөгчдийг томилж, Засгийн газар, салбарын яамдтай саналын нэгдсэн байр сууринд хүрч, хувьцаа эзэмшигчдийн саналыг тусган НИТХ-д танилцуулахаар боллоо.
Үүний дараа НИТХ-ын төлөөлөгчдөөр дамжуулж, иргэдээс ирүүлж байгаа саналуудтай холбоотойгоор ОНХС-гийн хөрөнгийг баталсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, 2021 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулсан. Тогтоолын төслийг батлахаар санал явуулахад НИТХ-ын төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжиж, батлагдлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ